
Канадын парламент 1992 онд жил бүрийн зургадугаар сарын гурав дахь долоо хоногийг Холбооны төрийн албаны долоо хоног (National Public Service Week, NPSW) болгон тэмдэглэх шийдвэр гаргажээ.
Лиссабон хотноо энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгожээ. Учир нь энэ өдөр тус хотод төрсөн хувилгаан Антонийн өдрийг тэмдэглэдэг байна.
Өдрийн ишлэл
“Залуусын найз, алдарт хувилгаан Антоний минь сонсооч! Мэдлэгтэй болон хэрэгтэй бүхнийг эзэмшихэд надад хатуу оюун ухаан, ариун сэтгэмж, сурах агуу их хүсэл хайрлаач…”
(1231 оны зургадугаар сарын 13-нд тэнгэрт хальсан гэх Хувилгаан Антонио Паунскийд хандсан итали оюутнуудын мөргөлөөс)
Хувилгаан Антонио цаг үргэлж сурагчдын ивээгч хэмээн тооцогдож ирсэн учир энэ өдөр Хувилгаан Антониогийн сүмд оюутан, сурагчид ирж шалгалт, шүүлгээ амжилттай өгөхөд тустай хэмээн мөргөл үйлддэг ажээ.
Үйл явдал
1825 ОН: Одоогоос 185 жилийн өмнө Нью-Йоркийн механик Уолтер Хант сүлбүүр зүүний патентыг авсан байна. Тэр хэн нэгэнд 15 ам.долларын өр төлөх хэрэгтэй болтол мөнгөгүй байжээ. Ингээд хоёр цаг орчим хугацаанд бодсоны дараа энгийн бөгөөд аюулгүй гэгдэх сүлбүүр зүүний зургийг хийсэн байна. Энэ бүтээлээ тэр 400 ам.доллараар зарсан байлаа. Түүний санаа шинэ биш байсан ба тиймэрхүү зүүг өмнө нь эртний болон дундад зууны хүмүүс хэрэглэж байсан гэдэг.
1858 ОН: Хятадын Тэнжин хотноо Орос-Хятадын энх тайван найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан нь түүхэнд Тэнжины баримт гэдгээр оржээ. Нийт 12 зүйл ангиас бүрэлдэх уг гэрээгээр энх тайван, найрамдлыг батлан хоёр оронд байгаа бусдынхаа хувийн аюулгүй байдлын баталгааг өгсөн байв.
1881 ОН: Сибирийн их төмөр зам байгуулах эхлэлийн ёслол болсон байна. Зүүн Сибирийн амбан захирагч Николай Муравьев-Амурский Оросын Сибирийн хязгаарт төмөр зам барих асуудлыг 1857 онд тавиад Амураас Де-Кастрийн булан хүртлэх төмөр замын төслийг хийх үүрэг өгчээ. Тэр зууны 50-70 онууудад орос мэргэжилтнүүд Сибирийн төмөр замын олон тооны зураг төслийг хийсэн байна. Гэвч Засгийн газар нь Сибирийн төмөр зам барих асуудлыг XIX зууны наяад оны дунд үе хүртэл дэмжээгүй юм. 1891 оны энэ өдөр III Александр уг төмөр замыг барих зарлигт гарын үсэг зурсан аж. Сибирийн агуу төмөр замын байгууламж 1903 оны зургадугаар сарын 14-нд дуусчээ.