Израйль Аюулгүйн зөвлөлийн суудлын төлөө хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Израйль Аюулгүйн зөвлөлийн суудлын төлөө хүч үзнэ

НҮБ-ын байгууллагууд дундаас гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх эрхтэй цорын ганц байгууллага болох Аюулгүйн зөвлөлд Израйль улс суудал олж авахаар эрмэлзэж байгаа гэнэ. Энэ тухай НҮБ дахь Израйлийн элч төлөөлөгч Рон Проспор өнөөдөр мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр Израйль улс 2019-2020 оны хооронд Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон болохоор Герман, Бельги улсын эсрэг өрсөлдөх ба ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Гэхдээ Израйль улс Аюулгүйн зөвлөлийн гишүүн болохын тулд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 193 орны гуравны хоёрынх нь дэмжлэгийг авах ёстой гэнэ. Мөн Аюулгүйн зөвлөлд нэр дэвшигчдийг НҮБ-ын гишүүн орнуудыг бүсчлэн хуваасан таван бүлгээс санал болгох ёстой байдаг аж. Харин дүрмийн дагуу Ойрхи-Дорнодын бусад орнуудтай адил НҮБ-ын Ази-Номхон далайн бүлгийн гишүүн байх ёстой Израйль улс удаа дараа уг бүлэгт элсэхэд хориг тавиулж байсан аж. Харин Израйль улс 2000 онд НҮБ-ын Баруун Европ болон бусад бүлэгт элсэж чадсан байна. Үүний зэрэгцээ Израйль улс нь нэгэнтээ НҮБ-ын Ерөнхий ассамблейн дэд ерөнхийлөгчийн албыг хашсан боловч хэзээ ч Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон болж чадаагүй юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хоёр жил тутамд солигдож байдаг 10 суудал байдаг бол АНУ, Их Британи, Франц, ОХУ, Хятад гэсэн таван улс байнгын гишүүн орнууд юм. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн эдгээр таван орон нь аливаа улсын эсрэг дангаараа хориг тавих эрхтэй байдаг билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж