Хятадын Хуаши дүүрэгт оршин суудаг Сьяо Фен нэртэй хоёр настай хүү ихэр дүүгээ гэдсэндээ тээж байсан мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Тэр болгон тохиолдоод байдаггүй хачирхалтай тохиолдлоор Сьяо Фен хүүгийн нөгөө ихэр нь түүний биед орж бойжсоноор гэдэс нь маш том болж томорсон байдалтай эмнэлэгт ирсэн аж. Эмч нар хоёр настай хүүгийн хийлсэн бөмбөлөг шиг болж томорсон гэдсийг томографын аппаратаар харсныхаа дараа түүнийг “жирэмсэн” гэдгийг олж мэдсэн бөгөөд тэр даруй хагалгаа хийж, “шимэгч” ихрийг нь гарган авсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр хүүгийн гэдсэн дотор бойжиж байсан шимэгч ихэр нь 20 см-ийн өргөнтэй болсон байсан бөгөөд сээр нуруу, гар, хөл нь ургасан байсан гэнэ. Энэхүү шимэгч ураг нь Сьяо Фений гэдэсний гуравны хоёрыг нь эзэлж, бусад эрхтэнүүдийг нь шахсанаас хүү амьсгалахад хүндрэлтэй болсон байжээ.
Б.АНХТУЯА