Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөгөөн боллоо

Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ХК-иас Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг Багануур дүүрэгт зохион байгууллаа.

Найм дахь удаагаа болж байгаа энэ зөвлөгөөнд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, тус газрын  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн дарга Х.Авирмэд, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Дэд бүтэц, эрчим хүчний хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал нар оролцож эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар үг хэлж, илтгэл тавьж, санал шүүмжлэл өрнүүллээ.

Зөвлөгөөнд оролцогчид салбарын хэмжээнд гарч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн түвшинд гарч байгаа осол аваар, хүндрэл бэрхшээлийг өөр өөрийнхөө байгууллагын жишээн дээр тодорхой ярьж, учир шалтгааныг нь тунгаан хэлэлцүүлж, цаашид эдгээр дутагдлыг гаргахгүй байх арга замын талаар зөвлөлдсөн юм.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд салбарын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн олонхи шинэчлэгдсэн учраас анхаарч ажиллах зүйл нэлээд олон байгааг салбарын удирдлагууд хэлж байна. Түүнчлэн улсын төсөв, санхүүгийн байдалтай уялдан хөрөнгө оруулалтыг бууруулах шийдвэр гаргахдаа үйлдвэр компаний удирдлагууд хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хамгаалалтын хувцас хэрэглэлийн зардлыг танаж байгааг мэргэжилтнүүд шүүмжиллээ.Зөвлөгөөнөөс салбарын нийт хамт олонд хандаж уриалга гаргалаа.

Мөн зөвлөгөөнд оролцогчид энэ зун ашиглалтад орсон Салхитын 50 мегваттын хүчин чадалтай Салхин цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсан юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж