Телемедициний технологиор мэс засал хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Телемедициний технологиор мэс засал хийлээ

Зайны оношилгоо, эмчилгээний Телемедициний технологийг Монголд амжилттай нэвтрүүлж байна. Тодруулбал,  өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор Л.Амгалангийн зөвлөгөөгөөр  Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч н.Чойжилжамц, н.Нарантуяа нар дээрх технологийг ашиглаж мэс засал амжилттай хийжээ. Энэ нь  мухар олгойн үрэвслийн хүндрэлээс үүдэлтэйгээр хэвлийн хананд зориудаар гаргасан нүх битүүлэх, гэдэс залгах мэс засал байсан бөгөөд хоёр цаг 30 минут үргэлжилж, амжилттай болсон байна. Ингэснээр анагаах ухааны салбар өндөр хөгжсөн орнуудад ашигладаг эмнэлгийн тусламж үйлчилгээний нэг хэлбэр болсон телемедициний буюу  зайны оношилгоо, эмчилгээний технологи Монгол Улсад хөгжих бололцоо нээгдсэн ажээ. Энэхүү технологийн тусламжтайгаар иргэдэд орон зай, цаг хугацаанаас үл хамаарч эмнэлгийн тусламж үйлчилгээг эдийн засгийн хэмнэлттэйгээр хүргэх бүрэн боломж бүрдэж буйг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Монголын эрүүл мэндийн салбарт 2009 оноос эхлэн мэдээллийн технологи ашигласан эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгээс ирсэн хүсэлтийн дагуу 75, яаралтай тусламжийн чиглэлээр 60 удаа төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд өгсөн талаар албаныхан мэдээллээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж