Хүрлээ, Чойжоо хоёроос болж СЕХ өрөнд унажээ

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Хүрлээ, Чойжоо хоёроос болж СЕХ өрөнд унажээ

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшихдээ гэр түрээслэх нэрээр иргэдэд 100.000-150.000 төгрөг тараасан нь эргээгээд Сонгуулийн ерөнхий хороог өрөнд унагажээ. Учир нь, Увсынхан иргэнийхээ үүргийг биелүүлж Хүрлээ, Чойжоо хоёрыг мөнгө тараасан гэх гомдлыг гаргаж тавьснаар дээрх хэрэг шүүхээс нотлогдсонтой холбоотой юм байна.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуультай холбоотой хууль бус үйлдлийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг 1 сая төгрөгийг 10 дахин нугалсантай тэнцэх хэмжээний мөнгөөр урамшуулна хэмээн заасан болохоор увсчууд мөнгөө нэхэхээс ч аргагүй бололтой. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооныхон буруутай хоёр этгээдээс мөнгийг нь гаргуулж чадахгүй байгаа учраас иргэд урамшууллаа нэхсээр энэ намрыг элээсэн байна. Одоогийн байдлаар Увс аймгийн Улаангом, Наранбулаг, Цагаанхайрхан сумдаас 38 иргэн тус бүр урамшууллыг олгоно уу гэсэн өргөдлийг Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж тавьсан. Үүнээс өмнө СЕХ нь Тариалан сумын 13 иргэнд нийтдээ 13 сая төгрөгийг өгсөн гэх мэдээлэл байна.

Гэвч Хүрлээ, Чойжоо хоёр "Шүүхийн шийдвэр бидний талд гарсан" гэж зүтгэсээр байгаа болохоор ч тэр үү, Сонгуулийн ерөнхий хорооныхон хоёр гишүүнээс 30 гаруй иргэний мөнгийг гаргуулж авч чадахгүй увсчуудад өртэй болж, урамшууллаа авч чадахгүй байгаа иргэд СЕХ-г хуулиа мөрдөхийг шаардан сандаргах болжээ.

СЕХ-ныхон ч Увсынхнаас нэлээд айдаг болж байгаа гэх сураг дуулдана. Яамаар ч хорвоо вэ дээ, сонгуулийнх нь ажилд өдөр, шөнөгүй ажилласан хүмүүсээ ялд унаган байж УИХ-ын сэнтийд суучихаад дээрээс нь СЕХ-г бас өрөнд унагачихаад "Бид буруугүй ээ" гээд явж байгаа тэдэнд хариуцлага тооцдог систем үйлчилдэггүй. Ядаж л өрөө барагдуулахад яана даа.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж