Төмөр замчид алдагдлаа бууруулна

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Төмөр замчид алдагдлаа бууруулна

“Монгол Улсын төмөр замын шинэчлэл” сэдэвт төмөр замын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр “Чингис” зочид буудалд боллоо. Зам тээврийн сайд А.Гансүх зөвлөгөөнийг нээж үг хэлсэн үгэндээ “Хорьдугаар зууны хамгийн том бүтээн байгуулалт бол төмөр зам бөгөөд манай улсын өнөөгийн хөгжлийг төмөр зам тээж ирсэн” гэсэн нь уг салбарын гавьяаг товч бөгөөд тодорхой дүгнэсэн хэрэг байлаа. Төмөр замын хамгийн анхдагч, одоо ч онцгой байр суурьтай хэвээр байгаа “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг юм. Тус нийгэмлэгийн эрх мэдлийн 1100 км төмөр зам нь долоон аймгийн төвийг дайран өнгөрдөг бөгөөд нийтдээ 75 өртөөтэй Ази Европыг холбосон хамгийн дөт коридор гэдгийг тус нийгэмлэгийн Замын даргын үүрэг гүйцэтгэгч  Г.Сэрээнэндорж онцолж байлаа. Олон улсын хэмжээнд авч үзвэл манай улсын төмөр зам гуравдугаар зэрэглэлийнх бөгөөд хойд урд хоёр хөршийнхөө хаана нь ч хүрэхээргүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Өнөөдрийн байдлаар зорчигчдын галт тэрэг 90 км, ачаа тээвэрлэлтийн хурд 80 км юм байна. Төмөр замын паркийн хувьд ерөнхийдөө хуучирсан. Зүтгүүрийн 60 хувь нь 25-аас дээш жил ашигласан байдаг гээд тоочвол бэрхшээл их ажээ. Замын дэрийг модоор хийхээ больсноос хойш 613 км замын дэрийг төмөр бетоноор хийсэн бол одоо 503 км үлдээд  байгаа гэнэ.

Ачаа тээвэр анх удаа 20 сая тоннд хүрчээ

Ачаа тээврийн дээд хэмжээ 25 сая боловч өнгөрсөн онд л анх удаа 20,4 сая тоннд хүргэсэн байх юм. Энэ оны эхний есөн сард 15,5 сая тонн ачаа тээвэрлэжээ. Хэдийгээр эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспорт буурч байгаа ч оны төгсгөлд  ачаа тээврийн хэмжээгээ 20,6 сая тоннд хүрэх боломжтой гэж тооцоолж буй ажээ. Улаанбаатар төмөр замын хувьд хэд хэдэн төрлийн ачаанаас байнга алдагдал хүлээж байдгийг Замын дарга нь онцоллоо. Хамгийн их алдагдалтай нь хүнсний бүтээгдэхүүн аж. Хүнс тээвэрлэлтээс 42 хувийн алдагдал хүлээхийн дээр модыг 18,5 хувь, нүүрсийг 30 хувь, чингэлгийг 10,1 хувийн алдагдалтай тээвэрлэдэг байна. Зорчигч тээврийн хувьд ч өнгөрсөн онд нийтдээ 24,4 тэрбум төгрөгийн алдагдалтай байжээ. Харин төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайр, экспортын нүүрс болон транзит ачааг ашигтай тээвэрлэж түүнээсээ бусад төрлийн ачааны алдагдлаа нөхөөд зогсохгүй ажилчдынхаа цалин хөлс, нийгмийн асуудлыг шийддэг гэдгээ төмөр замчид хэлж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хувьд нийт зардлын 38 хувь нь түлшинд, 27 хувь нь ажиллагсдын цалинд зарцуулагддаг байх юм. Цаашдаа ачаа тээврийн хэмжээг 45 саяд хүргэх саналыг ХНН-ийн ерөнхий зөвлөлд хүргүүлээд байгаа ажээ. Ерөнхий зөвлөлөөс зөвшөөрөл ирсэн тохиолдолд хөрөнгө мөнгөө хаанаас, хэрхэн босгох, төмөр замаа хэрхэн өргөтгөх төсөл хөтөлбөрөө боловсруулах ажээ. Хэтдээ бол Улаанбаатар төмөр замын хос замтай болгохоос аргагүй гэдэгтэй тус нийгэмлэгийн удирдлагууд санал нэгдээд байгаа юм байна. Тэгсэн цагт ачаа тээвэрлэлт 100 сая тоннд хүрэх ажээ.

Улаанбаатар төмөр зам ХНН өдгөө 14997 ажиллагсадтай.  Энэ оны наймдугаар сараас ажиллагсдын цалинг 15 хувиар нэмснээр цалингийн зардал түлшнийхтэй дүйж очих магадлалтайг онцолж байлаа. Одоогийн байдлаар төмөр замчдын дундаж цалин нэг сая төгрөг ажээ.

Шинэ төмөр замд монголчууд ажиллаж байна

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ “Шинэ төмөр зам” төслөө танилцуулав. Түүний танилцуулснаар “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд хэвтээ тэнхлэгийн дагуу 1800 км төмөр зам барина. Одоогийн байдлаар Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн 225 км төмөр замын бүтээн байгуулалт ид өрнөж байна. Энэ ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “Samsung” корпораци ажиллаж буй бол туслан гүйцэтгэгч  үндэсний 12 компанид нийтдээ 1300 гаруй ажилчин ажиллаж байгаа нь цөм монголчууд  юм байна. Хойшид ч туслан гүйцэтгэгчээр монголчуудаа түлхүү ажиллуулна гэж П.Бат-Эрдэнэ тодотгож байлаа.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж