Тэрэлжийнхэн номын дуу сонслоо

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Тэрэлжийнхэн номын дуу сонслоо

Монголд аялсан жуулчдын 35,5 хувь нь Горхи-Тэрэлжийн бүс нутгаар аялсан байдаг ажээ. Тиймээс нийслэлийн Аялал жуулчлалын газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Монголын зочид буудлуудын холбоо хамтран нийслэлийн аялал жуулчлалын бүс болох Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэр буудлуудын үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор сургалт зохион байгууллаа. Горхи-Тэрэлжийн бүс буюу Налайх дүүргийн зургадугаар хороог хот орчмын аялал жуулчлалын гол төв, нутгийн иргэдэд түшиглэсэн хариуцлагатай аялал жуулчлалын жишиг суурин болгон хөгжүүлэх зорилт тавиад байгаа юм. Энэ дагуу тус бүс нутагт  очиж, “Гурван түргэн” гэр буудалд гадаалсан сургалт явуулж, 68 байгууллага хамрагдсан байна.

Гэр буудлын хаалга, хаягнаас нь эхлээд зочны гэрийн тавилга хэрэгслийн стандарт, эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм журам, хөдөлмөрийн болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, гэр буудлын ажил үүргийн хуваарь, алба хоорондын бүтэц, уялдаа холбоо зэрэг асуудлыг үзүүлэх сургалтаар хөндсөн байна. Тэрэлж, Налайхын бүс нутгийн аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд бусдаас өвөрмөц, дээд зэрэглэлийн, шинэлэг үйлчилгээг гадаад, дотоодын жуулчдад үзүүлэх ёстой гэдэгтэй үйлчилгээ эрхлэгчид санал нэгджээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж