Захуудыг хаах хангалттай шалтгаан

Хуучирсан мэдээ: 2013.10.06-нд нийтлэгдсэн

Захуудыг хаах хангалттай шалтгаан

“Нарантуул”-ын хүнсний битүү зах бүхэлдээ шатаж, хүний амь нас эрсэдсэн, “Сандэй” захын долдугаар давхарт гал гарч дээврийн хэсэг нь шатсан хэргүүд өнгөрсөн наймдугаар сард гарсан. Энэ нь ард иргэдийн төдийгүй нийслэлийн удирдлагуудын, хяналт тавьж ажилладаг олон байгууллагынхны анхаарлыг татаж, нэгийг бодуулсан гэхэд болно. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн есдүгээр сард хотын төвийн дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж буй нийт 58 зах, худалдааны төвүүдэд нэгдсэн хяналт, шалгалт явуулжээ. Шалгалтаар олон улсын худалдааны төв, зах, худалдааны төв, барилгын материалын захуудад багагүй зөрчил илэрч, хууль тогтоомж, норм стандартыг ноцтой зөрчсөн гэх зах, худалдааны төвүүдийг хаах саналыг ажлын хэсгийнхэн гаргасан байна. Чухам ямар зөрчил илэрч, аль захуудыг хаах асуудал яригдахад хүрээд байгааг сонирхлоо.

Захуудыг хаах шалтгаан

Нийслэлчүүдийн төдийгүй орон нутгийн иргэдийн хоол хүнс, өмсөж зүүх, эдлэж хэрэглэх бүхий л зүйлээр хангадаг өнөөх томоохон зах, худалдааны төвүүдийн 80 хувь нь хууль зөрчин үйл ажиллагаа явуулдаг байсан нь шалгалтаар илэрчээ. Тодруулбал, барилгын ашиглалт хангалтгүй, батлагдаагүй зураг төслөөр өргөтгөл хийсэн, барилгын хувийн хэрэг бичиг баримтгүй, зориулалтын бус жижиг барилгуудад үйл ажиллагаа явуулдаг байсан нь гэнэ. Мөн 71 хувь нь түргэн муудаж, гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг технологийн дагуу хадгалдаггүй, 66 хувь нь дотоод хяналтын журмын мөрдөж ажилладаггүй, ихэнх байгууллагын үйлчилгээний технологи зөрчигдсөн, цэвэрлэгээ, ариутгал хангалтгүй байсан нь “муу” дүн авах хангалттай үндэслэл болжээ.

Иргэдийг эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах үүрэг хүлээсэн худалдагчдийн 33.6 хувь нь ямар нэгэн эрүүл мэндийн шинжилгээ оношилгоо, үзлэгт хамрагдаагүй, тэр ч атугай 70 гаруй хувь нь хөдөлмөр, хамгааллын хувцас өмсдөггүй зэрэг нь худалдан авагчдыг тэдэнд итгэх итгэлгүй болгож байна.
 
Мөн 70 гаруй хувь нь гал, гэнэтийн ослын үед аврах зам гарцыг нарийсган өөрчилж, хаасан, аваарын гарцуудын гэрлэн тэмдэглэлийг байрлуулаагүй, угаас барилга нь галд тэсвэрхгүй материалаар баригдсан, гал унтраах болон дохиоллын системгүй тул дээрхи зөрчлөө заавал арилгах шаардлага байгааг илтгэж байна. Мөн нийт 58 худалдааны төв, захаас тав нь ямар нэгэн байдлаар шалгалтаас мултарч чадсан байна. Үүнд, “Батсервис” ХХК-ийн “Орхон”, “Ванхүү” ХХК-ийн “Далайхүү” худалдааны төвүүд их засвартай, “Сутайн буянт” ХХК-ийн техникийн зах, “Бүрд” ХХК-ийн “Бүрд” худалдааны төв, Марс төв ХХК-ийн Марс худалдааны төвүүд хариуцсан эзэд нь байхгүй, гадаад яваа, үзүүлэх бичиг баримтгүй гэсэн шалтгаанаар шалгалтад хамрагдаагүй гэнэ.


Үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан захууд

 
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бадралаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд дээрх зөрчил гаргасан захуудын үйл ажиллагааг түр болон бүр хаах саналыг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлээд байгаа юм.

Үүнд, “Жи Эм Жи”, “Энхжин” худалдааны төв, “Гялгар” модны зах,  “ТОСА”, “Нарантуул”, “Өгөөмөр”, “Мишээл экспо”, “Далай ээж”, “Дүнжингарав”, “Барс 1”, “Барс 2” худалдааны төвүүдийг зөрчлөө арилгах хүртэл хаах шийдвэр асуудлыг шийднэ гэсэн үг. Аврах гарц хаасан, хүнсний бүтээгдэхүүнийг стандартын газарт хадгалах, худалдаалах, худалдагчид зориулалтын хувцас өмсөх, галын унтраах хор байрлуулах гэх мэт зөрчлийг арилгаж болох л байх. Харин газрын зориулалтыг өөрчилсөн, зөвшөөрөлгүй газарт зориулалтын бус байранд худалдаа эрхэлж байгаа, үйл ажиллагаа явуулах ямар ч бичиг баримт, зөвшөөрөлгүй гэхчилэх томоохон, арилгах боломжгүй зөрчилтэй газруудыг хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Ямартай ч захуудын үйл ажиллагаа явуулах эрхийг түр болон бүр түдгэлзүүлэх эсэхийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл шийдвэрлэж, шийдвэрийг маргааш танилцуулах юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж