&#34Д.Зоригтыг тангараг өргүүлэхийг хүлээн зөвшөөрөөгүй&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

&#34Д.Зоригтыг тангараг өргүүлэхийг хүлээн зөвшөөрөөгүй&#34

"Д.Зоригтыг тангараг өргүүлэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй"

Увс аймгаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын УИХ-ын гишүүний мандатыг Сонгуулийн ерөнхий хороо хүчингүй болгох ёстой гэж АН мэдээлээд байгаа. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдоос зарим асуултад хариулт авлаа.

-АН-ын үзэж байгаагаар хоёр гишүүний мандатыг хүчингүй болгох асуудлыг СЕХ  шийднэ гэж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ын удирдлага, Увс аймагт АН-аас нэр дэвшээд ялагдсан зарим хүмүүс нийгэмд буруу ойлголт өгөөд байна. МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын мандатыг хүчингүй болгох асуудлыг СЕХ шийдэх мэтээр ярьж явна. Ийм зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Нэгдүгээрт СЕХ гэдэг байгууллага, сонгуулийн явц, үр дүнг зохион байгуулдаг. Энэ хэмжээндээ УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсээ Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлээд гишүүд тангараг өргөснөөр СЕХ-ны хийх ажил дуусдаг. Үүнээс хойш СЕХ-ноос тангаргаа өргөөд бүрэн эрхээ хэрэгжүүлж буй гишүүдийн мандатыг хүчингүй болгох  үндэслэл  байхгүй. Үүнийг СЕХ сайн ойлгож  байгаа  байх. Манай хоёр гишүүний асуудлаар сонгууль дууссаны дараа гомдол шүүхэд ирж, энэ нь шат шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Хамгийн сүүлд Дээд шүүхээс хууль зөрчөөгүй болохыг баталсан. Ингээд СЕХ нэрийг нь өргөн мэдүүлж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний дараа хоёр гишүүний бүрэн эрхийн тухай ярьж байгаа нь утгагүй. Энд зөвхөн улстөржилт, хожигдсон нөхдүүдийн арга ядсан хувилбар л явж байна. Хэн дуртай хүн, хэн дуртай байгууллага, хэн дуртай улс төрийн хүчин улс төрийн ашиг сонирхлоор гишүүнээс нь татдаг тогтолцоо үйлчлээд эхэлвэл УИХ-ын сонгууль явуулахын хэрэг юу байна. Өргөн утгаар нь аваад үзвэл Монгол улсын төрийн дархлаа суларна. УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд янз бүрийн хууль бус нөлөөллөөс гадуур тогтвортой ажилладаг байх ёстой. Энэ бол их хуралд байгаа хэдэн хүнийг гишүүн байлгахын тухай асуудал биш. Монголын төр өөрөө тогтвортой байх асуудал. Сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээс эхлээд, сонгогдсон хүмүүс нь хариуцлагатай байх зэрэг цогц хариуцлагын тогтолцоо. Энэ тогтолцоо зөв явах хэрэгтэй. Түүнээс анхнаасаа буруу хүн нэр дэвшүүлчихээд дараа нь төрийг нааш нь цааш нь сэгсэрдэг байж болохгүй. Төрийн тогтворгүй байдлыг ашиглаад гадны хүчин зүйл нөлөөлөхийг ч  үгүйсгэх аргагүй.

-Мөнгө тараасан нь тогтоогдсон гэдэг зүйлийг л яриад байгаа шүү дээ. Янз бүрээр тайлбарлаад байхаар ард түмэн хэнд нь итгэхээ мэдэхээ болчихоод байна.

-Тэрийг хууль шүүхийн байгууллагаас нь асуу. Бидний зүгээс хэлэх зүйл гэвэл  шүүх буруугүй гэдгийг нь тогтоосон, энэ бол эцсийн  шийдвэр. Үүнээс цааш ярих юм байхгүй. Харин тэрийг дотор нь яаж тайлбарлах, ямар өнцгөөс харах нь хувь хүмүүсийн, тэр дундаа ялагдсан хүмүүсийн асуудал. Тийм эргэлзээ байгаа бол өөрсдөөс нь асуух нь зөв байх.

-Хоёрын эсрэг хоёр гэдэг ойлголт бий болчихлоо. Саяхан АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарыг эргүүлэн татах ёстой гэж Өвөрхангайн иргэд хандсан гэдэг мэдээлэл цацагдсан. Энэ мэдээллийн араас Увсын хоёрыг яриад эхэллээ л гэж байна. Сандал, суудлын төлөө улиараад байгаа мэт харагдаж   байна л даа?

-Өвөрхангай аймгийн сонгогчид өөрсдийнхөө итгэл үнэмшлээрээ ийм асуудал тавьж байгаа юм билээ. Хаана асуудлаа тавьсан байна, тэр газар нь хянаж шалгаад хариуг нь өгөх ёстой. Ер нь Өвөрхангай аймгийн сонгогчдын саналыг улс төрийн аргаар луйвардаж авсан гэдэгтэй би санал нэг байна. Шүүх хурлууд нь яаж явсан, юунд буруутгасан, асуудлыг нь харьяаллын бус шүүх шүүрч аваад өөрсдийг нь оролцуулахгүйгээр шийдвэр гаргасан. Шүүхийн үйл ажиллагааг зөрчсөн шийдвэртээ дөрөөлж дараа дараагийн шийдвэрийг гаргасаар л ийм байдалд хүрсэн. Үүнийхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй, Өвөрхангай аймагт очоод үүнийг асуувал улс төрчдөөс илүү үнэн зөв мэдээллийг өгөх байх.
 
-Хоёр нам маргаантай тойргийнхоо гишүүдийг тангараг өргүүлэхдээ тохиролцоо хийсэн гэдэг. Тохиролцооноосоо АН буцсан  юмуу?

-Энэ УИХ байгуулагдсанаас хойш их олон зүйл зөвхөн эрх баригчдын хүчээр, тулгалтаар явагдаж байгаа. Бид бололцоотой бүх хэлбэрээр тэмцэж байна. Энэ явц дунд хүчинд автах, хүчээр асуудлыг шийдэж байгаа тохиолдолд энэ нь болохгүй, цаана нь олон арван  мянган сонгогчдын эрх ашиг бий. Үүнийгээ эргэж харах ёстой, ямар арга хувилбар байх вэ, улс төрийн зөв уур амьсгал бий болгох, Монгол төрийн тогтолцоог бий болгож буй энэ үйл явцад бага ч гэсэн итгэл найдварыг сонгогчдод үлдээх зэрэг асуудлаар ийм ийм алхмууд хийх хэрэгтэй гэж ярьж байсан зүйлүүд бий. Уг нь бол эхнээсээ ингэж явах ёсгүй юм л даа. Болохгүйг нь ойлгуулах үүднээс бага ч гэсэн хохиролтойгоор асуудлаас гарах үүднээс хийж байсан яриа хөөрөө бий. Тухайн үед үүссэн нөхцөл байдлыг ашиглаад СХД-ээс нэр дэвшиж сонгогдсон гишүүн тангараг өргөхийг нь далимдуулаад Д.Зоригт гишүүнийг тангараг өргүүлсэн. Д.Зоригт гишүүнийг тангараг өргүүлэх ёстой гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй байсан.

С.ОТГОНСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж