Х.Баттулга амралтын өдөр ургацын талбайд өнжив

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Х.Баттулга амралтын өдөр ургацын талбайд өнжив

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрөөр Төв аймгийн Цээл, Угтаалцайдам, Жаргалант сумдад ургацын талбайд ажиллалаа. Төв аймаг тариалалтын хэмжээгээрээ улсдаа хоёрт ордог, төмс, хүнсний ногоо, үр тариа, тосны, тэжээлийн ургамал тариалдаг юм. Тус аймгийн хувьд энэ жил 59394 га-гаас үр тариа, 5015 га-гаас төмс, 867 га-гаас хүнсний ногоо, 3486 га-гаас тэжээлийн ургамал, 16380 га-гаас тосны ургамал хурааж авах юм. Харин энэ сарын 4-ний байдлаар нийт ургацынхаа 67 хувийг хураан авсан мэдээтэй байна.

Угтаалцайдам сумын төвд энэ жил 36 000 тонн үр тариа хадгалах хүчин чадалтай Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн элеватор ашиглалтад орсонд тус бүс нутгийн тариаланчид ихэд баяртай байлаа. Чанарын шаардлага хангасан улаан буудайг энэ жил ТЭДС тонныг нь 320 мянган төгрөгөөр худалдаж авч, мөн тушаасан 1 тонн буудай тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон байгаа. Үүнээс гадна ТЭДС-ийн элеватор байрлаж байгаа газраас 100 км-ын тойрог дотор байгаа аж ахуйн нэгжийн буудайгаа тээвэрлэх зардлыг төрөөс даахаар зохицуулсан нь тариаланчдад хүрч буй бодит дэмжлэг юм. Угтаалцайдам сумын төвд шинэчлэн засварлаад ашиглалтад оруулж байгаа 36 000 тонн-ын багтаамжтай элеваторт Төв аймгийн хэмжээний бүх тариаланчдын нийлүүлсэн улаанбуудайг худалдан авч хадгалах боломжтой ажээ. ҮХАА-н яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ “Чанарын шаардлага хангасан улаан буудайг зориулалтын элеваторт 7 жил ч хадгалж болдог” хэмээн уг элеваторыг танилцуулах үеэрээ ярьж байна.

Сайдыг ургацын талбайд ирэхийн өмнөх шөнө бага хэмжээний цас орж, хурааж амжаагүй үр тариа налсан, чийгтсэн зэрэг шалтгаанаар үр тариагаа хураахаа түр завсарласан тариаланчид ч байлаа. Газар тариалангийн салбарын хувьд тэнгэр хангайн ааш ариншингаас ихээхэн хамааралтай ажилладаг учир энэ сарын 9-нийг хүртэл цаг агаар тогтуун байх төлөвтэй байгаа, энэ үеийг ашиглаад л өдөр шөнөгүй ажиллахад үлдсэн тариагаа бараг хураагаад дуусчих байх хэмээн тариаланчид ярьж байлаа.

Тариан талбайд мал орж нэг захаас нь комбайн, нөгөө талаас нь мал үр тариа хурааж ажилд нь ихээхэн хүндрэл учруулдаг талаар тариаланчид учирлан ярьж байлаа. “Үр тариа гэдэг зөвхөн тариалан эрхлэгчийн хөрөнгө биш улсын маань нийт иргэд гурилтай байх эсэхтэй холбоотой асуудал. Харин мал бол тухайн малчны мэдлийн өмч, тэгэхээр үүнийг хуулиар зохицуулж, бодит хариуцлага хүлээдэг болгох хэрэгтэй” хэмээн тэд учирлав.

ҮХАА-н сайд Х.Баттулга Төв аймгийн Угтаалцайдам суманд энэ жил ашиглалтад орж байгаа 36 000 тонн-ын элеватор хэвийн ажиллаж байгаа эсэхтэй танилцаад, Цээл сумын хадлан бэлтгэлийн ажлын явц, Жаргалант сумын “Жаргалант Харвест” ХХК-ийн үтрэм, “Дэлгэр уянга” компанийн төмсний талбай, “Хөх баянбулаг” ХХК-ийн үтрэмээр орж цаг агаар хүйтэрсэн, бага хэмжээний цас орсон өдөр ургац хураалтын ажил газар дээрээ ямар байгааг үзэж, тариаланчдынхаа санал хүсэлтийг сонсоод ирэв. Манай улс төмсний хэрэглээгээ 100 хувь дотоодын ургацаар хангаж байгаа. Төмс тариалах, хураах явцад гар ажиллагаа их шаарддаг учир “Дэлгэр уянга” компанийнхан цэргүүд авч ажиллуулж байгаагаа танилцуулав. Тэдний хувьд кг төмсөө бөөнөөр нь ченжүүдэд 200-250 төгрөгөөр худалддаг, гэтэл лангуун дээр 900-1000 төгрөг байдагт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байлаа. Энэ жил Шинэлчлэлийн Засгийн газар ногоочдоо дэмжих зорилгоор Улаанбаатар хотод хүнсний ногоо борлуулах 28 цэг нээж, шинэ ургацын ногоогоо ченжүүдээр дамжуулалгүй хэрэглэгчид хүргэх боломж олгосон юм.

ҮХАА-н сайд Х.Баттулга: Дараагийн алхам техникийн шинэчлэл, тусгай сортын бүтээгдэхүүнд гаргах

Газар тариалангийн салбарын хөгжлийн дараагийн алхам нь хөрс болоод техникийн парк шинэчлэл, мөн тусгай сортууд бий болгох явдал. Өнөөдөр хэрэглэж байгаа бүтээмж муутай хуучирсан, ашиглалтын зардал ихтэй техник хэрэгслүүдээ шинэчлэх нь манай тариаланчдын хувьд чухал байгаа. Урт хугацааны лизингээр үүнийг хийх боломжтой. Мөн хөрсний үржил шимээ сайжруулж, хөдөлмөрийн үр дүнгээ нэмэгдүүлэхийн тулд сайн бордоо хэрэглэх ёстой. ҮХАА-н яамны зүгээс үүнд анхаарч байна. Ингэснээр үр тариа, төмс хүнсний ногооны тусгай сортууд бий болгож, түүнийгээ дотоодын болоод дэлхийн зах зээлд санал болгож байж энэ салбар бие дааж, хөгжих боломжтой.

Тариаланчид улаан буудайн үнэ хямд байгааг онцлон цаашид үнэ нэмэгдүүлэх саналтай байгаагаа Х.Баттулга сайдад онцлон ярьж байлаа. Гэхдээ улаан буудайн үнэ нэмэгдэх тусам гурилын болон гурилан бүтээгдэхүүний үнэ өснө. Тэгтэл импортын гурил болон буудайн үнэ хямд байх юм бол зах зээлийн зарчмаар дотоодын өндөр үнэтэй бүтээгдэхүүн зарагдахаа болино. Хэрэв ингэвэл тариалангийн болоод гурил үйлдвэрлэлийн салбарын хөгжил зогсонги байдалд орж дампуурах ч эрсдэл байгааг тариаланчид ойлгох ёстой болов уу. Дотоод гадаадын зах зээлийн судалгаа, үр тарианы болон гурил үйлдвэрлэлийн бодит өртөг гэх мэт олон хүчин зүйлийг ҮХАА-н яам судалж, тариаланчид болон гурил үйлдвэрлэгчдийн аль алиных нь санал байр суурийг сонсч байж ТЭДС-ийн 320 мянган төгрөг гэдэг үнийг гаргасан гэдгийг ҮХАА-н яамны ГТБХЗГ-ын дарга Ц.Ренчинсэнгээ тайлбарлаж байлаа.

Монгол Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 9 дүгээр сарын 5-наас эхэлж өнөөдрийн байдлаар  58.3 мянган га талбайг ангилан хадаж, 42.9 мянган га талбайг цайруулж, 125.0 мянган га талбайг шууд хурааснаар нийтдээ 170.7  мянган га-гаас 228.3 мянган тонн үр тариа, 12.6 мянган га-гаас 165.6 мянган тонн төмс, 7.2 мянган га-гаас 90.3 мянган тонн хүнсний ногоо, 8.4 мянган га-гаас 30.8 мянган тонн тэжээлийн ургамал, 17.5 мянган га-гаас 14.5 мянган тонн тосны ургамал  тус тус хураан аваад байна. Ургац хураалтын явц үр тарианы тарималд  58.8 хувь, төмснийх 85.0 хувь, хүнсний ногооных 95.3 хувьтай  явагдаж байна. Ургац хураалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа  11.6  хувиар, төмс, хүнсний ногооны хураалт 4.7 – 5.5 хувиар тус тус ахиу байна.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж