“Шинэ зууны шинэ донорууд” өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

“Шинэ зууны шинэ донорууд” өдөрлөг болж байна

Жил бүрийн зургадугаар сарын 14-нд Дэлхийн цусны донорын өдөр тохиодог билээ. Энэ жилийн олон улсын өдрийг “Шинэ зууны шинэ донорууд” уриан дор тэмдэглэх аж. Өнөөдрийн хувьд Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд “Шинэ зууны шинэ донорууд” сэдэвт нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж байна.  Энэхүү арга хэмжээнд ЭМЯ, ДЭМБ, НҮБ, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг, Улаан хавирган сар нийгэмлэгийн болон МУЗН-ийн төлөөллүүд, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, үе үеийн донорууд, иргэд, өсвөр залуу үеийн төлөөлөгчид оролцож байна.  Дээрх өдөрлөгийг МУЗН-ийн Цусны донорын хөтөлбөр, Цус сэлбэлт судлалын Үндэсний төвөөс Баянгол дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулж байгаа аж. Дэлхий дахинаа цусны хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг ойлгож сайн дураараа цусаа бэлэглэж байгаа доноруудын алдрыг тэмдэглэн, хүндэтгэл үзүүлэх таатай завшаан боллоо. Цусаа 100 хувь сайн дураараа, авлагагүйгээр өгдөг улс орны тоо 2002 онд 39 байсан бол одоо 57 орон болж нэмэгджээ. Мөн энэ өдрийг тэмдэглэдэг хамгийн гол зорилго нь олон түмэнд ач буянаа хайрлаж, ариун цусаа бэлэглэн эрдэнэт хүмүүний амь насыг аварч байдаг донорууддаа баярлалаа гэж хэлэх  юм гэдгийг зохион байгуулагчид нь онцолсон юм. Аюулгүй, найдвартай цус бол аль ч улс орны хамгийн үнэ цэнэтэй байгалийн нөөцөд тооцогддог. Цус сэлбүүлэх зайлшгүй шаардлагатай иргэн бүхэнд хүрэлцхүйц хэмжээний цусны нөөцийг бүрдүүлэхийн тулд улс орон бүхэн, тогтмол хугацаанд сайн дураараа, авлагагүйгээр цусаа бэлэглэгч доноруудтай байх шаардлагатай. Энэ жил Улаанбаатар хотод 12 литрээс дээш цусаа бэлэглэсэн МУЗН-ийн “Хүндэт донор” цол тэмдгээр хоёр донор шинээр төрлөө. Хүндэт донорын нас жилээс жилд залуужиж байгаа ба энэ өдөр хамгийн залуу нь 22 настай ЭМШУИС-ийн оюутан  байна. Тэдний 27 нь эрэгтэй байгаа нь сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнд эрэгтэйчүүд манлайлж оролцдогийг харууллаа. Мөн тогтмол хугацаанд хамт олноороо цусаа бэлэглэдэг олон байгууллагуудаас “Говь хувьцаат компани”  “Донор хамт олон”-оор шалгарлаа. МУЗН-ийн цусны явуулын донорын өдөрлөгийг “Гарамгай зохион байгуулагч хороо”-гоор Баянгол дүүргийн Улаан Загалмайн Хороо шалгарч цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан юм. Монгол улсын хүн амын тэн хагас нь амьдарч байгаа нийслэл Улаанбаатарт жилийн нийт цусны 89 хувийг цуглуулж цугларсан цусны 70- 80 хувийг зарцуулж байна. Гэвч энэ нь нийслэлийн хүн амын цус, цусан бүтээгдхүүний хэрэгцээний дөнгөж 60–70% хувийг хангаж байдаг аж. Улсын хэмжээнд нийт  65 882 донор бүртгэлтэй байгаагаас өнгөрсөн  онд 19  донор цусаа бэлэглэсэн нь нийт хүн амын дөнгөж 0.7% нь болж байна. Үүнээс Улаанбаатар хотод 13 094 /1.3 хувь/ донор цусаа өгснөөс анх удаа цусаа бэлэглэгч шинэ донор 8377 /64 хувь/, байнгын донор 3191 /24 хувь/, төрөл төрөгсдийн донор 571 /4.3 хувь/, ферезийн донор 955 /10.7хувь/ байгаа болно. Түүнчлэн, 17-39 насны донор 10 203 /77.9хувь/, үүнээс 17-24 насны оюутан залуучууд 7499 /73.5 хувь/ байгаа дүн мэдээ байна. Өдөрлөгийн үеэр ахмад хүндэт донорууд болон ховор бүлгийн цусны донорууддаа хүндэтгэл илэрхийлж Залуу донор-25 клубын гишүүд залуучуудыг цусаа тогтмол цусаа бэлэглэж байхыг уриаллаа. 

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж