О.Батмөнх: Японы “Мицубиши-Чиёода” болон Солонгосын “Самсунг” компани..

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

О.Батмөнх: Японы “Мицубиши-Чиёода” болон Солонгосын “Самсунг” компани..

О.Батмөнх:
Японы “Мицубиши-Чиёода” болон Солонгосын “Самсунг” компанийн шилдэг
инженерүүдтэй хамтран ажилласнаар ажилтнууд маань илүү их чадваржиж,
туршлагажих болно

Өнөөдөр
Монгол улсад орчин үеийн олон давхар зочид буудал, сүлжээ
байгууллагууд, шинэ нисэх онгоцны буудал гээд олон улсын стандарт,
шаардлагад нийцсэн барилгууд баригдаж байна. Энэхүү бүтээн байгуулалтын
ажлуудын ерөнхий гүйцэтгэгчээр дэлхийд нэрээ гаргасан компаниуд тодорч,
тэд туслан гүйцэтгэгч байгууллагуудаа олон үзүүлэлт шаардлагын дагуу
сонгон шалгаруулж байна.

Эдгээрээс Төв аймгийн Сэргэлэн сумын
Хөшигтийн хөндийд баригдах Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх
онгоцны буудлын ажлыг шинэчлэлийн засгийн үед гардан хэрэгжүүлэхээр
болоод байгаа билээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын бетон зуурмаг
нийлүүлэх тендерт үндэсний жишиг үйлдвэрээр тодорсон “Премиум Конкрит”
компани шалгарсан юм. Энэ тухай тус компанийн гүйцэтгэх захирал
О.Батмөнхтэй энэ талаар уулзаж ярилцлаа.


– Олон улсын
шинэ нисэх онгоцны буудлын төслийн ажил эхэлсэнд хүн бүхэн баяртай
байгаа. Эх орны хөгжилд хувь нэмрээ оруулах энэ төслийн ажилд бетон
зуурмаг нийлүүлэх компаниар шалгарсанд баяр хүргэе. Энэ төслийн тухай
товч мэдээллийг манай уншигчдад өгнө үү.

– Хэд хэдэн засгийн
газрын нүүр дамжин, судалгаа шинжилгээ хийгдэж, хөрөнгө оруулалтын
асуудлууд яригдан удааширч байсан энэ төсөл энэ жилээс ажил хэрэг болж
байна. ЗГ-аас энэхүү бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх тендер зарлан
ялагчаар Японы “Мицубиши Чиёода” консерциум сонгогдон тэд Солонгосын
“Самсунг” корпорацийг барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр сонгосон.
Эдгээр компаниуд хамтран ажиллах байгууллагуудаа олон улсын стандарт,
шаардлагын дагуу сонгож байгаа нь ойлгомжтой. Төслийг гүйцэтгэгч
“Самсунг C&T” компани бетон зуурмагийн үйлдвэрүүдийн дунд тендер
зарлаж, бид ялагчаар тодорсондоо баяртай байна.

Барилга,
байгууламжийн чанар нь бетоны чанараас шалтгаалдаг гэдэг. Тиймээс ийм
чухал бүтээгдэхүүн нийлүүлэх компанийг сонгоно гэдэг их хатуу шалгууртай
байсан байх.

“Samsung C&T” компаниас шинэ нисэх онгоцны
буудлын бүтээн байгуулалтын ажилд бетон зуурмаг нийлүүлэх компанийг
тодруулах тендер зарласан. Тендерт монголын шилдэг 10 гаруй компани
өрсөлдсөн бөгөөд 7 сард ялагчаа тодруулсан.

Тэд бүтээгдэхүүний
стандарт шаардлагад нийцсэн байдал, компанийн тогтвортой, хариуцлагатай
үйл ажиллагаа эрхлэх чадвар, менежментийн баг болон мэргэжилтнүүдийн ур
чадвар, дадлага, туршлага, үйлдвэрийн болон лабораторийн багаж
төхөөрөмж, техник хэрэгсэл, хийж гүйцэтгэсэн ажлын туршлага, далайц,
тэдгээр нь олон улсын стандартыг хангаж чадаж байгаа эсэх гээд олон
шалгуур үзүүлэлтийг тооцож ямар нэгэн эрх ашиг харалгүйгээр зөвхөн ОУ ын
хэмжээний төслийн шаардлага бүрэн хангаж байна уу гэдгээр нь сонголтоо
хийдэг юм байна.

Бид 8 сард төслийн ерөнхий гүйцэтгэгчидтэй
240,000м3 бетон зуурмаг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурж,
баталгаажуулсан. Төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор бид Итали улсаас
цагт 120м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай 3 үйлдвэр авчирч,
суурилуулахаар болсон. Эхнийх нь 10 сарын сүүлээр, нөгөө хоёр нь 11
сардаа багтан ирнэ. Энэ ондоо багтаад үйлдвэрүүдээ шинэ нисэх онгоцны
буудлын хажууд суурилуулна. Нисэх буудлын барилгын талбайд 3 үйлдвэр
суурилуулах суурийн болон зам, талбай, цахилгаан, худаг г.м дэд бүтцийн
ажил хийгдээд эхэлсэн ,хуваарийн дагуу 70% тай явж байна.

2014
оны хавраас онгоцны буудлын буух зурвасын хучилтын ажлыг хийж эхлэнэ.
Бид гэрээнд хүлээсэн ажлуудаа чанартай, хугацаанд нь гүйцэтгэх болно.
Одоогоор шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний барилгын
суурийн бетон цутгалтын ажил хийгдээд эхэлсэн байгаа.

– Танай компани ямар шалгуур үзүүлэлтээр бусдаас давуу байсан гэж өөрснийгөө дүгнэж байна вэ?


Байгуулагдсан цагаасаа салбартаа тэргүүлэгч болох, олон улсын стандарт
шаардлагад нийцсэн, жишиг үйлдвэр болохын тулд олон улсын стандарт
хангасан шинэ бүхнээс суралцаж, өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг
хичээж, хүний нөөцөө сургах, судалгаа, шинжилгээний ажилд хөрөнгө
оруулалт хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, тоног төхөөрөмж зэрэгтээ
байнгын сайжруулалтыг хийж ирсэний үр дүн гэж бодож байна. Мөн хийж
гүйцэтгэж байсан томоохон төсөл, гүйцэтгэсэн ажлууд, лабораторийн
гэхээсээ илүү эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, шинэ нисэх онгоцны
буудлаас 35 км-ын зайд орших шинээр байгуулагдаад удаагүй байгаа
карьерийн үйлдвэр, олон улсын чанарыг хангасан сертификат гээд олон
зүйлийг ч дурдаж болно.

– Олон улсын чанарыг хангасан сертификат гэж дурдлаа. Энэ сертификатыг хаанаас олгодог вэ?


Бид өөрийн бүтээгдэхүүнийхээ чанарыг дэлхийн стандарт үзүүлэлтүүдэд
нийцэж байгаа эсэхийг шинжлүүлэх хэрвээ тийм бол баталгаажуулах
зорилгоор Америкийн Бетоны Институтэд хандан хүсэлт гаргасан юм. Бидний
хүсэлтийн дагуу Америкийн Бетоны Институтын эрдэмтэн, зөвлөх Лук Снелл
өнгөрөгч оны 11 сард ирж ажиллан, зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаа,
технологи, үйлдвэрлэлийн явцтай танилцан, шаардагдах судалгаа,
шинжилгээг хийж, дүгнэлтээ гаргасан юм. Улмаар Америкийн Үндэсний Бетон
зуурмагийн Ассосиацаас манай компанийн бетон зуурмагийг шинжээчийн
шалгалтыг амжилттай давж, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгдэн,
хэрэглэгчдэд нийлүүлэгдэж байна хэмээн баталгаажуулж сертификат олгосон
юм.

– Лабораторийн үйл ажиллагаа нь эрдэм шинжилгээний судалгаа тал руугаа байдаг гэж онцолсон. Энэ талаар тодруулаач.


Манай компанийн хувьд өмнө нь нийлүүлэгчдээсээ авдаг элс, хайрга,
дайрга цемент, нэмэлт бодисуудыг өөрийн лабораторидоо шинжлэн, шаардлага
хангасан тохиолдолд үйлдвэрлэлд оруулдаг байсан цөөхөн хэдэн компанийн
нэг. Бид 20 гаруй лаборатори технологийн инженер техникч нартай. Бүх
лабораторийн ажилчдаа Америкийн Бетоны Холбоо (ACI) ны сертификаттай
болгохоор сурган бэлтгэж байгаа. Швейцари улсын бетоны мэргэжилтэн
инженер Кристофер Харинг, Америкийн Бетоны Институтын эрдэмтэн, зөвлөх
Лук Снелл, Канад улсын мэргэжилтэн химич Жамес Мооре, дотоодоос МУ-ын
зөвлөх инженер Б.Лхагваа нарын нэр хүндтэй хүмүүсийг урьж ажиллуулан
өөрийн инженерүүддээ сургалт явуулж хамтарсан туршилтууд байнга хийсээр
ирсэн. Мөн бид Японы Тохоку Их Сургуулийн профессор Денил Пушпалалтай
нэг жил гаруй хугацаанд зөвлөхийн гэрээ хийн хамтарч ажиллаж байна. Япон
зөвлөхтэйгөө хамтран байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх
талаар олон туршилт, бүтээгдэхүүн гаргаж байгаа. Түүний дотроос ялангуяа
бүтээгдэхүүний чанарт олон талын эерэг нөлөө үзүүлдэг цахилгаан
станцийн дэгдэмтгий үнсийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх зорилгоор олон
туршилт судалганы ажил эхлүүлээд явж байна. Цахилгаан станцийн хаягдал
дэгдэмтгий үнсийг хаялгүйгээр барилгын материалын үйлдвэрлэлд стандарт,
технологийн шаардлагын дагуу өргөнөөр ашигладаг болох юм бол үйлдвэрлэгч
бидний зүгээс байгаль экологидоо үнэтэй хувь нэмэр оруулж байгаа явдал
болно гэж ойлгож байгаа.

– Өнөөдөр байгаль орчинд ээлтэй
бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тухай их ярих болсон. Энэ талаар та бүхэн
багагүй ажил хийж байгаа бололтой.

– Сонгон шалгаруулалтад
нөлөөлсөн нэгэн давуу тал маань манай компанийн цагт 200 тонн уулын
чулуу бутлах хvчин чадалтай, Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах манай
карьерийн үйлдвэр байсан гэж дээр хэлсэн. Шинэ нисэх онгоцны буудлаас
35км-ын зайд оршдог давуу талтай. Гэхдээ энэ үзүүлэлтээс илүү үйлдвэртээ
БНСУ-ын Samyoung брэндийн байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжийг
суурьлуулсан нь нөлөөлсөн гэж боддог. Бутлагдаж байгаа түүхий эдийн
тоосыг агаарт дэгдээлгүйгээр тус бvр 400м3/мин хvчин чадалтай тоос сорох
2 тоног төхөөрөмжөөр сорж цэвэрлэдэг давуу талтай. Мөн бид уулын
чулуугаа тээрэмдэж угаан технологийн өндөр шаардлага хангасан хиймэл элс
Монголдоо анх удаа гарган авах зорилгоор импакт бутлуур суурилуулан
ашиглахад бэлэн болоод байна. Элс болон миксер угаасан усаа 95% хүртэл
цэвэршүүлэн буцаан ашигладаг технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Тиймээс
үйлдвэрийн орчин тойронд хийгдэж байгаа, хийгдэх дахин сэргээлтийн
эдгээр ажлууд бидний тендерт ялахад нөлөөлсөн. Ер нь бид үйл
ажиллагааныхаа шат дамжлага бүрт байгаль дэлхий, хүрээлэн буй орчиндоо
ээлтэй байхыг чухалчилдаг. Бид миксерээ угаасан бетон зуурмагтай усаа
хөрсөнд шууд асгалгүйгээр 3 усан сангаар шүүн усаа дахин ашигладаг.

Премиум Конкрит Бетон зуурмагийн үйлдвэр.
Зүүн гар талаас: Нэйшнл
Инженеринг Группийн Ерөнхий захирал А.Ганболд, УИХ-ийн дарга З.Энхболд,
Премиум Конкрит ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Батмөнх, УИХ-ийн гишүүн
С.Одонтуяа, БХБЯаны сайд Ц.БАЯРСАЙХАН


Үндэсний үйлдвэрлэгчдэд Засгийн Газрын дэмжлэг их хэрэгтэй. Үйлдвэрлэгч
болон Засгийн Газрын хоорондын харилцаа холбооны тухайд…


Төрийн үүрэг нь зөв бодлого журмаар л бизнесийн салбараа дэмжихэд
оршдог. Өнгөрөгч 9 сард Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Барилга,
Хот Байгуулалтын Яамны сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар
болон нийслэлийн холбогдох албаны хүмүүс нийслэл хотод өрнөж буй бүтээн
байгуулалтын ажилтай танилцангаа манай үйлдвэрийн үйл ажиллагаатай
танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцсон. Засгийн
газраас манай үйлдвэрийг үндэсний жишиг үйлдвэр болгон хөгжүүлэх тал
дээр хамтарч ажиллан, бодлогын түвшинд шаардлагатай дэмжлэг туслалцааг
үзүүлж байгаад бид талархаж байгаагаа сонины хуудсаар дамжуулан
илэрхийлж байна.

– Аливаа байгууллага хийж бүтээснээрээ
бахархдаг. Танай компани байгуулагдаад удаагүй ч хийж бүтээсэн зүйл их
байх. Энэ бүхнээсээ онцлоод нэгийг нь дурдаач гэвэл…

– Бид
“Самсунг” корпорацийн монголд хэрэгжүүлж байгаа 3 том төсөл болох Шинэ
нисэх буудлын төсөл, Шангри-Ла зочид буудлын барилга, MCS цамхагийн
барилга дээр хамтран ажиллаж байна.

Энд би Төв аймагт байрлах
Нью Ком ХХК ийн хөрөнгө оруулалтаар баригдсан Салхит уулын Салхин
цахилгаан станцын 31 салхин сэнсний суурийг Австралийн Leighton компаний
мэргэжилтнүүдтэй хамтран хийснээ онцлон дурдмаар байна. Эдгээр
сууриудын бетон нь өндөр бат бэхтэй, хөлдөлтөнд тэсвэртэй 5% агаарын
агууламжтай гэх мэт маш хатуу шаардлагатай байсан. Энэ 8 сарын хамтын
ажиллагааны үр дүнд манай инженер техникийн ажилтнууд бетоны талаар илүү
их, нарийн мэдлэг эзэмшиж, хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хэрхэн
хангаж ажиллах тухайд ихээхэн туршлагатай болсон.

– Тендэрийн
ялагчаар тодорч, эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ
оруулах болсон нь бахархалтай. Ач холбогдол, ашигаа хэрхэн дүгнэж байна
вэ?

– Эх орны хөгжил цэцэглэлттэй холбоотой энэ төсөлд 100
хувийн дотоодын хөрөнгө оруулалттай манай компани гар бие оролцох болсон
нь нэр төрийн хэрэг. Нөгөө талаар мөнгөөр үнэлж баршгүй хөрөнгө
оруулалтыг өөрийн байгууллагадаа авчирч чадна гэж үзэж байна. Газар
хөдлөлт ихтэй Япон улсад бетон зуурмагаа чанарын өндөр түвшинд хийдэг
тул гадаадын улс орнууд тэдний туршлагийг нь өндрөөр үнэлдэг. Бид Японы
“Мицубиши Чиёода” болон Солонгосын “Самсунг” компанийн шилдэг
инженерүүдийн байнгын хяналтанд 3 жилийн турш бетон зуурмагаа нийлүүлэн
үйл ажиллагаагаа явуулсанаар ажилтнууд маань илүү их чадваржиж,
туршлагажих болно. Чадварлаг хүний нөөц гэдэг бол бидний хамгийн том
баялаг, “Премиум Конкрит” брэндийн үнэ цэнэ юм.

“Премиум
Конкрит” компанй зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлээд удаагүй ч олон
улсад хүлээн зөвшөөрөгдөх эхний алхамуудаа амжилттай бүтээж чадсан нь
брэнд бий болоход цаг хугацаа чухал бус алс хэтийг харсан зөв бодлого,
зөв менежментийг дэлхийн шилдэг технологийн дэвшилтэй хослуулан
ажиллавал амжилтанд хүрч болохын жишээг бусаддаа үлгэрлэж байна гэсэн
бяцхан дүгнэлтээр яриагаа өндөрлөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж