АПЕК-ын сайд нарын уулзалтад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

АПЕК-ын сайд нарын уулзалтад оролцож байна

АПЕК-ЫН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД
МОНГОЛ УЛС АНХ УДАА ОРОЛЦОЖ БАЙНА

Индонезийн Балид энэ сарын 4-5-нд зохиогдож байгаа Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд АПЕК-ын дарга орон-Индонезийн Засгийн газрын урилгаар тусгай зочноор оролцож байна.

Монгол Улс АПЕК-т гишүүнээр элсэх албан ёсны хүсэлтээ 1993 онд анх тавьснаас хойш тус байгууллагын өндөр түвшний уулзалтад ийн анх удаа уригдан оролцож байгаа юм.

Гадаад харилцааны сайд Л.Болд АПЕК-ийн 2013 оны дарга орон Индонезийн Гадаад хэргийн сайд Марти Наталегаватай хоёр талын уулзалт хийлээ. Сайд Л.Болд, Монгол Улсыг анх удаа АПЕК-ын өндөр түвшний уулзалтад зочноор урьж оролцуулж байгаад талархал илэрхийлээд хоёр талын харилцаа болон олон талт, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Гадаад харилцааны сайдын энэхүү айлчлал нь Монгол Улсыг АПЕК-т гишүүн эдийн засгаар элсэхэд чиглэсэн чухал алхам болохыг дурдаад Индонез Улс Монгол Улсыг АПЕК-т гишүүн орноор элсүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ дахин нотлов.

Бүс нутаг төдийгүй дэлхийн нөлөө бүхий эдийн засгийн нөлөө бүхий эдийн засгийн хамтын ажиллагааны энэхүү байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцид гүнзгий оролцох, бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэхэд чиглэсэн чухал зорилт юм.

АПЕК-ын дарга орны урилгаар тус байгууллагад элсэх эрмэлзэлтэй орнууд сүүлийн жилүүдэд зочноор оролцож байгаагүй бөгөөд 2013 оны сайд нарын уулзалтад зөвхөн Монгол Улс ийнхүү зочноор уригдан оролцож байна.

АПЕК-ын сайд нарын уулзалтад Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж, сайдын зөвлөх А.Батпүрэв нар оролцож байна.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж