Ургац хураалтад шатахууны үнэ саад учруулж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Ургац хураалтад шатахууны үнэ саад учруулж байна

-Ургац хураалтад шаардлагатай шатахууныг бөөний үнээр олгохгүй байна-

Жил бүрийн өдийд намрын ургац ямаршуухан байгаад санаа зовж, хурааж авсан ургац маань бүтэн жилээ даах болов уу гэж түгшдэг. Тариаланчид хураасан ургацаа хурааж авахаасаа илүү хэдээр борлуулахдаа санаа зовж байна. Үнийн хувьд, нэг тонн улаанбуудайг тариаланчдаас 320 мянган төгрөгөөр авах бол одоогоор эрт ургацын нэг кг төмсийг нийслэлд доод тал нь 500 төгрөгөөр худалдаж байна. Улаанбуудайн энэ үнийн тухайд, зөвхөн Тариалан эрхлэлтийг дэмжих санд улаанбуудайгаа тушаасан тариаланчдаас 320 мянган төгрөгөөр худалдаж авч, үүн дээр 100 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор болсон гэдгийг санах нь зүйтэй.

Ургац хураалтыг энэ жил цаг агаарын “ааш араншин”-гаас хамаарч буюу таагүй байх цагаар тариалалт, болцуудаа бүхий л бололцоогоороо хамгаалах байдлаар тэсч, цаг агаар сайжрахад ургац хураалтаа түргэсгэсээр одоо 65 гаруй хувьтай боллоо. Үндсэндээ 10 дугаар сарын 25-ны дотор дуусгахыг хичээн буй ч ургац хураалтад шатахууны асуудал сөргөөр нөлөөлж байгааг салбарынхан нуултгүй хэллээ. Ургац хураалтын ажилд нийт 6.0 мянган тонн шатахуун шаардлагатай тооцоо гарсан. Ийнхүү улсын хэмжээнд ургац хураалт эхэлснээс хойш Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Жаргалант сумдад 1-2 өдрөөр шатахуун тасалдаж байсан бол бусад бүс нутгуудад өнөөдрийг хүртэл шатахууны хангамж хэвийн байгаа гэх юм. Гэтэл энэ хүртэл улсын хэмжээнд шатахууны нөөц хангалттай тухай албаныхан удаа дараа мэдэгдэж байсан ч тариалангийн бүс нутагт шатахуунтай холбоотой асуудал гарсаар байна. Тодруулбал, шатахууны борлуулалт, үнэ нь ойлгомжгүй байгаагаас ихээхэн хүндрэлтэй байгаа буюу орон нутгаас авсан мэдээллээр наймдугаар сарын 1-нийг хүртэл шатахууны бөөний үнэ 1620 төгрөг байжээ. Тэгвэл үүнээс хойш өнөөдрийг хүртэл орон нутагт бөөний үнээр шатахуун олгохоо больж, зөвхөн шатахуун түгээх станцуудаар дамжуулан бага хэмжээний шатахууныг жижиглэнгийн буюу дунджаар 1800-1850 төгрөгөөр борлуулж байна. Томоохон аж ахуйн нэгжүүдэд шатахууныг бөөний үнээр олгохгүй байгаа бөгөөд олгосон тохиолдолд 1920-1950 төгрөгөөр буюу сумдын шатахуун түгээх станцад байгаа үнэнээс 100-150 төгрөгөөр ахиу, дээр нь тээврийн зардлаа хариуцаж авахаар нөхцөл тавьж байгаа нь тухайн ААНБ-ууд шатахууны хомсдолд ороход хүргэж байна. Дээрх нөхцөл байдал нь тариалангийн голлох бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон аймгийн тариалан бүхий аж ахуйн нэгжүүдэд учраад байгаа бөгөөд Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий зэрэг аймгийн ААН-үүд сумын төвийн шатахуун түгээх станцаар буюу байнга жижиглэнгийн үнээр хэрэгцээт шатахуунаа авч байна.

Ийнхүү 10 дугаар эхний 10 хоногт цаг агаар харьцангуй тогтвортой байх урьдчилсан төлөвтэй тул энэ хугацаанд хураалтын ажлыг  эрчимжүүлэх, шатахуунаар тасалдалгүй хангах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж