-АН-д байгуулагдсан “Жигүүр”-ийнхэн намын дүрэмд өөрчлөлт оруулах, Үндэсний зөвлөлдөх хороог аравдугаар сард багтаан хуралдуулах, ҮЗХ-ны 228 гишүүнийг дахин шинээр сонгох, Их хурлыг хуралдуулах зэрэг хэд, хэдэн шаардлагыг намын удирдлагад тавьсан. Тэдний шаардлага зөв үү, та “Жигүүр”-ийнхнийг дэмжиж байгаа юу?
-“Жигүүр”-т байгаа хүмүүс манай АН-ын гишүүдийн нэг хэсэг. Дүрмийнхээ хүрээнд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлээд явах эрх нь бий. Гол нь намын удирдлагууд тэднийг сонсч, бололцоотой шаардлагыг нь хүлээж аваад, болохгүйд нь хариулт өгөөд явах ёстой л гэж бодож байна. Би АН дотоод ардчилалтай байх, дүрэм журмаа мөрддөг, дарга нь гишүүддээ тайлангаа тавьдаг байх ёстой гэдгийг байнга сануулж ирсэн гишүүний нэг. Ер нь бол Гүйцэтгэх зөвлөлөөр өнгөрсөн есдүгээр сард ҮЗХ-г хуралдуулах эсэх тухай яриад “УИХ-аар Улстөрийн намуудын тухай хуулийг баталсны дараа намынхаа дүрмийг нийцүүлээд явъя” гэж үзээд ҮЗХ-г хуралдуулах асуудлыг хойшлуулсан. АН-ын гишүүдийн олонхи нь ҮЗХ-г яаралтай хуралдуулах шаардлага байна гэж үзсэн нөхцөлд дахиад Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, энэ асуудлыг ярих ёстой. Намын даргын зүгээс ч санаачлага хэрэгтэй гэж бодож байна.
-“Жигүүр”-ийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга дэмжиж байгаа гэх мэдээлэл дуулдах болсон. Та энэ асуудлаар сайдтай санал солилцсон уу?
-Х.Баттулга сайдтай энэ асуудлаар санал солилцсон юм алга.
-Аймгуудын АН-ын хороодоос нэлээд нь “Жигүүр”-ээс тавьж буй шаардлагыг дэмжиж байгаа. Баянхонгор аймгийн АН-ын хороо ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Аймгийнхаа АН-ын хорооныхонтой энэ асуудлаар санал солилцож амжаагүй л явна.
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласнаар нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Үр дүн ямар байна вэ, өмнөх Засгийн газартай харьцуулахад?
-Шинэчлэлийн Засгийн газрын хувьд болгож бүтээж байгаа юм ч байна, болохгүй ч зүйл харагдаж л байна. Засч залруулж байгаа юм ч байна, залруулах гээд бүр муутгаж байгаа ч юм харагддаг.
-Тэгэхээр Засгийн газар дунд зэрэг ажиллаж байна гэсэн үг үү?
-Амлалт өгч байсан үеийнх шигээ ажиллаж чадахгүй байгаа. Сайдын албанд томилогдож байхдаа их л том амлалт өгцгөөсөн, гэвч түүндээ хүрч ажиллаж байгаа нь маруухан л харагддаг.
-Намрын чуулганаар Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд хоёрыг огцруулна гэх яриа байх юм?
-Хөрөнгө оруулалтын орчин муудаж, Оюутолгойд асуудал үүссэнийг зөвхөн энэ хоёр сайдтай холбон хариуцлага тооцох асуудал хөндөх нь шударга биш. Өнгөрсөн жилүүдэд хуримтлагдсан асуудал ийм байдалд хүргэсэн шүү дээ. Хоёр сайдын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлого 20-иод жилд хуримтлагдсан алдааг зогсоох хэмжээнд хүрэхгүй байгаа нь үнэн. Тийм учраас 20-иод жилийн алдааг хоёр сайдад тохох нь зохисгүй.
Харин Шинэчлэлийн Засгийн газар төрийн данхайсан бүтцийг багасгаж, цомхон чадварлаг болгох. Төрийн эдийн засагт оролцох оролцоог бууруулах, хувийн хэвшлийг жигд дэмжих зэрэг бодлогыг тууштай хэрэгжүүлж ажиллах ёстой. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хийсэн ажлыг нь харахаар цөөн хэдхэн компанийг дэмжиж байгаагаас цааш хэтэрсэнгүй. Мөн зах зээлийг жамаар нь хөгжүүлэхийн оронд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэх юмаар улам боомилж байна. Тодорхой хугацаанд зарим салбарт энэ талын арга хэмжээ авч болох л байх, мөнхийн ийм арга хэрэглэх боломжгүй шүү дээ. Ийм зүйлийг Монгол Улс социализмын жилүүдэд хийх гэж оролдоод бүтээгүй. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар үүнийг хийх гэж оролдож байгаа нь маш буруу юм. Нефтийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд нефть импортлогч компаниудтай гэрээ байгуулан ажилласан. Тэгтэл өнгөрсөн долоо хоногт “Магнай трейд” компани Аи-92 авто бензинийхээ үнийг литр тутамд 50 төгрөгөөр нэмсэн, хувийн компаниуд алдагдал хүлээгээд яваад байж чадахгүй учраас хүсэн хүлээсэн үр дүнд хүрч чадахгүй нь гэдгийг 50 төгрөгийн нэмэгдэл харууллаа шүү дээ. Тийм болохоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талд илүү бодлогоо тодорхойлж ажиллах нь ирээдүйг харсан алсын бодлого болох болов уу. Түүнээс өрсөлдөөнийг хязгаарласан, хэдхэн компанийг дэмжсэн, үр дүнгээ өгөхгүй зах зээлийг эвдэх бодлогод татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж болохгүй.
-Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд жилийн найман хувийн хүүтэй зээл олгосон нь зөв алхам байсан ч нөгөө талдаа үнийг улам ташуурдаж өсгөлөө. Энэ бас алдаа юу?
-Ипотекийн найман хувийн зээлийг нүдээ олсон зөв бодлого гэж харж байгаа. Үнэ өссөн нь түр зуурын хөөсрөл болов уу. Төрөөс дэд бүтцийг нь дэмжээд, барилгын компаниуд нийслэлийн хэмжээнд хэд, хэдэн дүүрэгт орон сууцны томоохон хорооллууд барьж байгаа. Эхнээсээ хямд үнэтэй орон сууц нийлүүлэгдээд, олон компани орон сууц бариад эхлэхээр үнэ буурна гэж бодож байна.
-Намрын чуулганаар хэлэлцэх “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл дээр та ямар байр суурь барьж байгаа вэ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь 50 гаруй алтны ордыг ашиглах боломж нээгдэж хэл амтай хумьсан уул усны бодлогоо эргүүлээд алдах нь гэж их шүүмжилж байгаа?
-“Урт” нэртэй хуулийг баталсан нь буруу байжээ гэж нэг хэсэг нь ярьж байна лээ. Тэгж үзэж болохгүй. Энэ хуулийн концепци нь зөв. Уул усыг нөхөн сэргээхэд олон зуун жил шаарддаг, хэт уул уурхайг шүтээд хариуцлагагүй уул уурхайг хөгжүүлэх юм бол олборлосноосоо илүү хор хохирлыг бий болгоно. Тийм болохоор бодлоготой хандах ёстой. Гэхдээ бас хэт туйлширч болохгүй, хэрэгтэй цагт алтаа олборлох л ёстой. Нэг ёсны “Урт” нэртэй хуулийн концепцио бариад хэт туйлшралгүйгээр “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг баталчих ёстой л гэж бодож байна.