Роббен Японы эсрэг тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

Роббен Японы эсрэг тоглоно

Ирэх долоо хоногт болох Недерланд болон Японы шигшээ багийн хэсгийн хоёр дахь тоглолтод “Улбар шарууд”-ын шилдэг тоглогч оролцох боломжтой болсон байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Унгар улсын шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтод “Нисдэг” голландчууд 6:1 харьцаатай ялалт байгуулсан боловч тоглолт өндөрлөхөөс тавхан минутын өмнө Арьен Роббен гэмтэл авч хөлбөмбөгийн их баяр наадмад оролцох эсэх нь эргэлзээтэй болсон билээ. Түүний шөрмөсний гэмтэл харьцангуй хурдан илааршиж байгаа бөгөөд бямба гаригийн өглөө ӨАБНУ-д байрлаж байгаа шигшээ багтайгаа нэгдэж очжээ. Голландын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Берт Ван Марвик “Ямар ч эрсдэл байхгүй, сүүлийн хэдэн өдөр түүнээс хангалттай сайн шинжилгээ авсан” гэжээ.

1974, 1978 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд араалан шигшээ тоглолтод шалгарч байсан хөлбөмбөгийн баялаг түүхт Недерландын шигшээ багийнхан дэлхийн аваргын эхний тоглолтоо Дани улсын шигшээтэй, 19-ний өдөр Япон улсын шигшээ багтай, улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо 24-нд Камеруны багтай тус тус хийх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж