Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2013.10.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг гардууллаа

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 38 оюутанд гардууллаа

Сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан оюутнуудад Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог. Засгийн газрын 2008 оны 46 дугаар тогтоолоор батлагдан хэрэгжиж буй журмын дагуу 2012-2013 оны хичээлийн жилд болзол хангасан оюутнуудад өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулан өглөө.

Улсын, хувийн гэж ялгалгүй бүх сургуульд өөр өөр мэргэжлээр суралцаж буй оюутнууд Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарчээ. Тэтгэлэгт хамрагдсан 38 оюутанд тус бүр 800 мянган төгрөгийг Төрийн банкнаас Монголын оюутны холбоотой хамтран гаргасан Смарт картаар олголоо.

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутнууд шалгарах, гардан авах явцыг олон нийтэд ил тод болгох, илүү бүтээлч шалгууруудаар өрсөлдүүлэх, жилд ганцхан удаа биш олон удаа шалгаруулалт явуулдаг болох зэрэг өөрчлөлтийг дараа дараагийн жилд хийнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэтгэлэг гардуулахдаа онцоллоо. Энэ жилийн тухайд өмнөх жилүүдэд хэрэгжиж ирсэн жишгийн дагуу буюу 4 улирал дараалан 3,8-аас дээш голч дүнтэй суралцсан оюутнуудад олгож байгааг дурьдлаа.

“Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн болзол, шалгуурыг илүү өндөрсгөж, сурлагын үзүүлэлт, гаргасан амжилтаас гадна БШУЯ-наас зарласан эрэлттэй 20 мэргэжлээр суралцаж буй оюутнуудад илүү боломж олгохоор Ерөнхий сайдын ажлын албатай хамтран ярилцаж байна” гэж Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батчулуун хэллээ.

Улс орны ирээдүйг авч явах чадварлаг залуу үеийнхнээ бэлтгэхэд төр олон хэлбэрийн дэмжлэг үзүүлж, сар бүр тэтгэлэг олгож байгаа. Түүний зэрэгцээ оюутан залуусаас бүтээлч хандлага, хөдөлмөр зүтгэлээрээ ялгарч манлайлбал Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төр засгаас онцгойлон дэмжинэ гэдгийг харуулж, бүтээлчээр суралцахыг уриалах нь энэ тэтгэлгийн үндсэн зорилго. Тэтгэлэг авсан оюутнууд ямагт манлайд байж, даяаршсан ертөнцөд өрсөлдөх чадварыг сайн эзэмшээрэй гэж Засгийн газрын тэргүүн шилдэг оюутнуудад захилаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж