Гурван сумыг хамарсан гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Гурван сумыг хамарсан гал гарчээ

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт энэ сарын 05-нд хээрийн түймэр гарч, хоёр аймгийн гурван сумыг хамран, их хэмжээний талбай шатжээ. Галыг унтаарахад нийт 368 хүн, 37 автомашинтай ажиллаж, түймрийг өнөөдөр 05.00 цагт бүрэн унтраасан байна.

Гал гарах үед түймрийн голомтод Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас нийт 90 гаруй албан хаагч ажилласан ч салхины чиглэл байнга өөрчлөгдөж, хурд 12-14 м/сек хүрч байсан тул түймэр тархаж, унтраах нөхцөл байдал хүндэрчээ. Иймд, Улсын Онцгой комисс болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн хурлыг яаралтай хуралдуулж, нэмэлтээр Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн Ой, хээрийн түймэртэй тэмцэх бүлгийн 20 албан хаагчийг МИ 171Е маркийн нисдэг тэргээр хээрийн түймрийн голомтод хүргэжээ. Ийнхүү богино хугацаанд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд зэргэлдээх Матад сум руу хээрийн түймэр орох байсныг зогсоож, галыг бүрэн унтрааж амжсан байна.

Түймрийн шалтгаан нөхцлийг холбогдох мэргэжлийн байгууллагаас шалгаж байна. Урьдчилсан байдлаар, түймрийг Дорнод аймгийн 9 дүгээр багийн иргэн П 60 настай, Аксент маркийн ДОР 32-12 дугаартай автомашинтай явж байгаад автомашины янданд нь өвс хураагдаж, гал гаран автомашин шатсаны улмаас түймэр алдсан байж болзошгүй гэж үзэж байна. Иймд, намрын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэд замд гарахдаа орон нутгийн Онцгой байдлын албанаас зөвшөөрөл авч, галын аюулгүй байдлыг сайтар хангаж замд явахдаа автомашины утааны янданд өвс хуримтлагдсан эсэхийг шалгаж, өвс ихтэй газраар  явахгүй байх, ил задгай гал түлэхгүй байхыг  Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Хавар, намрын хуурайшилт ихтэй үед хээрийн түймэр тухайн орон нутагт хэдэн м/сек салхитай  байгаагаас шалтгаалан өөр хурдтай тархдаг. Хуурайшилт ихтэй үед жишээлбэл, 12-14 м/сек хүчтэй салхитай үед талын түймэр салхины чиглэлийн дагуу 1 минутад 720 метр хүртэлх талбайд тархах боломжтой юм байна.

Мөн аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн “Лам шувууны хоолой” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2013 оны 10 дугаар сарын 06/ тус сумын болон Гурванзагал сумын нийт 30 иргэн  ажиллаж түймрийг бүрэн унтраасан.      

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын  2 дугаар багийн нутаг “Сэвсүүл” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2013 оны 10 дугаар сарын 06/ тус сумын иргэд, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн албан хаагчид нийт 78 хүн ажилалж  түймрийг бүрэн унтраасан.            

Дорнод аймгийн Халхгол сумаас зүүн тийш 30 км-т  “Хуучин нарс” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2013 оны 10 дугаар сарын 06/ тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж түймрийг бүрэн унтраасан.

Мөн аймгийн Чойбалсан сумаас зүүн тийш 70 орчим км-т “Сүхийн өндөр” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2013 оны 10 дугаар сарын 06/ тус сумын Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 4 дүгээр заставын албан хаагчид ажиллаж түймрийг бүрэн унтраасан. Чойбалсан сумын нутаг “Догногор”-ын гүүрийн орчмоор хээрийн түймэр гарсныг  тус тус унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдын зааг “Харгилтайн гол”-ын баруун талд хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2013 оны 10 дугаар сарын 06/ тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран түймрийг унтраахаар ажиллаж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж