“Улаанбаатар” кино наадамд саатаарай | News.MN

“Улаанбаатар” кино наадамд саатаарай

Хуучирсан мэдээ: 2013.10.06-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар” кино наадамд саатаарай

"Улаанбаатар" олон улсын анхдугаар кино наадам энэ сарын 4-9-нд “Тэнгис” кино театрт болж байна. Наадмыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монгол-Францын төв, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй. Наадамд АНУ, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали, Германы 20 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлчдээс гадна Истанбул, Каннын кино наадмын зохион байгуулагчид оролцож буй. Монгол киноны хөтөлбөрт уран сайхны найм, баримтат таван кино ирүүлснээс “Улаан дөрвөлжин”, “Бодлын хулгайч”, “Лардьма”, “Аравт” “Би монгол хүн”, “Нэрийг минь хэлж өгөөч” зэрэг кинонуудыг үзүүлэхээр болжээ.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд дэлхийн “А” зэрэглэлийн Канн, Берлин, Венецийн 2013 оны олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн, өнөөгийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нэр хүндтэй 12 шинэ бүтээл анх удаа Монголын үзэгчдэд хүрч байна. Кинонууд “Тэнгис” кино театрын дэлгэцээр үнэ төлбөргүй гарч буй.

Наадмын хөтөлбөрт 2013 оны Каннын олон улсын кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоног, найруулагчдын хоёр долоо хоног, “Un Certain Regard”, “Алтан камер” хэсэгт тус тус шагнал хүртсэн Италийн “Сальво”, АНУ-ын “Цэнхэр уналт”, Мексикийн “Алтан хорго”, Сингапурийн “Ило Ило” мөн 2012 оны Венецийн олон улсын кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоногийн үзэгчдийн нэрэмжит шагналт Шведийн “Ид унт үх” зэрэг шилдэг бүтээлүүд багтсан бөгөөд кино үзвэрийн дараа тус киног бүтээсэн уран бүтээлчидтэй уулзах онцгой боломжийг олгож байгаа юм.

Өнөөдөр хуваарийн дагуу Сингапур, Италийн кинонууд гарах гэж байна. Киног үнэ төлбөргүй үзүүлж байгаа бөгөөд киноны тасалбарыг 16.00 цагт “Тэнгис” кино театрын нэг давхарт тараах юм байна.

"Улаанбаатар" олон улсын анхдугаар кино наадмын үзвэрийн хуваарийг хүснэгтээс харна уу. 

Ч.БОЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

klara 2013-10-06 202.131.230.140

ene medee ert tabisan bol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж