Байт харвааны ДАШТ өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Байт харвааны ДАШТ өндөрлөв

Байт харвааны насанд хүрэгчдийн 2013 оны  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 06-ны өдрүүдэд Туркийн Анталья хотноо болж өнгөрлөө.

47 дахь удаагийн ДАШТ-нд 69 орны 441 тамирчин рекурв /70 метр/, компаунд /50 метр/ гэсэн хоёр төрлөөр эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, багийн, холимог багийн төрөлд цэц сорьлоо.

Монгол улсын эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Ю.Ганзориг нарын удирдлагад цэц сорьлоо.  Манай тамирчид recurve буюу олимпийн зайд өрсөлдсөн бөгөөд эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Урантунгалаг (“Хангарьд” клуб), ОУХМ А.Энхтуяа (“Хангарьд” клуб), ОУХМ Н.Ариунбилэг, эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Долгорсүрэн нар оролцлоо.

Монголын тамирчдаас ОУХМ Ж.Гантөгс шилдэг 32-т багтсан амжилтыг үзүүллээ.

Рекурв төрлийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 69 орны 146 тамирчин урьдчилсан харваанд онч сорьсноос ОУХМ Ж.Гантөгс 20-р байраар шалгарсан. Улмаар хасагдах шатанд Финландын Самули Плиппог 5:5 (0:2, 0:2, 2:0, 2:0, 1:1), хоёрдугаар тойрогт Чилийн Гуиллермо Агуиларыг 6:5 (2:0, 1:1, 2:0, 0:2, 1:1)-ийн харьцаагаар буулган авснаар шилдэг 32-т багтсан юм. Шөвгийн 16-д шалгарахын тулд урьдчилсан харваанд 13-р байраар шалгарч Энэтхэг, Польшийн тамирчдыг ялсан Европын аварга Недарландын Рик ван дер Вен харваж, ялагдал хүлээсэн.

Бусад тамирчдын тухайд ОУХМ Б.Долгорсүрэн, ОУХМ Б.Урантунгалаг нарын хувьд 1/64-д шалгарсан амжилтыг үзүүллээ.

Эрэгтэй баг нийлбэр дүнгээр 3880 оноогоор 37 улсаас 17-р байр эзлэв. Тус багийн хувьд 16-р байранд орсон тохиолдолд багийн харваанд орох байсан бөгөөд Их Британи 3887 оноогоор шилдэг 16-д багтсан. Эмэгтэй баг нийлбэр дүнгээр 3847 оноогоор 32 улсаас 22-р байр эзэллээ. Харин холимог баг нийлбэр 2633 оноогоор 18-р байрт (46 орноос) шалгарсан байна.


47 дахь удаагийн ДАШТ-нд оролцсон 69 орноос 15 орон ямар нэгэн медаль хүртсэнээс БНСУ 5 (гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл), Дани (2+0+1), Недарланд (1+2+0) улсууд медалийн тоогоор тэргүүлсэн байна. БНХАУ нэг мөнгө, ОХУ нэг мөнгө, нэг хүрэл медаль тус тус хүртжээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж