Өндөр цалинтай хүмүүсээс авах татвар нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Өндөр цалинтай хүмүүсээс авах татвар нэмэгдэнэ

Татварын ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэд Татварын багц хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд  уг хуулиудыг энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм.  Татварын багц хуулийг өөрчлөх болсон гол зорилго нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох,  хоёрдмол салаа утгагүй, даган мөрдөхөд энгийн, ойлгомжтой болгож байгаагаа  Татварын ерөнхий газрын удирдлагууд тайлбарлав.  Улсын төсөв нэг их наяд 500 тэрбумаар тасарч байгаа энэ үед Татварын багц хуулиудад өөрчлөлт оруулах болсныг Засгийн газар татвар нэмэх замаар төсвийн цоорхойг цойлдох нь ээ хэмээн эдийн засгийн хүрээнийхэн хардах болсон. Тэгвэл улсын төсвийн алдагдал  Тагварын багц хуулийн өөрчлөлтөд ямар ч хамааралгүй гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Монгол Улсад хөдөлмөр эхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг өсөлтийг хөгжүүлэхэд дэмжлэг болохуйц ойлгомжтой, шударга, олон улсын жишигт нийцсэн тогтолцоог бүрдүүлэхийн тулд 2007 онд дөрвөн “10-ын бодлогыг хэрэгжүүлсэн. Үүний ачаар 2009 оны хямралыг хохирол багатай давах туулсан гэж эдийн засагчид магтдаг. Тэгвэл  далд эдийн засгийг бууруулах, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс зарим хуулиудад нэмэлт өөрчлөлт хийх, шинэчлэх, зарим хуулийг шинээр батлах шаардлагатай болсон байна. Татварын багц хуулийн хүрээнд 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх замаар эдийн засгийг дэмжихээр болсон байна.  Үүний хоёр нь цоо шинэ хууль гэдгийг ТЕГ-ынхан дуулгасан. Тодруулбал, Хотын татвар, Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварыг шинээр авахаар болж байгаа юм.

 Нийслэл хот болон аймаг, улсын чанартай хотуудад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээс хотын татварыг авахаар тооцжээ. Энэ хүрээнд 0.1-0.3 хувийн татварын тогтолцоог бүрдүүлэх юм байна. Харин орон сууцнаас  татвар авахгүй гэх мэдээллийг тэд өглөө.  Хөрөнгө оруулалт, хөдөлмөр эхлэлтийг дэмжих үүднээс шинээр бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлөх, өндөр технологи, инновацийн үйл ажиллагааг дэмжих, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой  аж ахуйн нэгжүүдийн төлсөн орлогын татварын 90 хувийг буцаан олгох, татварын алдагдал тооцох хугацааг уртасгах өөрчлөлтүүд ч энэхүү багц хуулийн хүрээнд хийгдэхээр төлөвлөгджээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон Хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт оруулахаар Сангийн яамныхан ажиллаж байгаа ажээ. Дээрх хуулиудад өөрчлөлт оруулснаар өндөр цалинтай хүмүүсээс өндөр татвар бага цалинтай хүмүүс бага татвар авах тогтолцоо бий болох аж.

“Цалин, хөлснөөс авах татварыг өөрчилснөөр өндөр цалин өгөх компани олдохгүй, компаниуд цалингаа нэмэхээс татгалзах тохиолдол гарч магадгүй юм биш үү?” гэсэн сэтгүүлчийн асуултад, Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Д.Бадрал “Цалингийн ялгавартайгаар татвар төлдөг явдал аль ч улсад байдаг. Ингэснээр монгол хүнийг өндөр цалинтай ажиллах газар цөөрнө гэж айх хэрэггүй” хэмээн зөвлөнө лээ. Гэхдээ энэ асуудлыг тодорхой төвшний хүрээнд дахин ярих байх гэдгийг ч хэлсэн.  Байгал бохирдуулсан татварөөр гэр хорооллынхноос хураамж авч магадгүй гэсэн яриа байгаа. Тэгвэл нөхөн сэргээлтээ хийгээгүй орхисон компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд татварыг нь  нэмэгдүүлэх аргачлалаар асуудлыг шийднэ гэж тойруу замаар хариулсан. Тэгэхээр агаар бохирдуулсан татварыг гэр хорооллынхноос авч магадгүй нь бололтой.  

Өв залгамжлагчдын татварын хувьд аль улс оронд байдаг татвар. Манайхан үүнийг сүрхтэй хүлээн авах хэрэггүй гэдгийг зөвлөсөн юм.  Хурлын  үеэр 2014 онд хийгдэх цахим татварын шинэ систем болон татвар төлөгчдөд зориулсан ухаалаг гар утасны үйлчилгээг гаргаж буйгаа дуулгалаа. Татварын салбарт дээр шинэчлэлийг хийснээр төтвөр төлөгчдийн цагийг хэмнэнэ гэж үзэж байгаа юм байна. Аравдугаар сарын 7-ны байдлаар улсын хэмжээнд төсвийн орлого 83.3 хувьтай байгаа юм байна. Монгол Улс одоогоор Люксенбург, Нидерланд, Зувейт, Эмираттай давхар татвараас чөлөөлөх гэрээ байгуулаад байгаа ажээ.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж