Гар урлалыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлнэ | News.MN

Гар урлалыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Гар урлалыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлнэ

ЮНЕСКО-Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн Газрын хооронд байгуулсан  итгэлцлийн сангийн тусламжтайгаар “Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, соёлын олон төрөл зүйл-Монголын гар урлалын үйлдвэрлэлийг чадавхижуулах нь” төсөл хоёр жилийн хугацаанд манай улсад амжилттай хэрэгжсэн бөгөөд төслийн хаалтын ажиллагаа Өвөрхангай аймгийн Хархорин суманд боллоо.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хөдөлмөрийн яам, ЮНЕСКО-гийн Монголын  үндэсний комисс болон Бээжин дэх төлөөлөгчийн газар, Дэлхийн өв- Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа хамтран хэрэгжүүлсэн тус төсөл гар урлалын салбарыг орон нутгийн цаашлаад улсын хэмжээнд хүртэл дэлгэрүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн юм. Тийм ч учраас дэлхийн олон улсын чанарын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хийгээд борлуулах арга ухаанд гар урлаачдыг суралцуулах, аймаг орон нутгийн өөрсдийн онцлог шинжийг тусгасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бололцоог нэмэгдүүлэх цаашлаад шинэ үеийнхэнд гар урлалаар дамжуулан соёлын боловсрол олгохын зэрэгцээ үнэ цэнийг ойлгуулах үүднээс  гурван удаагийн  сургалт-семинарыг зохион байгуулжээ. Гуч гаруй жилийн арвин туршлагатай, олон улсын гар урлал шинжээч  Жозеф Ло дээрхи сургалтуудыг хөтлөн явуулсан бөгөөд эхний сургалт гар урлалын судалгаа хийхэд удаах сургалт соёлын болон гар урлалын бүтээлийн үйлдвэрлэлийн чадавхийг дэлхийн олон улсын чанарын стандартад нийцүүлэхэд чиглэжээ.

“Соёлын өв ба гар урлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ба сурталчлах нь” эцсийн буюу гурав дахь удаагийн сургалт юм. Сургалтанд хамрагдагсад гар урлалын бүтээгдэхүүний дизайны үндэс, өнгөний онол, гар урлалын аж ахуйн удирдлагын бүтэц, үйлдвэрлэлийн төлөвлөгөө болон гар урлалын бүтээгдэхүүүнийг хөгжүүлэх өртгийн тооцоо, зохион байгуулах чадавхийг хөгжүүлэх ба бизнес төлөвлөгөө зэрэг хичээл заалгасан байна. Гар урлалын салбарыг Монгол улсад хөгжүүлэхэд юун түрүүн их хэмжээний төсөв, хөрөнгө хайхаас урьтаж гараар урладаг ухааныг эзэмшигчдэд аль болох нэгдэх, хамтрах боломж бололцоог олговол илүү үр дүнтэй гэж зохион байгуулагчид үзэж байсан юм. Үүний тод жишээ бол энэ сургалтын гар урлаачид. Учир нь хоёр аймгийн таван сумын гар урлаачид гэр орноосоо долоон хоног хол байрлаж, бүхий л анхаарлаа өөрсдийн бүтээлдээ хандуулж, ах, эгч дүүс шиг болж, аль хэдийн найз нөхдийн үерхлийг тэлж хамтын хичээл зүтгэл гэдэг аливаад хэр бат бэх бөгөөд үр дүнтэй арга болохыг батлан харуулсан байна.

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын нутаг дэвсгэрт орших хоёр аймгийн таван сум болох Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Хотонт, Хашаат суманд нийт280 гаруй гар урлаачид бий гэсэн тооцоо байдаг бөгөөд тэдгээрийг төлөөлөх 24 хүнд уг сургалт-семинарт оролцож гараар урлах ухааныг илүү нарийвчлан судлаж, өөрсдийн авьяасыг хөгжүүлэх боломж олдсон юм. Гар урлаачдыг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүд ихэвчлэн уран дархан, монгол, буриад гутал, модон эдлэл, сийлбэр, хөгжмийн зэмсэг, арьс шир, суран эдлэл зэрэг чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Харин эмэгтэйчүүд эсгий урлал, ноос ноолуур, хялгасан эдлэл, үндэсний хувцас урлал, уран хатгамал, зээгт наамал гэх мэт чиглэлийг түлхүү сонирхон ажилладаг аж. Гар урлаачдын дийлэнх хувь буюу 60,7 хувь нь бүтээгдэхүүнээ гэрээсээ борлуулдаг тухай СУИС-ын багш Ж.Долгорсүрэн ахлагчтай багын хийсэн гар урлалын үндсэн судалгаанд дурдагдсан байлаа. Энэ үзүүлэлтээс иргэд гар урлалын хөгжлийн түвшин хаана явааг харж болох.

Хөдөө орон нутгийн гар урлалын салбарын хөгжлийг хурдасгахад тухайн орон нутаг, сум бодлогоор дэмжих нь зүй ёсны хэрэг билээ. Иймд ЮНЕСКО-гийн Монголын  Үндэсний Комисс ДӨ-ОХСДГ-ынхамгаалалтын захиргаатай хамтран “Орон нутгийн гар урлалын салбарыг чадавхижуулах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийг боловсруулахаар дугуй ширээний уулзалтыг 2013 оны есдүгээр сарын 26-ны өдөр Хархорин суманд зохион байгуулжээ. Уг дугуй ширээний уулзалтад ССАЖЯ, Хөдөлмөрийн яам,  ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс болон Бээжин дэх төлөөлөгчийн газар, ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргаа, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төв ТББ, Соёл урлагийн их сургууль, Өвөрхангай, Архангай аймгийн Жижиг дунд үйлдвэр, хөгжлийн газар зэрэг байгууллагын төлөөлөл, Хархорин, Хашаат сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар оролцлоо.

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан энэ үеэр ”Гар урлалаар дамжуулан ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлж улмаар нийгэм эдийн засгийн байдалд үр нөлөөгөө өгөх цаашлаад дэлхийд Монголын соёлын өвийг танилцуулах өндөр ач холбогдол бүхий төсөл хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж өнөөдөр хаалтаа хийж байна. Экспортын нэр төрлийг олшруулах, гадаадад зах зээлээ нээх боломж бидэнд бий. Иймд эндээс гарах яриа хэлэлцээр, зөвлөмж  Монголд гар урлалыг хөгжүүлэх дараа дараагийн төсөл, төлөвлөгөө боловсруулж гаргахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ. Түүнчлэн ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ж.Батсуурь сургалт-семинаруудын ололт, амжилтыг дурдсаны сацуу цаашид анхаарвал зохих асуудлыг хөндөн ярьсан байна. Тэрээр“Гар урлалын үйлдвэрлэл өнөөдөр дэлхий дахины том үйлдвэрлэлийн үйл явц болж хувирч байна. Аливаа улс үндэстэн өөрийн орны соёлын өвийг ардын гар урлалаар дамжуулан үнэ цэнэжүүлж, зах зээлд гаргах хөдөлгөөн өрнөчихсөн. Энэ гайхамшигт газар нутагт ардын гар урлалыг хөгжүүлэх гэсэн гурван үндэслэл бий. Нэгд, Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын их том орон зай байдаг. Монголд ирж байгаа жуулчдын ихэнх нь Орхоны хөндийг зорьж ирдэг. Хоёрт, дэлхийн талыг эзлэн оршин тогтнож байсан Их Чингис хааны Монгол гүрний нийслэл Хархорум хотын туурь энд бий. Хархорум хот XIII зуунд өрнө дорныг холбосон ертөнцийн их хөл хөдөлгөөний газар байсан. Гуравт, Монгол үндэстний хэмжээнд ардын гайхамшигт бүтээлүүдийг туурвидаг үе үеийн алдартнууд энэ газраас төрсөн түүхэн улбаатай гэж хэлж болно. Ардын гар урлалын сургалтыг дэлхийн өвийн зиндаанд гаргаж хэрэгжүүлэх шаардлага гарч ирснээр бид нэг зорилгын дор нэгдсэн. Уг сургалтанд хамрагдсан гар урлаачид цаашлаад нэгдсэн зохион байгуулалтанд орж, сум сумандаа гар урлалын төвтэй, өөр өөрийн өнгө төрхтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үүний зэрэгцээ нэг том холбоонд зангидагдаад дэлхийн зах зээлд хэрхэн гарах арга замыг эрэлхийлж, брэнд бүтээгдэхүүнтэй болох гэх мэт олон асуудлыг бид шийдвэрлэх хэрэгтэй” гэв. 

Хэлэлцүүлгээс гарсан үр дүнгийн тухайд Хархорин сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Лхагвабуд танилцуулж, гар урлал зөвхөн бэлэг дурсгалын төдийд ойлгогдох биш хүн бүрийн өдөр тутмын энгийн хэрэглээнд багтаж хэрэглэгдвэл энэ нь эргээд соёлоо хадгалж үлдэж буйн тод жишээ болох мөн аймаг, орон нутаг, сум бүрийг илтгэх бусдаас ялгагдах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлэх, энэ нь явсаар манай улсын гар урлалын бүтээгдэхүүнийг дэлхийд алдаршуулах арга болохыг онцлон тэмдэглэж тус уулзалтыг өндөрлүүлсэн байна. Уг уулзалтад оролцогчид гар урлаачдыг нэгдэж, хамтын ажиллагаагаа сайжруулж холбоо байгуулан ажиллавал үр дүнтэй болох асуудалд санал нэгдэн, энэ чиглэлээр цаашид хамтарч ажиллахаа мэдэгджээ.

Гар урлаачид урьдын нэг хэв маягийн бүтээгдэхүүнээс татгалзаж, үйлдвэрлэх сонголтоо олшруулж илүүтэй амьдралын энгийн хэв маяг руу хандуулах шаардлагатай бөгөөд боломжтой юм байна. Ийнхүү гар урлаачид бүтээлээ оюуны өмчөөр хамгаалуулах, оюуны өмч, зохиогчийн эрхийн талаар мэдлэг олгоход уг төсөл чиглэгдсэн нь үндэсний шинж чанартай инновацитай бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх нөхцлийг бүрдүүлэхэд ахиц гарсан хэмээн төслийн багийнхан онцоллоо.

У.БОЛОР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж