Зохиолч, сэтгүүлч С.Сосор “Хүнчин” киноноос гадна “Мөрөөдөл” телевизийн бүтээл, “Нарны жиргээ” богино хэмжээний хүүхдийн цуврал кино, “Өршөө эгч минь” драмын жүжиг туурвисан юм. Түүний “Өршөө эгч минь” драмын жүжгийг Эрдэнэтийн хүүхэд залуучуудын театрт найруулан тавьсан байна. “Хүнчин” романы нээлтэд С.Сосорын багш Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Д.Амбэсэлмаа, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Цоодол, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Х.Дамдин, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Ц.Байды, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Ж.Саруулбуян нар оролцох юм байна. Түүнчлэн Гавьяат жүжигчин У.Уянга, залуу дуучин Я.Гэрэлчулуун, О.Баянмөнх нар ая дуугаа өргөнө. Номын нээлтийн үеэр “Хүнчин” романыг 50 хувь хямдралтай үнээр худалдаалах юм байна.
“Хүнчин” номын нээлт өнөөдөр болно
Утга зохиол судлаачдын төдийгүй уншигчдын анхаарлыг татаад байгаа “Хүнчин” номын нээлт өнөөдөр 17.00 цагт “Мөнхийн үсэг” компанийн байранд болно. “Хүнчин” роман зохиол болон хэвлэгдэхээсээ өмнө ШШГЕГ-ын 90 жилийн ой баяраар кино бүтээл болон гарч байжээ. Кинонд хоригдлуудын, тэр дундаа хүнд ял эдэлж буй яллагдагчдын амьдралыг буулгах гэж гяндангийн орчинд сар гаруй болохдоо кино зохиолоо улам сайжруулан “Хүнчин” романыг туурвижээ. “Болор судар” хэвлэлийн газарт редакторын албанд зүтгэдэг зохиолч бүсгүй С.Сосор урьд нь бусдын бүтээлийн алдаа оноог шүүн дэнсэлдэг бол одоо өөрийн бичсэн бүтээлээ уншигчдадаа хүргэхээр догдлон хүлээж байгаа юм. Тэрбээр саяхан өлгийнөөс гарсан шинэ романыхаа тухай хэлэхдээ “Хүний л тухай ном доо. Харахад чи бид бүгдээрээ л махан бие, цусан зүрхтэй, хоёр хөл, хоёр гартай, нэг толгойтой хүн тийм үү. Гэвч хоёр хөл хохимой толгойтой бүхэн яг хүн мөн үү. Хүн гэж чухам хэн юм бэ. Би хүн мөн үү гэсэн бодол эргэцүүлэл хүн болгонд төрдөг болов уу. Хүн гэж хэлэхэд даанч хэцүү, араатан амьтнаас ч долоон дор амьтад бас байдаг шүү дээ амьдралд. Хүн гэж амьтны бусад амьтнаас ялгарах онцлог, мөн чанар гэж нэг юм байдаг. Тэр мөн чанарыг л гаргахыг хичээсэн дээ” хэмээн даруухан өгүүлж байна. Номыг “Болор судар” хэвлэлийн газар ивээн тэтгэн гаргажээ.
Д.ЦЭЭНЭ