Валютын ханш чангарахад гадаад орчин нөлөөлсөн гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.05-нд нийтлэгдсэн

Валютын ханш чангарахад гадаад орчин нөлөөлсөн гэв

УИХ-ын чуулганы хуралдаанд өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Ерөнхий сайд мэдээлэлдээ, энэ оны эхний найман сарын байдлаар гаргасан Макро эдийн засгийн үзүүлэлтүүд, Ургац хураалтын явц болон өвөлжилтийн бэлтгэл, Бүтээн байгуулалтын ажлын явц, “Чингис бонд”-ын хөрөнгөөр хийгдэж байгаа ажлууд болон  гадаад улсад хийх айлчлалын талаар товч танилцуулсан юм. Тэрхүү мэдээллээр Монгол Улсын эдийн засаг 2013 оны нэгдүгээр улиралд 7.1 хувийн өсөлттэй байсан бөгөөд Оюутолгойн баяжуулах үйлдвэр 2013 оны зургадугаар сард ашиглалтанд орж, зэсийн баяжмалаа долдугаар сараас экспортолж эхэлсэн. Мөн “Чингис бонд”, Хөгжлийн банкны хөрөнгөөр авто зам болон дэд бүтцийн барилга, байгууламжуудыг барьж, Засгийн газар болон Монголбанкны хамтарсан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд барилгын салбарт санхүүжилт олгож, бодит салбарын хөгжлийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлтийн хурд хоёрдугаар улиралд эрчимжиж, эхний хагас жилд эдийн засаг 11.3 хувиар өсчээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэрлэсэн үнээр 1.4 их наяд төгрөгөөр өссөн байна.

Сүүлийн жилүүдийн инфляцийн түвшинг авч үзэхэд нийлүүлэлтийн болон бараа бүтээгдэхүүний зардлын өсөлттэй холбогдсон инфляци давамгайлах болжээ.  Иймд Засгийн газраас инфляцийн түвшинг бууруулж, тогтворжуулах бодлого баримтлан 2012 оны дөрөвдүгээр улиралд Монголбанк, Засгийн газар хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн.

 Үнэ тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах”,” Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” гэсэн 4 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийлүүлэлтийн шинж чанартай инфляцийг бууруулах зорилгоор түлш, шатахуун, мах, гурил зэрэг бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг дэмжин ажиллаж байгаа аж.

Тэгвэл хүн бүрт хамаатай сэдэв болчихоод байгаа валютын ханшийн өсөлтийн тухайд, гадаад валютын ханш 2012 оны сүүлийн хагаст өсөх хандлагатай болж ирсэн. Энэ үед “Чингис бонд”-ын хөрөнгө орж ирснээр гадаад валютын нөөц нэмэгдэж валютын ханшийг тогтворжуулсан. Харин 2013 оны дунд үеэс эхлэн төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэнээс гадна зах зээлд валютын ханшинд нөлөөлөх хэд хэдэн сөрөг мэдээлэл гарч, иргэдийн валютын хадгаламж нэмэгдэж, валютын ханш өсгөсөн. Валютын ханш өссөн нь гадаад валютын орж ирэх урсгал буурсан, нөгөө талаар дэлхийн зах зээлд ам.долларын ханш чангарсантай холбоотой. Иймд Засгийн газраас хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлж, экспортыг дэмжих чиглэлээр ажилласнаар Монгол Улсад орж ирэх гадаад валютын урсгал нэмэгдэж, төлбөрийн тэнцэл ашигтай гарч, валютын ханш тогтворжих нөхцөл бүрдэнэ хэмээн Ерөнхий сайд онцоллоо.


Найман хувийн зээлийг 8129 иргэнд олгожээ

Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг зохистой төвшинд аваачихын тулд Засгийн газар нь дараах арга хэмжээг хэрэгжүүлжээ. Үүнд дуусаагүй орон сууцны барилгад зориулж 77 компанид 12.0 тэрбум төгрөгийн зээлийг /Улаанбаатар хотод 7 хувийн хүүтэй, орон нутагт 5.5 хувийн хүүтэй/-ийг 18 сарын хугацаатай олгосон байна. Мөн  Засгийн газраас Монголбанктай хамтран гаргасан журмын дагуу 2013 оны есдүгээр сарын байдлаар банкууд 451.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, 16,122 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна. Түүнчлэн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргасан 8129 иргэнд банкууд 463.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх мэдээллийг хийсний дараа УИХ-ын гишүүд Засгийн газрын тэргүүн болоод холбогдох сайд нараас сонирхсон асуултдаа дараах хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад хэд хэдэн удаа захидал явуулсан ч хариу өгөөгүй байгааг хэлээд, захидлын хариуг ойрын үед хэзээ өгч УИХ-д тайлангаа тавих вэ хэмээн лавлав.

Ерөнхий сайд “ С.Ганбаатар гишүүнээс есдүгээр сарын 24-нд “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг ирүүлсэн. Энэ бичигт миний мэдэхгүй зүйл олон байгаагийн зэрэгцээ мөн албан ёсоор эцэслэж яригдаагүй зүйлүүд их байна. Иймд хариулт өгч чадахгүй болчихож байгаа юм. Ер нь Монгол Улсад хохиролтой байдлаар ямар ч асуудлыг шийдэхгүй гэдгийг баталгаатай хэлье. Өнгөрсөн хавар УИХ дээр Оюутолгойн асуудлаарх ойлголтыг цэгцэлсэн. Засгийн газар энэ байр суурин дээр байгаа. Цаашид хөрөнгө оруулалтын асуудал яригдахад өмнөх хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар Монгол Улс хүртэх ашгийн 53 хувь, нөгөө тал 47 хувь байна гэснийг шаардлагатай бол баталгаажуулья. Иймд Засгийн газар цаагуураа шийдээд байгаа зүйл байхгүй. Сая Лондонд 30 асуудал шийдэхээс 15 асуудлыг шийдэж ирсэн. Эдгээр 15 асуудлын зарим нь жижиг, зарим нь том тэнцвэргүй асуудлууд бий. Тэдэн дотроос шийдэж чадсан болон өмнө нь ч нэлээд явуулаад байсан асуудал бол “Интер гоулд” компанийн эзэмшиж байгаа ордын асуудал байгаа юм. Энэ орд хуучин манай Оюутолгойн ордод тооцогддоггүй байсан бол одоо тооцогдоод явж байна. Энэ мэт тодорхой хэмжээгээр ахиц дэвшил гарч байна. Нэмэлт санхүүжилтийн талаар сая Лондонд тохиролцсон зүйл байхгүй харин энэ талаар саналаа тодорхой тавиарай гэсэн. Ирэх даваа гарагт энэ асуудлыг ярилцана. Бид цагаан цаасан дээр хараар буусан юм ярихгүй бол энэ асуудлыг тойрч маш олон хүн маш олон зүйлийг ярьж байна. Энэ бол тэгж олон хүн ярьж шийддэг асуудал биш. Одоо миний санааг зовоож байгаа зүйл бол Оюутолгойн үйл ажиллагааг зогсоосон гэсэн яриа. Оюутолгойн үйл ажиллагааг өнөөдөр зогсоосон зүйл огт байхгүй. Энэ худал ярианаас гармаар байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Энэ жил зам их сайн байсан гэж тайлагнаж байгаа. Сайн байсан нь үнэн. Сүүлийн гурван жилд бариагүй замыг та бүхэн барьсан. Гэхдээ чанарын хувьд гологдолтой газрууд их байна гэсэн шүүмжлэлийг хүлээж авах ёстой. Өнөөдөр Цонжинболдогийн замыг тавьж дууслаа гэж байна. Гэхдээ тэр замын чанарт эргэлзэж байна. Энэ ямар өртгөөр босдог зам бэ. Налайхын замыг тавихдаа тэр компани байгаа зам дээр зүгээр бэхжүүлэлт хийгээд л буцаагаад хуччихсан. Тэгэхээр ямар ямар компаниуд энэ жилийн зам тавихад гологдол гаргасныг нэрлээч ээ. Үүний баталгааг хаана, хэн гаргах юм бэ гэдгийг тодруулсан юм. Мөн хотын дулааны асуудлаар иргэд эмзэглэж байгаа. Энэ жил хотын дулаан найдвартай байж чадах уу үгүй юу гэдэг хариулт авмаар байна” гэлээ.

Замын чанарын хувьд гурван жилийн баталгаат засварын хугацаа гэж байгаа. Тавьсан зам энэ хугацаанд эвдэрч гэмтсэн тохиолдолд гүйцэтгэгч компани эргэж засаж янзлах ёстой. Налайх, Чойрын чиглэлийн 24.1 км замыг шинэчлэхээр байгаа. Энэ замыг засахдаа цементээр бэхжүүлэх шинэ технологийг ашиглаж байна. Замыг хүлээж авахдаа улсын комисс авсан хойно хүлээж авлаа гэж үзэж байгаа. Харин чанарын доголдолтой замыг хүлээж авахгүй байгаа гэсэн хариултыг Зам тээврийн яамнаас өглөө. Тэгвэл хотын дулааны тухайд,  Эрчим хүчний сайд М.Сономпил хариулахдаа, “Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай, график төлөвлөгөөний дагуу хийгдэж, их болон урсгал засварын ажлууд үндсэндээ дуусаад байна. Улаанбаатарт ажиллаж байгаа дулааны станцууд нийт 1550 кл/клар дулааныг авах хүчин чадалтай. Өнөөдөр дулаан өгөлт энэ хэмжээнд тулчихсан байгаа. Нэмж дулааны эх үүсвэр өгөхгүй байгаа болохоос биш яг энэ хэмжээнд холбогдсон дулааны ачааллыг станцууд өгөх бүрэн боломжтой. Шинээр баригдсан  80 гаруй  орон сууц энэ жил дулаанд холбогдох боломжгүй байна. Харин дулаанд холбогдсон орон сууцнууд дулаанаар доголдох ямар ч асуудал гарахгүй гэдгийг хариуцлагатай хэлэх байна. Ирэх жил дулааны эх үүсвэрүүд нэмж баригдахтай холбогдуулаад бусад шинээр баригдах орон сууцнууд ирэх жил дулаанд холбох бололцоотой. Ер нь эрчим хүчний салбарынхан өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангасан” гэсэн хариултыг өгсөн юм.

Ийнхүү баасан гаригийн үдээс хойш зарлагдсан Засгийн газрын цаг өндөрлөсөн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж