Хуульчид “тоглоомын дүрэм”-ээ баталлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Хуульчид “тоглоомын дүрэм”-ээ баталлаа

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм болоод Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүд, хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг батламжилсан талаар Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх болон төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч О.Мөнхсайхан нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Хуульчдын анхдугаар их хурал өнгөрөгч есдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдаж Монголын Хуульчдын холбооны зохион байгуулалт, албан тушаалтнуудын бүрэн эрх, үйл ажиллагаатай холбогдсон хуулиар зохицуулаагүй харилцааг төлөөлөгчид хэлэлцэн Хуульчдын холбооны дүрэм болон холбооныхоо ерөнхийлөгчийг сонгосон.

Мөн Хуульчдын холбооны гишүүний татварын хэмжээг хэлэлцэн хуульчид сард 20 мянган төгрөгийн татвар төлөхөөр баталсан. Уг хурлаар Хуульчийн мэргэжлийн дүрмийн төслийг хэлэлцсэн ч дүрмээ дахин нарийвчлан хэлэлцэх шаардлагатай хэмээн хойшлуулсан юм.

Ингээд өнгөрөгч амралтын өдрүүдэд дахин их хурлаа хуралдуулан дүрмээ эцэслэн баталсан аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан УИХ-аар хэлэлцүүлэн 2012 оны гуравдугаар сарын 7-ны өдөр батлуулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль нь тус салбарт үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх бодлогын суурийг тавьсан. Энэ хуулийн дагуу  төр өөрийн эрх мэдлийг Хуульчдын холбоонд шилжүүлж, хуульчид өөрсдийн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан Хуульчдийн Анхдугаар их хурлаар Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг хэлэлцүүлж батлах боломжтой болсон байна.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийнх нь үзэл баримтлал нь хууль зүйн үйлчилгээ хүссэн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн өмнө яллагдагчийн гэм бурууг нотлох болон гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх прокурорын хариуцлагыг өндөржүүлснээр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зэрэг ач холбогдолтой юм.

Дүрэм нь хуульчийн хүлээх үүргийг дэлгэрэнгүй, нарийвчлан зохицуулж өгсөн учраас биелүүлж хэрэглэхэд хялбар, гарын авлага болж байгаа бөгөөд хуульчийн үүргийг тодорхой зааж, хариуцлага хүлээх үндэслэлийг тодорхойлж өгснөөрөө энэ дүрмийн заавал биелэгдэх шинж хангагдаж байгаа аж.

Хэрэв дүрмийн заалтыг зөрчсөн тохиолдолд сануулах, шүүхэд төлөөлөх эрх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг хариуцлага үйлчлэх юм байна.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж