“Сүнжидмаа” дуулалт жүжиг тоглогдоно

Хуучирсан мэдээ: 2013.10.06-нд нийтлэгдсэн

“Сүнжидмаа” дуулалт жүжиг тоглогдоно

“Навсгар намайг хэн тоох вэ, нарны галтайд нутаг буцъя даа” хэмээн Мянган залуу дуулж байснаа гэнэт зориг орон “Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа гэдэг. Зорьж ирсэн Сүнжидмаатайгаа уулзаад буцъя” хэмээн Сүнжидмааг хүлээсээр уулзаж, гэрт нь ордог. Энэ үед тэднийг харсан хээнцэр, харваас угсаа гарвал сайтай, хэл үг хурц Наваан гэгч залуу байж ядан үлдэнэ. “Сүнжидмаа” дуулалт жүжгийн цааш өрнөх хэн бүхэнд сонин.

1981 онд тайзнаа анхлан тавигдаж байсан “Сүнжидмаа” дуулалт жүжгийг ҮДБЭЧ-ын уран бүтээлчид үзэгч олондоо өргөн барьж байна. Өнгөрөгч баасан, бямба гаригуудад ҮДБЭЧ-ын тайзнаа тоглогдсон “Сүнжидмаа” дуулалт жүжиг өнөөдөр 19:00 цагаас үзэгчийн хүртээл болох юм. Тэртээ 1981 онд найруулагч Ё.Цэрэндолгор найруулан тайзнаа амилуулж байсан бол урилгаар дахин энэхүү дуулалт жүжгийг найруулжээ. Сүнжидмаад чуулгын гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан С.Цогтсайхан, Ц.Түмэнжаргал, Мянганд Соёлын тэргүүний ажилтан Б.Батмэнд, дуучин Г.Отгонзул, Наваанд дуучин П.Баярмагнай, дуучин Э.Чинчулуун нар дуулж байна. Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын дуучин П.Баярмагнайг уг дүрд тоглуулахын тулд урьж авчирчээ. Сүнжидмаагийн ээжийн дүрийг Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа бүтээж байна.

“Сүнжидмаа” дуулалт жүжгийг 32 жилийн тэртээ соёлын нэрт зүтгэлтэн Ж.Бадраагийн цомнол, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, бүжиг дэглээч С.Сүхбаатар нарын дэглэлтээр Ё.Цэрэндолгор найруулан тайзнаа тавьснаас хойш дахин үзэгч түмний хүртээл болгож байна.

Сэргээн тавьсан “Сүнжидмаа” жүжиг ҮДБЭЧ-ын тайзнаа өнөөдөр 16.00 цагаас тоглогдоно. Тоглолтын тасалбарын хувьд суудлынхаа зэрэглэлээс шалтгаалан 15, 20, 25 мянган төгрөгийн үнэтэй ажээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж