Долоо хоногийн онцлох ярилцлага

Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага

Яагаад хүмүүсийг буудсан хэргийг замхруулав?

Цаг хугацаа бүхнийг эдгээдэг гэсэн
үг бий. Тэгэхдээ энэ бол хадаж авсан өвс ногоо эргээд ургадаг тухай л
болов уу. Тэрнээс ханзлаад хуваачихсан сэтгэлийн шарх эргэн анина гэсэн
үг биш байх аа. 7-р сарын 1-ний үйл явдал мартагдаж болохгүй, ер нь бол
цаг нь ч болоогүй гэсэн утгаар ингэж хэлсэн юм. Үйл явдлыг сануулахын
дээр учир, учгийг нь хөөх зорилгоор манай сонин энэ сэдвийг эргэн хөндөж
цуврал ярилцлага хүргэхээр болсны эхнийх нь энэ юм. Энэ үйл явдлын
сэдвээр Иргэдийн Альяанс төвийн тэргүүн Ж.Занаатай ярилцсанаа элдэв
оршилгүй хүргэе:
-7-р сарын 1-ний асуудлыг хүмүүс мартаж
эхлээгүй байгаа гэж заримдаа бодох юм. Тэгээд л сануулах зорилгоор
хүмүүстэй уулзаж ярилцахаар зорьж яваа юм л даа.

-Сайшаах
л учиртай хэрэг байна. Би яг өнөө өглөө энэ асуудлаар ямар үйл
ажиллагаа зохион байгуулах талаар бодож байсан юм. Манай иргэний
байгуулагууд энэ долоо хоногоос хамтран хийх үйл ажиллагааныхаа талаар
ярилцаж ажил хэрэг болгож эхлэх гэж байгаа.

-Одоогоор
энэ асуудлыг хөндөж нэг их зүйл хийгдэхээ больсон шиг л санагдах юм?

-Асуудал
бол дуусаагүй ш дээ. Бид өнөөдөр нэг ийм асуудлыг Улсын Ерөнхий
Прокурорт тавих гээд байж байна. Яагаад хүмүүсийг хөөж буудсан хүчний
байгууллагын ажилтнуудын хэргийг замхруулчихав аа гэж асууя. Тэр
буудуулсан хүмүүс ингэж хөөгдөхдөө цагдаагийн байгуулагынхны өмнөөс ямар
нэг эсэргүүцэл үзүүлээгүй юм. Ямар нэгэн галт зэвсэг ч бариагүй. Ямар
нэг байдлаар тэмцлийн хэлбэр үзүүлээгүй. Тэр буудуулсан хүмүүсийг зүгээр
явж байхад нь юм уу, эсвэл зугатаж явахад нь буудаж алсан байдаг. Ийм
ноцтой хэрэг 7-р сарын 1-ний орой үйлдэгдсэн шүү дээ. Ийм хэрэг яагаад
замхарчихав, энэ хэргийг хариуцах ёстой хүмүүс нь яагаад Өршөөлийн
хуулиар гараад явчихав гэсэн асуудлыг бид дахин хөндөнө.
 Дээрээс нь
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж иргэдэд гэмт хэрэг тохсон,
эрүүгийн ял хүлээлгэсэн шүүхийн асуудлуудыг ч бас хөндөх ёстой.Энэ
зөрчлийг биеэрээ амсаад гарсан маш олон хүмүүс байгаа. Тэд бүгд ч бас
Өршөөлийн хуулиар гарсан. Гэхдээ энд анзаарч харах ялгаа бий. Өршөөлийн
хууль бол ямар нэг гэмт хэрэг хийгээгүй гэсэн нотолгоо биш юм. Юу гэх
гээд байна вэ гэхээр энэ хууль бол ял авсан хүнийг “Чи ийм ялтай юм
байна, ингэж шийтгэл авсан юм байна, дахиж битгий ийм зүйл хийгээрэй”
гэсэн л агуулга шүү дээ.

 Гэтэл нэг талаасаа гэм зэмгүй, нөгөө
талдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу яллах материалыг нь
бүрдүүлээгүй , дээр нь тухайн хүмүүст хамаарагдах хэргийг нотолж байгаа
баримтууд нь хүлээлгэж байгаа хэргээ нотолж чадахгүй байхад хилсээр
хэрэг хүлээсэн хүмүүсийг хамааруулах хууль энэ мөн үү. Тэдгээр хүмүүс
хилсээр хэрэгтэн болчихоод өршөөл, уучлал хүлээх ёсгүй л байхгүй юу.
Одоо манайхаар нэг залуу яваад л байгаа юм. Тэр залуу цагаадталаа эцсээ
хүртэл явна гэж байгаа. 7-р сарын 1-ний асуудлаар хийсэн сонсголын үед
очиж гэрчийн мэдүүлэг өгсөн Зандаахүү гээд залуу бий. Тэрээр Монгол
Улсын Ерөнхийлөгчид, УИХ-д өргөдлөө өгсөн байгаа. Бид ч энэ хэргийг
хэрхэн шийдэх нь вэ гэж хариу хүлээж байна. Тэгэхдээ зүгээр хараад
байгаагүй.Хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөлөл авахад нь тусалж байна.

-Ер
нь ял шийтгэгдсэн хүмүүсийн хэдэн хувь нь хэлмэгдсэн бол, танайд
судалгаа бий юу?

-Зуун хувь гэж үзэж байгаа. Тэр
шийтгэгдсэн гээд байгаа хүмүүс зуун хувь хилс хэрэг хүлээсэн. Яагаад
тэгэж үзэж байгаа вэ гэхээр 7-рсарын 1,2,3-ний өдрүүдэд тэр хүмүүс
өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн байдаг. Тэднийг бүгдийг нь өмгөөлөгч
байлцуулалгүйгээр байцаасан байдаг юм.
Бүх юм эндээс л эхэлсэн.
Байцаагдаж байсан хүмүүсийг хуурсан, мэхэлсэн, бас худлаа ярьж хэрэг
хүлээхийг тулгасан. Тийм байдалд хүргэсэн. Энэ үймээнээр хохирол гарсан
нь үнэн. Гэхдээ шилтэй шингэн бариад явж байсан хүмүүсийг бариагүй,
хориогүй, эсвэл суллаад явуулсан байдаг. Галдан шатааж байгаа нь
зурагтаар гараад байсан хүмүүсийн нэг нь ч шийтгэгдээгүй. Галтай шил
шидсэн гэсэн ялын үндэслэл байгаагүй. Чулуу шидсэн, бүлэглэсэн гэсэн
үндэслэлүүдийг л гаргаж тавьсан байгаа юм. Жинхэнэ хэрэгтнүүдийг нь
барьж хориогүй байдаг шүү.Чулуу шидэхээр гал гарч байшин шатдаг юм уу?
Эхний өдөр гэхэд л 1000 орчим хүн баригдаж хоригдсон байдаг. Тэдний 200
гаруйг нь үлдээж шалгасан байсан. Тэд нар нь дандаа ядуу өрх айлын
хүүхдүүд байсан. Бусад нь бол 500 мянган төгрөг өгөөд л гараад явсан.

-Баримттай
мэдээлэл үү?

-Баримт гэж.. тэд чинь цагдаагийнханд
хагас сая төгрөг бэлнээр нь өгөөд л гараад явчихаж байгаа байхгүй юу.
Саатуулах төвюийн үүдэнд зогсож байсан хүмүүс “хагас сая төгрөг байдаг ч
болоосой, хүүхдээ гаргаж авах юмсан” гэж ярьж байсныг сонссон хүн
зөндөөн байгаа. Ийм мэдээлэл ч надад ирсэн. Эндээс л харахад хүчнийхэн
зуун хувь байцаан шийтгэх хуулийг зөрчиж,бас ял хүлээлгэсэн нь
ойлгогдоно.
Бас нэг юм байна. Сүүлд нь холбогдогчдод хэрэг тохохдоо
долоогоор нь, арваар нь хувааж бүлэг үүсгэн шүүхээр оруулсан. Тэгэхдээ
бие биенээ огт танихгүй, энд тэнд явж байгаад баригдсан хүмүүсийг
нийлүүлж бүлэг хэрэг болгох гэж багцалсан байгаа юм. Тэгээд тэр бүлэг
болгонд нэг хүүхэд оруулсан байдаг. Тэдгээр баривчлагдсан хүмүүсийн
дотор 30 гаран хүүхэд байсан. Нэг хүүхдийг нэг бүлэг рүү л хийгээд
байсан байгаа юм.

-Санаатайгаар уу?

-Мэдээж
санаатай хийсэн. Насанд хүрээгүй хүүхдийн хэргийг шүүхээр авч
хэлэлцэхдээ хаалттай хуралддаг байхгүй юу. Тэгэхээр хаалттай хийж байгаа
шүүх хуралд хэн нь ямар хэрэг хүлээж байгаа юм, бүү мэд ш дээ. Ингэж
олон нийтээс нууцалж хилсээр хэрэг хүлээлгэсэн. Зөвхөн энэ шалтгаанаар л
үндэслэж хууль бусаар шийтгэсэн гэж авч үзэх ёстой.
Дээр нь
баривчлагдсан бүх хүнийг эрүүдэн шүүсэн. Эрүүдэн шүүсэн бүх хэргийг
хэрэгсэхгүй болгох үүрэг прокурорт байдаг. Тэгээгүй. Эрүүдэн шүүчихээд
байхад чинь л хэрэг үүсгээд ял хүлээлгэнэ гэдэг бол цаанаасаа улстөрийн
захиалгатай байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Ингээд харахаар
шийдэгдээгүй тодорхой хэд хэдэн асуудлууд байгаа, тэдгээрийг хэрхэн
эцэслэж шийдэх хүртэл нь бусад иргэний хөдөлгөөнүүдтэй хамт тэмцэх болно
гэсэн төлөвлөгөөтэй л байна даа.

-Энэ асуудлаар ямар
байгуулагууд хамтарч байгаа вэ?

-Өнгөрсөн 4-р сарын 5-д
Сүхбаатарын талбай дээр өлсгөлдөн зарласан хэсэг хүмүүс байгаа. Ард
түмний амлалт нэхэх хөдөлгөөн, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Миний Монголын
газар шороо хөдөлгөөн , Хас хөдөлгөөн, Тусгаар тогтнол хөдөлгөөн гээд
олон байгууллагууд хамтарч тэмцлээ хийнэ. Ер нь бид энэ 7-р сарын 1-ний
үйл явдалтай холбоотойгоор хүүхэд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн
асуудлаар болон хуулийн байгууллагуудын шударга бус шийдвэрийг
эсэргүүцсэн хүний эрхийн байгууллагууд, хүүхдийн болон эмэгтэйчүүдийн
байгууллагуудын үйл ажиллагаануудыг дэмжих шийдвэр гаргасан.

-Энэ
асуудлаар төрийн байгууллагууд оролцож байгаа юу?

-Өмнө
нь 7-р сарын 1-ний асуудлуудыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хариуцдаг
байсан бол одоо Хууль зүйн байнгын хороо гээд хэд хэдэн бүтцээс нь
хамтарсан ажлын хэсэг гаргаж манай иргэний байгууллагын ажлын хэсэгтэй
хамтарч ажиллахаар болсон л доо. Яг үнэн хэрэгтээ бол одоогоор хамтраад
хийсэн ажил алга л байна. Энэ чиглэлээр манай талаас бусад талтай
хамтарч ажиллах нэгдсэн ажлын хэсэг гэж байгуулаад ажлын хэсгийн даргаар
нь би томилогдсон. Миний хийж байгаа ажлын хувьд бол яг энэ 7-р сарын
1ний ажлын хэсгийн зохицуулагчийн ажлыг хийж байна. Энэ олон
хөдөлгөөнүүд, гучаад байгууллагуудын хамтын ажиллагааг чинь ингэж
нэгтгэж удирдахгүй бол болохгүй байгаа юм. Яагаад гэхээр нэг бол
мартагдчихдаг. Нөгөө УИХ-ын нөхдүүд ч тэгэсгээд хойш нь тавиад
орхичихдог. Манай хүмүүс ч ажил нь зэрэгцээд дарагдаад ирэхээрээ
хөндийрөх байдал гарч магдагүй. Тийм болохоор ингэж зохицуулагч гаргаж
ажиллах шаардлага байгаа юм. Далимд нь дуулгахад энэ ажлыг авсаныг буруу
ойлгосон уу, Г. Уянга өөрийнхөө ажлыг Занаад өгчихлөө гэсэн мэдээлэл
гарсан байна лээ. Энэ бол худлаа зүйл шүү.  Амлалт нэхэх ард түмний
хөдөлгөөний зохицуулагч Г.Уянга хэвээрээ байгаа. Тэрээр ажлаа хийгээд
явж байгаа.

-Залруулах ёстой юм байна, тийм үү?

-Тийм
залруулах ёстой. Уянга өөрийн тэмцлийг үргэлжлүүлж байгаа

-Сүүлийн
үед 7-р сарын 1-тэй холбоотойгоор танайд хандах хүний тоо буурч байна
уу.

-Ер нь энэ шүүхийн шийдвэрүүд гараад,  дээр нь
шийтгэлээ аваад, дараа нь Өршөөлийн хуульд хамруулаад явснаас хойш бол
хүмүүс хандахаа больчихсон. Ганцхан түрүүний хэлсэн залуу л яваад байгаа
юм. Зандаахүү гэдэг энэ залуу эцсийг нь дуустал явна л гэж хэлж байгаа.
Тэр залуу болохоор “7-р сарын 1-д очиж зогссон нь үнэн. Гэхдээ чулуу
шидээгүй, юм эвдээгүй, хэн нэгнийг хохироосон зүйл байхгүй. Тэгсэн
хэрнээ надад тулгасан хэргээ нотлоогүй мөртлөө 4 жилийн ял оноосон, энэ
байдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлж байгаа юм. Ер нь бол Хүний эрхийн
түгээмэл Тунхагт заасан байдаг. Ард түмний уур бухимдлыг дэврээж төрийн
эсрэг тэмцэхэд хүргэсэн бол төр өөрөө буруутай гэж байгаа. Мөн энэ
Тунхаглалын маш чухал зарчим бол хүн амьд явах эрхтэй гэж.

 Гэтэл
эдгээрийг зөрчсөн үйлдлүүд гарсан нь нотлогдоод байхад л төрийн албан
тушаалтнууд нь ял шийтгэл хүлээхгүй, эсвэл түүнээс бултаж гарчихаад
байгаа юм.Ийм учраас бид яах ёстой вэ гэвэл нийгэмд шударга байдлыг
тогтоохын төлөө эцэж цуцахгүй явах ёстой. Ийм ч үүрэгтэй хүмүүс гэж
бодож байгаа ш дээ.
Төр өөрийнхөө бурууг хүлээхгүй байна. УИХ-ын
Хүний эрхийн хороо Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын хэсэг гаргаж
байгаа. Дэмбэрэл дарга тушаал гаргасан. Тэгээд Хүний эрхийн дэд хороо нь
хэлэлцүүлэг хийсэн байдаг. Харин Хууль зүйн байнгын хороо нь ээлжит
сонсголыг хийгээгүй л яваад байгаа шүү дээ. Энэ байдалд улстөрийн
дүгнэлт гаргах ёстой гэж иргэний байгууллагууд шаардаж байгаа л даа. Энэ
байдалд яалт ч үгүй улстөрийн дүгнэлт гаргахгүй бол болохгүй. Одоогийн
төр барьж байгаа хэсэг ард түмнээ хуураад шударга бус сонгууль явуулж
тэгээд хууль бусаар төрийн эрхэнд гарах гэсэн. Үүнийг нь ард түмэн
эсэргүүцээд асуудал үүсэхээр бурууг нь ард түмэн рүү чихэж байгаа л
хэрэг юм. Одоо болохоор ард олныг хуурсан төөрөгдүүлж аргацаасан ажлыг
Хууль зүйн байнгын хороо, шүүх прокурорын газраас л хийх гээд байна.

-Тухайлбал
ямар үйлдэл хийж байна гэж…

-Тухайлбал 7-р сарын
1-ний үед бид буу зэвсэг хэрэглэх ёстой байсан юм гэх нь л холгүй байсан
биз дээ. Тэгсэн одоо болохоор дарга нараас нь асуухаар “Бид тушаал
өгөөгүй” гэж хэлдэг. Цагдаа, хүчний албан хаагчдаас нь асуухаар “ Бид
тушаалгүйгээр имй юм хийдэггүй” гэсэн байгаа юм. Прокурорын дэргэдэх
Мөрдөн байцаах алба энэ хариултуудыг нь одоо л гаргаж ирж байгаа байхгүй
юу. Энэ бүхнээс харахад иргэдийнхээ сэтгэл рүү ус хийсэн, ийм
ноцтойгоор хүний эрхийг уландаа гишгэчээд байхад энэ хэргийг нүдэн
балай, чихэн дүлий өнгөрөөчих санаа байна гэдгийг л харуулаад байгаа юм.
Ер нь ч ийм улстөрийн захиалга байна гэж хэлсэн ч болно.

-Төрийн
байгууллагуудад асуулга тавьсан гэж байсан. Ямар хариу өгдөг вэ?

-Бид
энэ хэрэгтэй холбоотой бүх асуулга, шаардлагаа төрийн байгууллагуудад
тавьдаг. Ер нь бол хариулт өгдөггүй ш дээ. Тэгэсхийгээд л дараад
мартагнуулчих л санаатай байдаг. Ганц хариулт өгсөн байгууллага нь
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо . Тэр нь болохоор “бид та нартай санал нэг
байна. Хамтарч ажиллая, хэлэлцүүлэгт оролцооч л” гэсэн. Бид
хэлэлцүүлэгт оролцсон,тэгэхдээ зөвхөн ажиглагчийн эрхтэй л оролцсон.
Бидэнд үг хэлэх эрх байгаагүй.

-7-р сарын 1-ний асуудлаар
хоёр дахь сонсгол болно гэж байгаад больсон. Яагаад ингэв гэж та бүхэн
асуусан уу?

-Бид нар асуугаагүй . Тэр Прокурорын
газрынхан нь УИХ-д “томорсон” юм байна лээ. Бид очиж УИХ-д тайлан
тавихгүй ээ гэж хэлсэн гэнэ лээ. Энэ байгууллага чинь тэгээд хэнд
мэдээлэл өгөх ёстой юм бэ. Ард түмэнд өгөх ёстой ш дээ. Яахав дээ бас
ардчиллын нэг бүтцийг бий болгох гээд хэдэн хүн оролдоод явж байгаа
парламентад томрохоор чинь прокурорын байгууллага юу болж таарах вэ? Ард
түмнийг төлөөлж байгаа байгууллагад томорно гэж юу байх вэ. Прокурорын
байгууллага өөрөө гэм буруутай учраас л айгаад очихоосоо татгалзсан, за
ер нь зугатаасан гэж ойлгож байгаа.

-Шинэ хүн ирэхээр
шинэлэг байдлаар хандана гэсэн хүлээлт байдаг. Би Ерөнхий Прокурорын
тухай л ярьж байна л даа…

-Хувь хүний хувьд ч,
ардчиллын 20 жилийн туршид хамтран зүтгэж явсан хүний хувьд ч, бас тэр
хүнийг тодорхой хэмжээгээр мэддэг, тэр хүн эгзэгтэй албуудыг сайн
гүйцэтгэж ирсэн гэдгийх нь хувьд ч энэ ярьж байгаа асуудлуудыг түүнд
тавина гэж бодож байгаа. Энэ хүн прокурорын байгууллагыг иргэдийн эрх
ашгийг хүндэтгэдэг,шударга байгууллага болгоно л гэж очсон юм ш дээ. Энэ
утгаараа бидний шударга байдлын төлөө тавьж байгаа асуудлыг шийдэж өгнө
л гэж бодож байна. Их итгэлтэйгээр шүү. Тийм учраас өнөөдөр би бичиг
боловсруулаад сууж байна. Шинэ Прокуорорт өгнө гээд…

-Хариулахгүй
байж болно шүү, гэхдээ асуумаар байна. Тэр сонсгол дээр Хүний эрхийн
комиссынхны дарга, ажилтнуудых нь зөрөөтэй байр суурь танд гайхаш
төрүүлсэн үү?

-Яагаад хариулахгүй гэж, харин ч
хариулмаар байна. Яагаад гэвэл энэ асуудал зөвхөн хувь хүний асуудал
биш. Харин ажил үүрэг нь онцгой чухал алба болж байгаа тэр хүнтэй
холбоотой байгаа учраас ярихаас өөр аргагүй. Цэрэндорж гэдэг хүн Хүний
эрхийн комиссыг ахалж байх үед хуулийнхаа дагуу зөв сайн ажиллаж байсн
гэж би боддог. Харин одоо Солонго гэдэг эмэгтэй энэ байгууллагын дарга
болсноос хойш хүний эрхийг хамгаалах биш, харин ч прокурор маягийн үзэл
хандлагаар ажиллаад байна уу гэж бодогдох болсон. Тэгээд ч энэ хүн бол
хүний эрхийн чиглэлийн ч хүн биш, тийм боловсрол байхгүй, хүний эрхийг
хамгаалах хүсэл зориг, эрмэлзэлгүй, зөвхөн томилсон хэсэг бүлгийнхээ
заавар зөвлөгөөгөөр ажилладаг хүн юм байна гэж ойлгогдож байгаа. Хүний
эрхийн нөгөө хоёр комиссартайгаа таарч нийлж ажиллаж чаддаггүй тийм л
хүн юм байна лээ. Шууд л хэлчихье. Хувь хүний асуудал биш хүний эрхийн
асуудлыг хариуцах ёстой төрийн маш том байгууламжийн асуудал учраас
ингэж хэлэх нь миний иргэний ч үүрэг. Тийм болохоор санаагаа хэлэх эрх
байна. Бүхэл бүтэн институцийн ажлыг ингэж шалбаагт хутгатал нь ажиллаж
болохгүй ш дээ. Дээр нь энэ хүний эрхийн хугацаа 2-р сард дууссан л
гэсэн, яагаад ажлыг нь авахгүй байгааг нь тайлбарлах хэрэгтэй биз дээ.
Хариуцсан УИХ нь энэ талаар ямар ч тайлбаргүй л явж байна. Би ч УИХ-ын
хэдэн гишүүдэд шаардсан. Энэ хүнээ солиоч, орных нь хүнийг томилооч гэж.
Манайх шиг хүний эрх нь байнга зөрчигдөж байдаг газар энэ байгууллагын
ажил ус агаар шиг хэрэгтэй байна ш дээ. Чаддаг хийдэг хүнийг нь тавиад
ажиллууллаач гэж хэлсэн.

-Тэгээд яасан бэ?

-Тэгээд
л таг чиг болсон. Ямар ч хариу алга. Их сонирхолтой.

-Энэ
бүхний эцэст ямар нэг дүгнэлт хийж байгаа юу?

Ер нь бол
манайд нэг ийм хандлага байна аа. Төрийн зүгээс иргэдийн эсрэг төрийн
албан хаагчдаас гаргасан хэргийг эцэслэн шийдвэрлэх талаар улс төрийн
хүсэл зориг, эрмэлзэл манайд байдаггүй юм байна. Болж өгвөл мартуулах,
дарах, нуух, хаацайлах, өмгөөлөх тэгээд буруутай этгээдийг гэмт хэргээс
чөлөөлөх, хөнгөлөх, албан тушаалтнуудыг бол толгойг нь илэх ийм хандлага
бол ерөөсөө хавтгайрчихаж. Иймээс л ард иргэд ардчилал гэдэг энэ үнэт
зүйлийг мэдэрч чадахгүй байна. Энэ ардчилал гэдэг бол үнэтэй, энэ бол
чухал, энэ нь бидний амьдралыг хамгаална гэсэн мэдрэмжийг өгөхгүй байна.
Тийм ч учраас нэг хэсэг нь “за яахав” гээд нүдээ аниад явдаг, нөгөө
хэсэг нь хэдийгээр тэмцсэн ч гэсэн тэмцэл нь явсаар мухарддаг. Ийм
байдлаар иргэдийг залхаадаг болсон. Ингэж залхаах хэлбэрээр төрөөс
цээрлэл үзүүлдэг болж. Бас нэг хэсгийг нь болохоор зүгээр л айлгаж
сүрдүүлчихдэг болсон. Энэ бүхэн нь юунд хүргэж байна вэ гэвэл манай
нийгэм бол бахархаад байхаар сайхан юм биш гэсэн ойлголт төрүүлэх болж
ирсэн. Албан тушаалтнуудад ямар ч хууль үйлчлэхээ больсон байна. Энэ
бүхнийг хараад заримдаа ч нээрээ арга барагдах шиг болдогийн шүү.

-Олон
улсын байгууллага, хамтын нийгэмлэгээс ямар нэг байдлаар анхаарч туслах
тал дээр найдлага байхгүй юу?

-Шууд хэлэхэд манайхан
ийм асуудлуудаа олон улсын байгууллагуудад найдаж орхих нь хэрэггүй л юм
байгаам даа. Яахав, бид олон улсын байгууллагуудад мэдээлнэ. Тэд
асуудлыг авч үзээд зөвлөмж л гаргана. Шаардлагатай бол төлөөлөгч томилж
явуулдаг. Ингээд л болоо. Жинхэнэ ард түмэн, жинхэнэ иргэн хүн бол энэ
асуудлыг шийдтэл нь, өөрийнхөө амь амьдралыг баталгаатай болтол нь явах
ёстой байхгүй юу. Яахав би хүмүүсийг ойлгож л байна. Гэнэтийн дарамтыг
үзээд цочирдсон, аль болох хурдан түүнээсээ салахыг хүссэн, тийм л юм
болсон. Үүнийг нь эрх баригчид сайн ч ашиглалаа. Гэхдээ хүн бүхэн
Зандаахүү шиг өөрийн гэм буруугүйг нотлохоор тэмцээгүйг дутагдал гэж
хэлэх л учиртай. Ер нь өөрөө өөрийнхөө төлөө явж чадахгүй байгаа
хүмүүсийг яаж ч өмгөөлөөд, хэн ч ирээд өмгөөлж хамгаалаад нэмэргүй шүү
дээ. Яахав бид Хүнимй эрхийн байгууллагууд болон Олон улсын
байгууллагуудад мэдээлсэн л дээ.

-Тодорхой үр дүн
гараагүй юм байна гэж ойлголоо…

-Ний нуугүй хэлэхэд
үнэн шударга зүйлийн төлөө тэмцдэг улс орнууд өнөөдөр хэд байгаа билээ?
Бодох л хэрэгтэй. Хүний төлөө тусламж үзүүлээд, бусдпын төлөө санаа
тавиад өөрийн хүч бололцоо, эрх мэдлээ  ашиглаад явдаг улс орнууд хэд
байгаа билээ. Өнөөдөр аль нэг ядуу буурай орны чадваргүй байдлыг,
тэдгээрийн иргэдийх нь мэдээлэлгүй, чадваргүй байдлыг нь ашиглаж ашиг
хонжоо ольё гэсэн санаа бүхий улс орон хэд байгаа билээ. Ийм байдлаар
аль л сул дорой улс орныг сорон мөлжих зорилго агуулж, хил дамнасан үйл
ажиллагаа явуулдаг бизнесийн сүлжээ нэгдлүүд маш олон болж байна. Энэ
бүхнийг хараад бодоод үзэх юм бол ард түмэн өөрөө тэмцэхгүйгээр ард
түмэн өөрсдөө сонор сэрэмжээ дээшлүүлэхгүйгээр, өөрөө өөрсдийгөө хүндэлж
үзэхгүйгээр хэзээ ч энэ улс орны байдал өөдлөхгүй гэдэг нь ойлгомжтой.
Энэ бүхний жишээ болгож бид Оюутолгойн жишээг ч ярьж байгаа юм.

-7-р
сарын 1-ний үйл явдлаас тусдаа асуудал биш гэж үү?

-Үнэндээ
бол тусдаа асуудал биш. Яг Оюутолгойн асуудлаас болж улстөрчид
худалдагдсан. Би логикоор нь үйл явдлыг ухаж харахаар яаж ойлгогдож
байна вэ гэхээр зүгээр Оюутолгойн гэрээг ашигтай батлуулахын тулд Рио
Тинто манай улстөрчдийг худалдаж авсан. Худалдагдсан улстөрчид гэрээг
батлуулахын тулд булхайтай сонгууль хийж арлд түмнийг бухимдуулсан.
Дараа нь үймээн самуун болсон. Ийм л дүр зураг бууж байна.
Дэлхийн
бизнесийн хүчирхэг компанийн сонирхол ийм үймээн самууныг бий болгоход
нөлөөсөн нь үнэн. Ганцхан жишээ хэлье. Рио Тинто манайд нэг тэрбум 
гаруй ам.долларын хөрөнгө оруулалт аль хэдийнээ хийсэн гэж яриад яваад
байсан. Бүр 2008 оны сонгуулийн өмнө шүү дээ. Гэтэл Сангийн яамнаас
аудит хийгээд үзэхээр 700 гаруй сая ам.долларын л хөрөнгө оруулалт
бодитой хийгдсэн гэсэн дүн гарч байгаа юм.
Энд 350 гаран сая
ам.долларын зөрөө гарч байна. Гэтэл хөрөнгө оруулсан тал нь өөрсдийнх нь
хөрөнгө оруулалтыг буруу гаргаад байна гэж хэл ам хийхгүй байгаад
байдаг. Нөгөө талаас манай улстөрчид болохоор “Та нар ард түмэнд очих
ёстой 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг яасан бэ” гэж нэхэхгүй л
байгаа юм даа. Энэ чинь сэжигтэй байна. Хэн ч хардана ш дээ. Тэгээд
гарсан хуулийг нь харахад манай олон хуулийг зөрччихсөн олон тооны
хөнгөлөлтийг эдэлсэн ийм л гэрээ хийгдсэн байгаа юм.


-Нэг
хэсэг гадаадынхан л манай улс төрчдийг шахаж шаарддаг гэж бодоод явсан,
биш болж л дээ, тэгвэл…

-Үгүй яах вэ, 7-р сарын
1-ний асуудлыг бид 2008 онд нь багтааж олон улсын холбогдох
байгууллагуудад, тухайлбал Хүний эрхийн тусгай илтгэгчид өгсөн. Энэ оны
сүүлээр Монгол улсын Засгийн газрын төлөөлөл  улс төр,нийгмийн
асуудлаархи олон улсын Пактаар хүлээсэн үүргийнхээ дагуу үндэсний
тайлангаа тавих юм. Энэ тайлантай холбогдуулж НҮБ-ын хүрээнд
байгуулагдсан Хүний эрхийн зөвлөлийн гишүүн 47 орон асуулга  тавина. Бид
энэ асуулгатай холбогдуулан саналаа хүргүүлсэн байгаа. Харин ирэх оны
3-р сард Монголын Засгийн Газраас тавьсан илтгэлтэй холбоотойгоор
иргэнийн нийгмийн төлөөлөл оролцсон лобби маягийн хэлэлцүүлэг явагдах
учиртай. Бид энд бас оролцоно. Зарим хүмүүс үүнийг маань биднийг
хошуугаа худалдаж яваад ирлээ л гэдэг юм. Ингэж төслийн хөрөнгө оруулж
ирж иддэг гэж муулдаг. Би ингэж муулж байгаа хүмүүсийг бидний шударга
тэмцэлд хорссон хүмүүс л хийж байна гэж бодож байгаа. Намайг ч их
муулдгийм дөө. Одоо танай сайт дээр гарахаар баахан хүн муулах биз.
Гэхдээ энэ бүхэн намайг айлгаж, мохоохгүй. Нэг их сүрхий хүн болсондоо
ингэж хэлсэнгүй ээ. Дуу хоолой нь намсчихсан, эрх нь зөрчигдсөн
иргэдийнхээ төлөө л явж байна. Тийм байхад энэ байтугай л сүрхий
дуугарах хэрэг гардаг юм. Яагаад болохгүй гэж… За,за танай сонинд л
уур цухлаа баахан гаргачихлаа даа.

Сонинд биш өөр юманд
гэдгийг  хүмүүс ойлгох байлгүй дээ.

Харин тийм, ойлгох
байлгүй дээ.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж