Т.Билэгтийн хэргийг прокурорт хянаж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Т.Билэгтийн хэргийг прокурорт хянаж байна

НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хурал энэ сарын 15-нд товлогдсон талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Энэ талаар Нийслэлийн шүүхийн албаны эх сурвалжаас тодруулахад “Одоогоор энэ хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж байгаа. Шүүхэд шилжин ирээгүй байна” гэв. Мөн “Т.Билэгтийн албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргийг хянаад бараг дуусч байгаа. Тун удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэдгийг Нийслэлийн прокурорын эх сурвалж баталлаа.

МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргээс тусгаарлан шалгаж буй хэрэгт НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг сэжигтнээр татан, буруутгаад байгаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хувьчлах захирамж гаргаж байсан учир уг барилгуудыг хууль бусаар өмчилсөн хэрэгт буруутгагдаад байгаа юм. Т.Билэгтийн хувьд Н.Энхбаярын хэргийг шалгаж эхлэхээс өмнө буюу 2011 оны арваннэгдүгээр сард гадаад улсыг зориод сураггүй болоод байсан. АТГ-аас түүнийг энэ оны эхэн үеээс эхлэн Интерполоор эрэн сурвалжилж байсан юм. Харин тэрээр өнгөрсөн долдугаар сард Монголд эргэн ирснээр байцаалт өгч эхэлсэн. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж