Утаа их гаргадаг машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Утаа их гаргадаг машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн замын хөдөлгөөнд бохирдол, утаа их гаргадаг авто машиныг оролцуулахгүй байхаар боллоо.  Урьд, урьдын жилүүдэд утаа их гаргадаг машиныг явуулахгүй гэдэг байсан ч энэ удаад явуулын оношлогооны аппараттайшалгалтын гурван машин хотын замаар явж, тогтмол шалгалт хийж, арга хэмжээ авахаараа онцлог юм. Агаарын бохирдлыг буурулах, хяналт шалгалтыг сайжруулах зорилготой захирамжийг 2013 оны зургадугаар сарын 11-нд гарсан бөгөөд өнөөдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ.

 Энэ хүрээнд өнөөдөр Зам,  тээврийн яам, Нийслэлийн замын цагдаагийн газар, Агаарын чанарын алба, Авто тээврийн үндэсний төвийн удирдлага болон албан  хаагчид хотын замаар гэнэтийн шалгалт хийж байна. Ингэхдээ явуулын аппараттай хяналтын гурван машинаар цагдаагийн албан хаагчид, шинжилгээний мэргэжилтнүүд утаа их гаргаж буй, удаан наслалттай байж болох машиныг зогсоож, шалгалт хийж байгаа юм. Хяналт, шалгалт хийх багажийн хувьд автобензин болон дизель хөдөлгүүртэй машины утаа хаялтын хувийг тогтоох боломжтой. Жилдээ нэг удаа хийдэг авто тээврийн хэрэгслийн оношлогооноос ялгарах онцлог нь зогссон, мотор ачаалалгүй үед шалгах биш, энэ удаагийн шалгалтаар машиныг нормаль үед нь болон, хүчийг нь авахуулж хаазлах үед шалгаснаар утаа хаях хувийг үнэн бодит тогтоож чадах тухай мэргэжилтнүүд онцолсон. Шалгалтаар утаа хаялтын хувь зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд авто машины улсын дугаарыг хурааж авч, замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм. Хэрэв утаа их хаядаг машинаар замын хөдөлгөөнд удаа дараа зөрчин оролцсон  тохиолдолд машиныг журмын хашаанд аваачих, мөнгөн торгууль ногдуулах хүртэл арга хэмжээ авах ажээ.

Ийнхүү жилд нэг шалгадаг авто тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогооноос гадна агаарын бохирдлыг бууруулах зорилгоор их утаа хаядаг машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шалгалтыг тогтмол хийж байхаар боллоо.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж