Б.Батгэрэл мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.05-нд нийтлэгдсэн

Б.Батгэрэл мөнгөн медаль хүртлээ

Узбекстаны нийслэл Ташкент хотын “Узбектан” спорт цогцолборт болж буй жүдо бөхийн “Гран при” тэмцээний эхний өдөр 66 кг-д Б.Батгэрэл мөнгөн медаль, 60 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Х.Цагаанбаатар нар хүрэл медаль хүртлээ.



100 мянган ам.долларын шагналын сантай жүдо бөхийн “Гран при” тэмцээн Узбекстаны нийслэл Ташкент хотноо энэ сарын 4-6-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд Иран, Бразил, Бельги, ОХУ, АНУ, Монгол тэргүүтэй 21 орны 154 тамирчид оролцож байгаагаас тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг-ийн жингийн медальтнууд тодорлоо.

66 кг-д Б.Батгэрэл эхний тойрогт хийлж, Узбекстан, Казахстаны бөхчүүдийг ялснаар мөнгөн медалийн болзол хангасан. Шигшээ барилдаанд Казахстаны Фармонов Мизахид ялагдсанаар “Гран при” тэмцээний мөнгөн медаль хүртлээ.

60 кг-д Г.Хэрлэн эхний тойрогт хийлж, удаах тойрогт Узбекстаны бөхийг ялснаар хэсгээ тэргүүлсэн. Мөнгөн медалийн төлөө Узбекстаны бөхөд дийлдсэн ч хүрлийн төлөө Казахстаны Еркэбуланыг ялснаар медалийн тавцанд зогслоо.

73 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний тойрогтоо хийлж, улмаар Казахстан, АНУ-ын бөхчүүдийг ялснаар хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө Бразилын бөхтэй барилдаж ялагдсан ч хүрлийн төлөөх барилдаан Украйны бөхийг ялжээ. Энэ жинд барилдсан Г.Одбаяр V байр эзлэв.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг, 90 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг, +78кг-ийн жингийн медальтнууд тодорно.

НЭМЭЛТ: (21:00)
81 кг-д О.Ууганбаатар эхний тойрогтоо хийлж, Украйн, Узбекстаны бөхчүүдийг ялснаар мөнгөн медалийн төлөө АНУ-ын Стевенсд, улмаар хүрлийн төлөө Узбекстанд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

+78 кг-д барилдсан ОУХМ О.Жавзмаа Узбекстаны бөхийг ялснаар мөнгөн медаль хүртлээ. Энэ жинд Пан Америкийн нээлттэй тэмцээний аварга, АНУ-ын Саманта Блейер барилдахаас татгалзжээ.


Ийнхүү Ташкентийн “Гран при” тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй нэг тамирчин оролцсон Монголын жүдочид хоёр мөнгө, хоёр хүрэл, V байрт гурван тамирчин шалгарсан амжилтаар IX байр эзэлжээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж