Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариуллаа.

Энэ жилийн хувьд эдийн засаг 11.3 хувийн өсөлттэй гарсан, үнийн өсөлтийн хурд өнгөрсөн жилээс тодорхой хэмжээгээр буурсан эерэг үзүүлэлт байгааг Ерөнхий сайд дуулгалаа. Харин нүүрсний үнэ бууснаас хамаарч экспортын хэмжээ буурсан ч импорт 8.6 хувиар өсчээ.

Мөн өнгөрөгч долдугаар сараас өсч эхэлсэн валютын ханш бага багаар тогтворжиж байгааг онцлов. Засгийн газар өнгөрсөн хугацаанд ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр МСҮТ-үүдийг дэмжиж, 77 мянган ажлын байр шинээр бий болгосон, нийслэлд төмс хүнсний ногоо худалдаалах 28 цэгийг байгуулж, хямд нүүрс иргэдэд түгээх ажил энэ сарын 2-ноос эхэлсэн байна. Зургаан аймгийг нийслэлтэй авто замаар холбохоор төлөвлөснөөс хоёр  аймаг нь холбогдсон, шинэ төмөр замын ажил 40 хувьтай яваа, барилгын материал, цемент, арматурын үнийг тогтворжуулсан зэргийг мэдээллээ. Түүнчлэн нийслэлийн 12 байршилд дахин төлөвлөлт хийх ажил үргэлжилж байгаа, найман хувийн хүүтэй зээл рүү 16200 иргэн зээлээ шилжүүлсэн, шинээр 8200 иргэн зээлд хамрагдсан талаар танилцууллаа.

Харин УИХ-ын гишүүдийн зүгээс Оюутолгойн ТУЗ-ын уулзалтын үр дүн, өвөлжилтийн бэлтгэл ажил, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын явц, зам засварын ажлын чанар, нийслэлийн иргэдийг дулаанаар хангах зэрэг цаг үеийн асуудлаар асуулт тавьж, хариулт авснаар чуулганы хуралдаан өндөрлөв.

Ерөнхий сайдыг мэдээлэл хийхийн өмнө МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Улс орны эдийн засаг, цаг үеийн чухал асуудлаар мэдээлэл хийхэд Засгийн газрын 19 гишүүн бүрэн байх ёстой. Мэдээлэл нь гишүүдиын гар дээр долоо хоногийн өмнө цаасаар ирэх ёстой байтал дөнгөж өчигдөр ирсэн. Тиймээс өнөөдрийн мэдээллийг хойшлуулж өгнө үү" гэсэн юм.

Гэсэн ч УИХ-ын дарга З.Энхболд "Цөөнхийн гишүүдээс бичгээр асуулт ирүүлээгүй учир хариулах шаардлагагүй. Н.Энхболд гишүүн буруу ойлголттой байна" гэснээр Ерөнхий сайдын мэдээллийн сонсч, гишүүдийн асуултаар чуулган үргэлжилсэн бол МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нарын цөөн гишүүн чуулганыг орхин гарсан юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж