Бүлгийн хуралдаанаар 2014 оны Төсвийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүдийн байнгын хороонд харъяалагдахгүй, эрх нь зөрчигдөж байгаа асуудал зэргийг онцлон хэлэлцсэн байна.
2014 оны Төсвийн төслийг энэ долоо хоногт анхны хэлэлцүүлэг хийх ёстой ч МАН-ын бүлгийн зүгээс 2014 оны төсөв батлахаас өмнө өнгөрсөн оны буюу 2013 төсвийн гүйцэтгэлийг эргэж харах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан, МАН-ын гишүүд байнгын хороонд харъялагддагүй байх хугацаанд баталсан төсвийн гүйцэтгэлийг эргэн харах ёстой. 2013 оны төсвийн зарлага их, орлого бүрдүүлэлт муу байсан зэрэг олон шалтгаан байгааг МАН-ын бүлэгийн гишүүд онцолсон байна. Тухайлбал, Төсвийн зарлага буюу орон тооны нэмэгдэл, олон орлогч, яамдын тоо зэрэг зарлага нэмэгдүүлэх олон хүчин зүйл байсан гэлээ. Тиймээс 2013 оны төсвийн гүйцэтгэлийг нэгтгэн харж, сайд, Засаг дарга нарын дэргэдэх санг шалгах, Төсвийн зарлагыг хянах ажлын хэсэг МАН-ын бүлгээс байгуулж ажиллахаар болсон байна. Ингэж байж 2013 оны Төсөвт тодотгол хийх эсэхийг хэлэлцэх ёстой гэлээ. Хэрэв 2013 оны Төсөвт тодотгол хийх шаардлагатай бол үүнийг хурдан хийх ёстой гэж МАН-ын бүлэг үзсэн байна. Мөн бүлгийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийн өмнө МАН-ын бүлэг сайд нар, Монголбанкны ерөнхийлөгч, Хөгжлийн банкны удирдлага зэрэг холбогдох хүмүүсээс мэдээлэл авахаар болсон бөгөөд үүний дараа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаараа ярилцахаар болжээ.
Бүлгийн хуралдааны дараагийн мэдээлэл нь УИХ-ын гишүүд байнгын хороонд тэгш бус харъяалагдаж байгаа гэх асуудал байжээ. МАН УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу тогтсон хугацаанд албан ёсны бүлэг байгуулах хүсэлтээ ирүүлээгүй гэх шалтгаанаар бүлгийн гишүүдээ байнгын хороонд харьяалуулж чадахгүй байсан юм. Гэхдээ тэд албан ёсны бүлэгтэй болсныхоо дараа зарим гишүүдээ байнгын хороонд оруулсан ч асуудал тэгш хэмжээнд шийдэгдээгүй хэмээн МАН үзэж байгаа ажээ. Тиймээс МАН-ын бүлэг Үндсэн хуулийн Цэцэд хандаж, МАН-ын гишүүдийн бүрэн эрхэд ялгавартай хандсан эсэхийг судалж, шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргахаар болсон байна. Мөн энэ чиглэлээр УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан ажиллахаар болжээ.