-Хамт нэг тойрогт өрсөлдсөн нэр дэвшигчид тань “Улсын Дээд Шүүх асуудлыг хэлэлцээд АН-ын талд шийдвэр гаргасан” гэж хэллээ. Та тухайн үед өөр тайлбар хэлж байсан, Улсын дээд шүүх яг хэний талд шийдвэрээ гаргасан юм бэ?
-УИХ-ын 2012 оны сонгууль өнгөрснөөс хойш нэг жилийн турш Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёртой холбоотой асуудал шат шатны шүүхээр хэлэлцэгдсээр эцсийн байдлаар бидний талд шийдвэр гарсан. Тухайлбал, Улсын Дээд Шүүхийн энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор бид хоёртой холбоотой АН-ын нэр дэвшигчдийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа тэд шүүхэд дахин хандсан. Харин шүүхээс есдүгээр сарын 13-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Ингэснээр 2012 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоныг хүлээн зөвшөөрсөн тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай тэдний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ийм л шийдвэрийг Улсын дээд шүүх эцсийн байдлаар гаргасан. Гэвч АН-ын хоёр мушгиж яриад байна. Тэд ингэж яриад байгаа нь энэ удаагийнх ч биш, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Увс аймагт болсон Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр бидний талд гарсан. Гэтэл маргааш нь хэвлэлээр тэр хоёрын талд шийдвэр гарсан юм шиг мэдээлж байсан. Тухайн үед бид “Хэрвээ шүүхийн шийдвэр АН-ын талд гарсан бол гомдол гаргахгүй” гэдэг байр суурьтай байсан. Гэвч тэд ялсан гэж ярьсан мөртлөө гомдол гаргасан. Дараа нь нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх АН-ын хоёрын талд гарсан. Дараагийн хоёр удаагийн УДШ-ийн шийдвэр хоёулаа бид хоёрын талд гарсан. Шүүхийн шийдвэр бол ийм л байдлаар гарсан.
-Гэхдээ та хоёрын сонгуулийн сурталчилгаанд ажилласан хүмүүсийг мөнгө тараасан гэж үзээд шүүхээс ял өгсөн. Энэ чинь өөрөө та хоёрыг буруутай хэмээн үзсэн хэрэг биш үү?
-Өнгөрсөн оны УИХ-ын сонгууль шинэ хуулийн дагуу болж сонгогчид тойрогт нэр дэвшигч болон намын нэрээр нэр дэвшсэн нэр дэвшигчийн төлөө санал өгсөн. Тойрогт нэр дэвшигч нь өөрсдийн сонгуулийн штабт ажиллах хүмүүсийнхээ нэрийг Сонгуулийн тойргийн хороонд сонгууль эхлэхээс өмнө албан ёсоор гаргаж өгсөн. Мөн нам хүмүүстэй тусдаа гэрээ байгуулж ажлуулсан. Нэр нь дурдагдаад байгаа хүмүүсээс миний сонгуулийн штабд ажиллаж байсан нэг ч хүн байхгүй. Тэднээс Б.Чойжилсүрэн гишүүний сонгуулийн сурталчилгаанд ч ажилласан хүн байхгүй. УИХ-ын сонгууль болж байх үеэр миний туслахаар н.Баторших, н.Чимэддорж, н.Батцогт нар ажиллаж байсныг удаа дараа хэлсээр байхад л Ч.Хүрэлбаатарын туслах гээд л яриад байна шүү дээ.
-Т.Мэндсайхан, Д.Нямхүү нар “Б.Чойжилсүрэн та хоёрын нэрийг УИХ-ын гишүүнээс татуулахаар Сонгуулийн ерөнхий хороонд хандсан” гэсэн. Хууль эрх зүйнхээ хувьд ийм боломж бий юу?
-Ингэж ажиллавал хууль бус шийдвэр болно шүү дээ. Сонгуулийн ерөнхий хороо УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг эсвэл Ардчилсан намын Ерөнхий нарын бичгийн даргын шийдвэрийг биелүүлдэг байгууллага биш. Энэ байгууллага улс төрөөс ангид байж хуулийн дагуу шийдвэр гаргадаг. Хоёрт, СЕХ нь сонгууль зохион байгуулах, нэр дэвшигчид тангараг өргөх хүртэлх үйл ажиллагаа явуулдаг болохоос тангараг өргөчихсөн гишүүнээр оролддог байгуулага биш. Сонгуулийн тойргийн хороо эцсийн шийдвэрээ гаргаад түүнийг нь СЕХ хүлээн зөвшөөрөөд бид хоёрыг тангараг өргүүлсэн. Одоо тэр сонгуулийн тойргийн хороо ч татан буугдаад удаж байна. Тэгээд ч тангаргаа өргөчихсөн УИХ-ийн гишүүнийг эргүүлэн татах асуудал нь Сонгуулийн тухай хуулиар биш УИХ-ын тухай болон Монгол Улсын Үндсэн хуулиар зохицуулагддагыг санах учиртай. СЕХ огтхон ч хамаагүй.