“Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх гарц буюу дундын хувилбар

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

“Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх гарц буюу дундын хувилбар

“Урт нэртэй” хууль ужиг гацаанаас гарах уу, эсвэл дахиад л гацах уу? Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн Дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ Ээлжит бус чуулганаараа хэлэлцэхээр болсон юм. Гэвч Журмын тухай хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөнийхөн, намуудын эсрэг тэсрэг байр суурийн улмаас Ээлжит бус чуулганаар хэлэлцэхийг хойшлуулж, Намрын чуулганаар нухацтай хэлэлцэхээр болоод байна. Юутай ч Журмын тухай хуулийн өөрчлөлтөөр Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх ямар механизм хайсныг тандаад үзье.   
       
346-д зориулагдсан төсөл 

Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийг Хөрөнгө оруулалтын хуулиар халж буй шиг урт нэрт хуулийг Журмын тухай хуулиар нь хүчингүй болгохгүй. Угаас хомс ус, ойгоо хамгаалах зүй ёсны шаардлагын улмаас “Урт нэртэй” хууль төгс үйлчилнэ. Ирээдүйд бүр ч үнэ цэнтэй гэж Засаг харж байна. Тэр тусмаа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын гол концепци болох уул уурхайн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцлэх гол “багаж” нь “Урт нэртэй” хууль байх болно. Харин Төр гаргасан шийдвэрээсээ буцсаны улмаас золиослогдсон компаниудын эрх ашгийг хэрхэх асуудал дөрвөн жил Засгийг чилээж байгаа. Тиймээс үндсэн хуулиа оролдолгүйгээр Журмын тухай хуулиар гарц хайхаар шийджээ.

Шинэ төслөөр “Урт нэртэй” хуулийн хүрээнд багтсан тусгай зөвшөөрлүүд хууль гарахаас өмнө, гарснаас хойш олгогдсон хэмээн зааглагдах бөгөөд тэдгээрийг хайгуул, ашиглалтаар нь ялгажээ. 2009 оны долдугаар сарын 16  гэсэн өдрөөр улаан шугам татагдаж байгаа.

Хуулийн төслийн амин сүнс нь Урт нэртэй хууль гарахаас өмнө Төрөөс олгочихсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүд дээр тусгай шаардлага бүхий гэрээ байгуулан, ажлыг нь үргэлжлүүлье гэсэн санаа юм. Нэг ёсондоо улаан шугамын өмнөх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд гарц нээсэн хууль гэж тодорхойлж болно. Харин улаан шугамаас хойшхи тусгай зөвшөөрлүүд үг дуугүй цуцлагдана. Юун нөхөн олговор.
 
Мөнөөх шугамын өмнө 346 А лиценз бий. Хуулийн төслийн дийлэнх заалт тэдэнд зориулагдсан. Ашигла, дараа нь нөхөн сэргээ. Зөвшөөрвөл ажиллах, үгүй бол хаях сонголт компаниудын өмнө бий. Гэхдээ хаялаа гээд нөхөн сэргээх үүргээс чөлөөлөгдөхгүй. Тусгай зөвшөөрөл ч нөхөх олговоргүй цуцлагдана. 

Ашиглах сонголтыг хийсэн бол мөнөөх 346 өргөдөл гаргана. Өргөдөл гаргагчийг хэд хэдэн болзол хүлээж байгаа. Эн тэргүүнд хоёр дүгнэлт гаргуулах ёстой. Журмын тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд БОНХЯ гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хил заагийг өмнөхөөс ялимгүй зөөлрүүлэн өөрчилсөн. Энэхүү хил заагт хамааралгүй гэсэн тус Яамны дүгнэлт эхнийх нь. Нөгөөх нь хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ болон олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэхийг тодорхойлсон Уул уурхайн яам, БОНХЯ-ны хамтарсан дүгнэлт байх юм. Тогтоосон нөөцийг ямар зардлаар хэрхэн ашиглахыг Уул уурхайн яамны мэргэжилтнүүд ТЭЗҮ-гээр тооцоод гаргаад ирнэ. Харин БОНХЯ нөхөн сэргээх стандарт, зардлын тооцоон дээр сууна. Дүгнэлтийг Ажлын хэсэг гаргаад тулгачихна. Үйл явдлын дарааллаас харахул хоёр Яамны хамтарсан дүгнэлт нэлээд хугацаа авах ажил бололтой. Өргөдөл гаргах хугацаа 6 сар, өргөдлийг авч хэлэлцээд гэрээ байгуулах нь 6 сар. Хуульд заасанчлан энэ нэг жилийн хугацаанд дүгнэлт гаргах ажлыг эцэслэчих бодол Төсөл боловсруулагчдад бий.  
Дээрх хоёр дүгнэлт ОК гарсан бол Компани баталгаа гаргана. Ордыг ашиглаад БОНХЯ-наас тавьсан стандарт, шалгуурын дагуу нөхөн сэргээгээд хүлээлгэн өгч чадна гэсэн баталгаа. Энэ бүх процедурын дараа Гурвалсан гэрээ байгуулагдана. Талууд нь Ашигт малтмалын газар, Компани, Орон нутаг. Орон нутгийг аймгийн Засаг дарга төлөөлж байгаа.

Бас нэг нөхцөл бий. Тэр нь нөхөн сэргээх зардлыг урьдчилан байршуулах. Одоо үйлчилж байгаа хуулиар тухайн жилийн зардлын 50 хувийг урьдчилж байршуулдаг. Дагаж мөрдөх журмын өөрчлөлтөөр 50 хувийг байршуулахаас гадна үлдсэн 50 хувьтай дүйцэхүйц хэмжээний баталгаа гаргах юм.

Хэрвээ алтны компани бол олборлосон алтаа 100 хувь Монголбанкинд тушаах үүрэг хүлээнэ. Хуулийн хүрээнд хамрагдсан ордын дийлэнхийг алтны ордууд эзэлдэг. Ашиглалтын 346-гийн 200 шахам нь алт бол, хайгуулын 789 лицензийн 216 нь алтных. Засгийн газар Алтны худалдан авалтыг ил тод болгох буюу олборлолтыг нь нэмэгдүүлэх том зорилт өмнөө тавиад байгаа. Журмын өөрчлөлтийг уг зорилттой уялдуулсан төдийгүй алт олборлолтыг нэмэгдүүлэхэд багагүй түлхэц болж чадна гэсэн хүлээлт Төслийг боловсруулагчдад бий. Уул уурхайн яамны тооцоогоор алтны шороон ордын дор 27.4 тонн, үндсэн ордын дор 96.4 тонн алт бий. Нийтдээ 123.8 тонн алт “Урт нэртэй” хуулиар хориглогдсон хилийн зааг дор орчихоод байгаа аж.

Хууль батлагдан гарсны дараа зохицуулах журам гаргаж, гэрээний загварыг Засгийн газраар батлуулна. Арваад төрлийн ашигт малтмал урт нэрт хуульд хамрагдаж байгаа бөгөөд төрөл бүрээр нь гэрээний загвар гарна. Хэрэв Гэрээний заалтыг зөрчвөл тусгай зөвшөөрлийг шууд цуцлах бөгөөд үүнийг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлтээр оруулсан.

Үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлт гаргаагүй болон дурдсан шаардлагыг хангаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлүүд нөхөн олговоргүй цуцлагдах нь. Энэ зарчмыг алтан дээр туршсан туршлага бий. “Урт нэртэй” хуулийн хүрээнд орсон алтны 242 шороон ордод дээрх шаардлагыг тавихад 163 нь өргөдөл өгчээ. Түүний 80-аад нь нөхөх олговор авахгүйгээр талбайнхаа хэсэгчилж хамрагдсан хэсгийг буцааж өгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулсан бол 63 компани 222.5 тэрбум төгрөг нэхсэн байдаг.

Хайгуулын лицензүүд зохицуулалтгүй үлдэв  

Журмын тухай хуулийн төсөлд улаан шугамын өмнөх Х лицензүүд хэрхэх нь тодорхойгүй, зохицуулалтгүй үлдсэн. Төслийг боловсруулагчид хайгуулыг ашиглалттай хамт явуулахаар оруулсан ч Засгийн газраас дэмжлэг авч чадаагүй. Хайгуулыг яривал хавтгайрсан замбараагүй юм болно гэсэн БОНХЯ-ны саналын дагуу зөвхөн ашиглалт дээр эцсийн шийд гарчээ.

“Хайгуул бол эрсдэл. Юм олоогүй нөхдийн эрсдэлийг Төр үүрэх болчихно гэдэг утгаар Засгийн газар хайгуулаас татгалзсан. Гэхдээ ялгаж салгахын тулд ашиглалттай адилхан явуулчих хэрэгтэй юм. 789 лицензийн хайгуулын хугацаа 2018 он гэхэд бүгд дуусна. Тэр болтол хайгуулыг нь явуулчихъя. Ингэхдээ голын урсац бүрэлдэх эх дээр тас хориод ойтой, устай газар бол голын эргээс тийм зайд хайгуул хийхгүй гэдгийг зааж өгөөд явуулж болно. Хайгуулаар үнэхээр орд нээчихвэл ордод нь хатуу шаардлага тавиад явъя. Гарсан үр дүн нь нөхөн сэргээх зардлаа дийлэхээргүй бол бүртгэж аваад баяртай гэж хэлж болно” гэж Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү хэллээ. Гэвч энэ санааг Засгийн газар дэмжээгүй.

Засгаас дэмжлэг авч чадаагүй ч УИХ-ын хэлэлцүүлгийн явцад хайгуулыг зайлшгүй ярилцах шаардлага бий. Ялангуяа оруулсан хөрөнгө оруулалт болоод хайгуулын үр дүн өндөр төслүүдийг ялгаж салгах ёстой. Улаан шугамын өмнө 789 хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа. Дээрх 789-ийн 84 нь 1 тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 386 нь 50 сая хүртэлх төгрөг оруулсан бол 789-ийн тэн хагасаас илүү нь маш бага хөрөнгө оруулсан тооцоо Ашигт малтмалын газарт байна. 

Ганцхан жишээ татахад, төмрийн хүдрийн хувьд Монголдоо бараг хоёрт орох хэмжээний том нөөц тогтоогоод байгаа “Харанга ресорс” компани энэ 789-д багтсан. Хайгуулын хугацаа нь жилийн дараа дуусна. Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй тус компанийн хувьцааг монголчууд олноор эзэмшдэг мэдээ бий. Төсөлдөө нийт 14 сая долларын хөрөнгө оруулсан гэдэг. Иймэрхүү том нөөцтэй, өндөр эрсдэл үүрэн асар их хөрөнгө оруулалт хийж, зардал гаргасан төслүүдийг зөнд нь орхих ёсгүй. Ээлжит бусаар хэлэлцэх Хөрөнгө оруулалтын хуулийн шинэ төслийн агуулгаас харахад ч хөрөнгө оруулалт өндөртэй хайгуулын төслүүдийг зохицуулалтгүй үлдээж таарахгүй. Дашрамд дурдахад, ийм төслүүдийн хувьд стратегийн ордод орох нь хуулийн хүрээнээс гарах нэг гарц байж болохыг төсөл боловсруулагчид үгүйсгэхгүй байна. Учир нь “Урт нэртэй” хууль стратегийн ордод хамаарахгүй.  
 
Түүнчлэн 789-ийг ялгаж салгах өөр нэг үндэслэл бий. Өнгөц харахад 789 өндөр тоо ч үүнээс 77 нь л хуулийн хил заагт бүтэн хамрагджээ. Үлдсэн нь хэсэгчилж хамрагдсан газрууд. Тэдгээрийн хувьд хилийн заагт орсон хэсгээ хасуулаад хуулийн хүрээнээс гарчих боломж бий. Харин бүтэн хамрагдсан 77-д зөв зохицуулалт шаардлагатай. Нэгэнт л Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх гэж байгаа бол ардаа бас нэг асуултын тэмдэг тавьж, хайгуулыг зохицуулалтгүй үлдээх нь яавч зөв гарц биш ээ.
      
Хориглогдсон хилийн зааг эцэслэгдээгүй 

“Урт нэртэй хууль”-д нийт 1336 тусгай зөвшөөрөл хамрагдсан юм. Тэдгээрийн 909 нь  хайгуул, 427 нь ашиглалтынх. Харин Дагаж мөрдөх журмын тухай хуулийн хүрээнд 789 Х, 346 А буюу нийт 1135 лицензийг оруулсан. 200-гаад лицензийн зөрүү гарч байгаа. “Урт нэртэй хууль” батлагдсан 2009 оны долдугаар сарын 16-наас Ерөнхийлөгч ашигт малтмалын лицензийг шинээр олгох, шилжүүлэхэд хориг тавьсан 2010 оны 6 дугаар сар хүртэл 11 сар өнгөрсөн. Энэ хугацаанд олгогдсон зөвшөөрлүүдийг шууд хасчээ.

909 Х лицензээс ийм түүхтэй 120-ийг хассанаар 789 гэсэн тоо гарч байгаа. Харин 427 А-гаас 81 нь эл шалтгаанаар хасагдсан. Гэхдээ бодолцох ёстой нэг зүйл энд бий. 81 А лицензийн 77 нь хууль гарахаас өмнө авсан Х дээр олгогджээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь авсан Х лицензээ хууль гарахаас өмнө А болгож чадаагүй гэсэн үг. Төслийг боловсруулагчид ийм тохиолдлыг хэлэлцүүлгийн явцад ярьж болох юм гэсэн байр суурьтай байна. Харин үлдсэн 4 нь дээр дурдсан 120 дээр авсан А учраас тэдний хувьд үг дуугүй хасагдах бололтой.

Анхандаа “Урт нэртэй” хуулийн хүрээнд 1728 лиценз орж байв. Яагаад 1336 болчихов. 400-гаад лиценз хаачив гэсэн хардлага явах нь зүй. Хилийн заагт хэсэгчлэн орсон талбайгаа компаниуд буцааж өгснөөс тоо ийн өөрчлөгджээ. Алтны шороон ордын 242 зөвшөөрөл дээр ч мөн л өөрчлөлт орсон бөгөөд 10-аад нь үндсэн орд гэж хасагдсан байдаг.

“Урт нэртэй” хууль батлагдсанаас хойш хамрагдсан тусгай зөвшөөрлийн тоо байнга өөрчлөгдөж ирсэн билээ. Энэ нь хилийн заагийг өнөө хүртэл нэг мөр болгон тогтоох үр дүнтэй ажил хийгдээгүйтэй холбоотой. Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан хилийн заагт хайгуул, ашиглалтын 1728 тусгай зөвшөөрөл багтсан юм. Гэвч 174 дүгээр тогтоолоор баталсан хамгаалалтын бүсийг 194 дүгээр тогтоолоор өөрчилсөн байдаг. Энэ тогтоолоор Байгаль орчны яамнаас (хуучин нэрээр) хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд зарласныг баталсан.

Гэвч 194 дүгээр тогтоол асар их хийдэлтэй. Уг тогтоолыг 2012 оны 6 дугаар сарын 5-нд буюу сонгуулийн үеэр пиар хийхийн тулд яарч сандран гаргасан гэдэг. Түүгээр тогтоосон хамгаалалтын бүсийн жагсаалт сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Уул уурхайн яаманд ирсэн бөгөөд Ашигт малтмалын газарт кадастр дээр буулгаж үзэхэд маш их алдаатай гарчээ. Гол алдаа нь сумдын Засаг даргаас ирүүлсэн саналаар тогтоосон усны хамгаалалтын бүсүүд дээр гарсан байна. Мэргэжлийн бус хүмүүс ямар ч үндэслэлгүйгээр цэг солбицол хийсний үр дагавраар зарим солбицол бүр Монгол улсын хилийн гадна тууж явсан тохиолдол цөөнгүй. Нүдэн дээр мэлтийн урсаж буй голыг ч хилийн заагт огт тэмдэглээгүй үлдээсэн жишээ бий.

Санаатай болоод санамсаргүй энэ мэт мадаг ихтэй солбицлыг засахаар хоёр Яамнаас хамтарсан Ажлын хэсэг гарчээ. БОНХЯ дээр координатыг сансрын зургаар хийх ажил явж байгаа ч, төсөв мөнгөний хувьд асуудалтай байгаа сураг бий. Сансрын зургийг аймгууд руу, аймгаас сум руугаа явуулах бөгөөд орон нутаг зургийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрчилнө гэвэл түүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж тавих эрхтэй. Хуулийн төсөлд дүгнэлтийг үндэслэн орон нутгийн ИТХ батлах заалт бий.
 
Координатын алдааг зассаны дараа Журмын төслийг өргөн бариагүйн учрыг хууль боловсруулагчид хугацаа алдахгүйн үүднээс хэмээн тайлбарласан. Мэдээж хугацаа алдах хэн хэндээ ашиггүй. Хамгаалалтын бүсийг мадаггүй тогтоох нь хуулийг хэрэгжүүлэх суурь ажил болох билээ. Түүнийг дагаад тусгай зөвшөөрлүүдийн тоонууд өөрчлөгдөх нь мэдээж. Гурвалсан гэрээ хийхийн тулд компани, орон нутаг хоёр нэг ширээний ард зэрэгцэн сууж, зурган дээрээ ажиллана. Маргаан гарсан тохиолдолд салбарын яамнаас мэргэжлийн хүн очиж нягтлах тул хил заагийн маргаан дахин үүсэхгүй байх найдлага бий.

БОНХЯ-ны буулт

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр хориглогдсон хилийн зааг дээр БОНХЯ дүгнэлт гаргаж, түүнийг орон нутаг батлах тухай зохицуулалт орсон. Уул уурхайд “таагүй” хандлагатай БОНХЯ энэ удаа Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд эрс хатуу зогсдог зарим нэг шаардлагаа уян хатан болгож, буулт хийжээ. Энэ буулт хилийн заагийн хамрах хүрээг аль болох багасгахад чиглэсэн юм. Энгийн хамгаалалтын бүс 400 метр байсныг 200 метрээс доошгүй болгожээ.

Зөвхөн 200 метр гэсэн эл тооны зөрүүнд 100 орчим лиценз хэсэгчилсэн байдлаар орж байгаа. Гэхдээ энэ нь мөнөөх алдаатай солбицлоор хийсэн тооцоолол учраас эцсийн хатуу тоо биш.

Урт нэртэй хуульд Компани, Иргэний нийгэм гэсэн эсрэг тэсрэг хоёр тал бий. Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй тэд хэдийнэ танилцсан, бас саналаа ч өгсөн байх. Байгаль орчны чиглэлийн Иргэний нийгмийн байгууллагууд хардангуй байгаа ч хоёр тийш хараад суугаад байж болохгүй, шийдэл хэрэгтэй  гэж Ажлын хэсгийнхэнтэй ойлголцсон байдаг. Гэвч Ээлжит бус чуулган нээгдсэн өдөр Журмын тухай хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж, Төрийн ордны гадна буу шийдэм гаргахдаа тулж, удирдлагууд нь баривчлагдаад байна. Үйл явц хаашаа эргэхийг одоогоор хэлэхэд бэрх. Харин компаниуд ерөнхий зарчмыг зөвшөөрчээ. Гэхдээ эргэж хараач гэсэн зарим нэг заалт бий.

Дээр дурдсанаар БОНХЯ-наас хоёр дүгнэлт гарахаар байгаа. Уул уурхайн яам хориглох хилийн заагт зөвхөн голын урсац бүрэлдэх эхийг оруулах саналтай байсан ч БОНХЯ хамгаалалтын бүс гэсэн байр сууриа өөрчлөхийг хүсээгүй. Хэдийгээр хамгаалалтын бүсийг 400 метр байсныг 200 болгож буулт хийсэн ч алтны шороон ордууд бүгд хаагдах талтай. Голын хамгаалалтын бүсэд алтны шороон ордын 27.4 тонн алт орж байгаа юм. Тиймээс хамгаалалтын бүс биш, зөвхөн голын урсац бүрэлдэх эхийг хориглохыг тэд хүсч байгаа. Ихээхэн хөрөнгө оруулчихсан төслүүд хамгаалалтын бүсэд орчихоод байна. Тиймээс ашиглалт явуулчихаад тухайн голын урсацыг ашиглахаас өмнө ямар байсан тэр түвшинд нь сэргээж үлдээх тухай зохицуулалт байж болохыг компаниуд санал болгожээ.
 
Гэхдээ БОНХЯ-ны байр суурийг зөвтгөх шалтгаан бий. Буулт хийсэн үндэслэлтэй учир шалтгаан ч тэдэнд байна. Гантай зудтай арван жил өнгөрч, хуртай ногоотой арван жил ирснийг байгаль орчны шинжээчид сануулдаг. “Тунадасны цикл” хэмээх энэ таатай мөчлөг 2010 оноос эхэлсэн. Арван оны зунаас хур чийг хайрласан өдрүүд иржээ. Ийм арван 2020 он хүртэл үргэлжлэх таамаглал бий. Уул уурхайн ажиллагаанаас болж эвдэрч үлдсэн эзэнгүй их талбай уудам Монгол нутагт асар их. Байгаль дэлхий хур тунадасаа харамгүй хайрласан тааламжит үе цагтай нийцүүлэн эвдэрч сөнөсөн газар нутгаа нөхөн сэргээж, өнгөн хөрс бүрдүүлээд авъя гэснээ Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат учирлалаа. Байгалийн араншингийн өмнө хүний хүч ямар мөхөс билээ.

Арван оноос өмнөх байгаль цаг уурын ааш аяг ямархан байсныг эргээд нэг санаарай. Ган, зуд, цөлжилт, шар түйрэн хэмээх үгсийг мартах шахжээ. Эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээнэ гэдэг тийм хялбар ажил биш. Байгаль дэлхийн тааламжит үе цагт дахин дахин уйгагүй нөхөн сэргээлт хийж гэмээнэ өнгөн хөрс бүрдэж чаддаг. Хахир хатуу цагт нөхөн сэргээлт хийнэ гэвэл тааламжит үе цагаас хэд дахин илүү хүч, хөрөнгө зараад ч үр дүнд хүрэхэд бэрхийг байгаль орчны мэргэжилтнүүд сануулж байна. Тиймээс хуртай тунадастай үлдсэн цөөн жилд байгаль дэлхийгээ нөхөн сэргээх, хамгаалах ажлыг идэвхжүүлж, дараагийн халуун хуурай арванаас сэргийлэх ажлыг цаг алдалгүй эхэлье гэсэн салбарын Яамны байр суурь үнэ цэнтэй. Засгийн газар ч энэ Яамны үгийг анхааран сонсож буй байдал анзаарагдаж байгаа. 
           
Юутай ч  урт нэртэй, ужиг маргаантай хууль эл өөрчлөлтөөр дөрвөн жилийн дараа цэгцрэх нь үү гэх найдлага төрж байна. Бүтэн дөрвөн жил ярьж хэлэлцсэн ч олигтой үр дүнд огт хүрч байгаагүй энэ хуулийг хөдөлгөх гэж байгаа бол зөв хөдөлгөх ёстой. Дахиад л маргалдаад хоёр тийш хараад суучих асуудал аль болох үлдээхгүй байх учиртай. “Урт нэртэй” хуулийг гацаасан хэд хэдэн бэрхшээл бий. Эн тэргүүнд, хориглосон хилийн зааг мадаггүй тогтоогдох ёстой. Хууль гарахаас өмнө авсан тусгай зөвшөөрлүүд байгаль орчны хатуу хяналт, шаардлагын дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой. Үр дүнд нь байгаль орчныг сүйтгэсэн газруудад нөхөн сэргээлт хийгдэнэ. Улсын төсвөөс олгох нөхөн төлбөрийн асуудал хөнгөрнө. 

Гэхдээ зохицуулалт үгүйлэгдсэн хоосон орон зай үлдээгүй цагт л үр дүн гарна. Хууль батлагдахаас өмнө олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрлүүд, дээр зарим нэгээс нь дурдсан онцгой тохиолдлууд хуулийн төслийг шүүн хэлэлцэх явцад гарах гарцаа олох учиртай. Гэхдээ байгаль орчинд ээлтэйгээр.
  
УИХ-ын Ээлжит бус болоод намрын чуулганаар шүүн хэлэлцэх эрдэс баялгийн салбартай холбоо бүхий хэд хэдэн хуулийн төслийг харахад хооронд нь уялдуулсан, нэгээс нөгөө рүү шилжилт хийсэн, үйл явдлын дарааллыг тодруулсан нааштай дүр зураг ажиглагдана. Түүний нэг нь ”Урт нэртэй” хуулийн журмын өөрчлөлт юм. Монгол орны нийт газар нутгийн 17.3 хувь буюу 27.2 сая га талбай улсын тусгай хамгаалалтад, 26.7 хувь буюу 41.7 сая га талбай орон нутгийн тусгай хэрэгцээнд бий. 194 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагаар тогтоогдсон талбай Монгол улсын нийт газар нутгийн 33 хувь буюу 52.0 сая га хэмжээтэй. Эдгээр тооны нийлбэрийг Урт нэртэй хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын төсөлтэй цогцоор нь өргөн хүрээнд харвал Монгол улсын нийт газар нутгийн 50 хувь нь үндсэндээ уул уурхайн үйл ажиллагаанд баяртай гэж хэлэх ирээдүйн дүр зураг бий. Харин үлдсэн 50 хувь дээр системтэй, зөв үйл ажиллагаа явуулах ерөнхий агуулга явж байна.

Н.Ариунтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж