Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.05-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүнсний аюулгүй байдлынүндэсний лавлагаа лаборатори ажиллана

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Нэгдсэн төв лабораторийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Үндэсний лавлагаа лаборатори нь хяналтын байгууллагад харъяалагдаж, лабораторийн ерөнхий захирлын дэргэд орон тооны бус захирлын зөвлөл ажиллана.

Энэ байгууллага итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүнгийн  нийцлийг хангах, маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хүнсний хяналтын лабораториудыг мэргэжил, арга зүй, технологийн нэгдсэн удирдлагаар хангах үндсэн үүргийг хэрэгжүүлнэ. Хамгийн чухал чиг үүргийн нэг нь лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг цахим байдлаар бүрдүүлж ашиглах юм. Мэдээллийн гол эх сурвалж нь итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүн байна. Лабораторид тавигдах шаардлага, үйл ажиллагааны төрөл, эрх үүрэг, удирдлагын тогтолцоо, санхүүжилт, хариуцлага, шинжилгээний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх гээд бүх харилцааг нарийвчлан зохицуулсан журмыг өнөөдөр мөн баталлаа. Манайд өмнө үндэсний лавлагаа лаборатори ажиллаж байсан туршлага байхгүй, шинээр энэ асуудлыг зохицуулж байгаа учраас гадаад орнуудын эрх зүйн зохицуулалтыг судалж тусгасан байна.

Тусгайлсан чиг үүрэгтэй лавлагаа лабориторитой болсноор хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг тодорхойлох, тандалт судалгаа, шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийх ажилнэгдсэн стандарт, удирдлага, зохион байгуулалттай явагдаж, шинжилгээний мэдээллийн сан бүрдэх боломж бүрдэж байна.

Зарим улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг эргүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцлээ

Манай улсын идэвхтэй харилцаатай зарим оронд суух Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэл, Холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Балдоржийн Даваадорж, Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Залаа-Уул, Швейцарийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанцэрэнгийн Оргил нарыг тус тус эгүүлэн татахаар боллоо.

Түүнчлэн, Франц улсад Мундагбаатарын Батсайхан, Германд Цолмонгийн Болор, Канадад Раднаабазарын Алтангэрэл, Швейцарийн холбооны улсад Ваанчигийн Пүрэвдорж нарыг Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Гадаад харилцааны салбарт олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж мэргэшсэн, удирдах ажлын дадлага туршлагатай дээрх хүмүүсийг улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй алба хаших бүрэн боломжтой гэж үзэж нэр дэвшүүлжээ.

Товчхон:

  • "Автотээврийн үндэсний төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоотой өмчийн газар болгон өөрчлөн зохион байгуулахаар боллоо. Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношилгоо, зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулах, салбарын судалгаа, дүн шинжилгээ хийх чиг үүрэгтэйгээр нийт 490 хүний орон тоотой ажиллаж буй энэ байгууллага 2013 онд төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг 33,6 хувиар давуулан биелүүлэхээр байна. Цаашид аж ахуйн тооцоонд орж орлогоороо зардлаа нөхөн ашигтай ажиллах бүрэн боломжтой аж.
  • Энэ сарын 7-8-нд Будапешт хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрч, бүрэлдэхүүнийг ахлан оролцохыг БОНХ-ийн сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга С.Оюунд даалгалаа. Энэ удаагийн хуралдаанаар Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр "Биокомбинат" ТӨҮГ-т шинэчлэл хийх, шинэ үйлдвэр байгуулах талаарх яриа хэлэлцээг эцэслэн шийдвэрлэж, Унгарын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бүх төрлийн сэргээн засалтын үйлчилгээнд хамруулах, тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг авах, хөдөө аж ахуй, байгаль экологийн салбарт томоохон судалгаа хийх талаар дэлгэрэнгүй ярилцана.
  • Өнөөдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн 2013 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зевлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа. Монгол, Беларусийн хооронд худалдаа, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс визийн шаардлагаас чөлөөлөх тухай, гааль, цэрэг техник, боловсрол, зам тээвэр, хөдөө, аж ахуй гэсэн 10 баримт бичигт гарын үсэг зурсан юм.
  • Беларусь улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн манай улсад хийсэн айчлалын үеэр буюу энэ оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай” Монгол, Беларус улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Зэвсэглэл, техник сэргээн сайжруулах, засварлах, орчин үеийн буудлагын зэвсэг, шөнийн хараа, шагайврын болон бусад оптик хэрэгсэл, агаарын довтолгооноос хамгаалах цэргийн удирдлагын шинэлэг систем, технологи нийлүүлэх, тус улсын цэргийн академи, дээд сургуульд боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
  • Түүнчлэн, Беларусийн Ерөнхий сайдын айчлалын үеэр гаалийн асуудлаар хамтран ажиллаж, харилцан туслалцахаар хоёр орны Засгийн газар хоорондбайгуулсан хэлэлцээрийгбатлахаар боллоо. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Дэлхийн гаалийн байгууллагаас дэвшүүлсэн бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх өргөн боломж нээгдэнэ. Тэр дундаа Европоос Монгол руу ачигдсан бараа, тээврийн хэрэгсэл Беларусийн хил дээр саатуулагдах, чингэлгээс бараа дутах зэрэг зөрчлийг таслан зогсоож хяналт тавих, улмаар гадаад худалдааг хөнгөвчлөх, бараа эргэлтийг түргэсгэхэд ач холбогдол өгнө.
  • Беларусийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр гарын үсэг зурсан бас нэг чухал хэлэлцээрийг өнөөдөр баталлаа. Иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд чиглэсэн “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай”Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсанаар хоёр орны иргэд нэг талын нутаг дэвсгэрт орсон өдрөөс хойш хуанлийн нэг жилийн хугацаанд 90 хүртэл хоног визгүй зорчино. Хэлэлцээрийг хугацаагүй байгуулсан юм.
  • "Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Түрк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Энэ хэлэлцээрийн талаар БНТУ-ын Ерөнхий сайд Рэжэп Эрдоаны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тохиролцож, 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр энгийн паспорттой иргэд харилцан визгүй зорчих тухай хоёр орны Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ хэлэлцээрээр хоёр талын иргэд паспортын төрөл үл харгалзан 30 хүртэл хоног харилцан визгүй зорчино. Монгол, Түрк улс анх 1992 онд "Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр" байгуулж, 2007 онд Туркийн тал манай орны энгийн паспорттой иргэдийг 30 хүртэл хоногоор визгүй зорчуулах шийдвэрийг дангаар гаргажхэрэгжүүлж ирсэн юм.
  • 2013 оны 9 дугээр сарын 18-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зурсан Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Өнгөрсөн сарын сүүлчээр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн өмнөд хөршид хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэ хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан юм. Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд батлан хамгаалах салбарт бүх төрлийн цэргийн техник хэрэгсэл, технологийн чиглэлээр туршлага солилцох, цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүн авах, инженер техникийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, цэргийн аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг нээн хөгжүүлэхээр хэлэлцээрт тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж