Төсөвт 26.3 тэрбум орлого төвлөрчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Төсөвт 26.3 тэрбум орлого төвлөрчээ

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2013 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

1.Онцлог ажлууд:

– “Багийн хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаанаар Баян-Өндөр сумын Их залуу, Шанд, Рашаант багуудыг хувааж, нэмж гурван баг байгуулах асуудлыг шийдвэрлэлээ.

– Хууль зүйн яамтай хамтран “Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан хуулиуд болон боловсруулж буй хуулийн төслийн талаар сургалт, хэлэлцүүлгийг 9-р сарын 20-21-нд зохион байгуулж төвийн бүсийн найман аймгийн 350 гаруй төлөөлөгчид оролцлоо. Тус хэлэлцүүлгийн үеэр эрх зүйн чиглэлээр цаашид баримтлах бодлого, арав орчим хуулийн төслийг хэлэлцэж санал бодлоо солилцов.

– Аймгийн хэмжээнд  иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх явцыг ил тод нээлттэй, хяналттай болгох зорилго бүхий  өргөдөл, гомдлын программыг ашиглалтанд орууллаа. Тус программыг ашиглах талаар төрийн байгууллагуудын удирдлага,  бичиг хэргийн ажилтан, компьютерийн программ хангамжийн инженерүүдэд  сургалт зохион байгуулав. Тус программ нь аймгийн www.erdenet.mn сайтад байрлаж байгаа бөгөөд иргэд өөрсдийн өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр гаргаж болох бөгөөд хаана, хэрхэн шийдвэрлэгдэж байгааг хянах бололцоог олгож байна.

2. Удирдлага, зохион байгуулалт, эдийн засгийн бодлогын хүрээнд:

Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 1500 гаруй иргэн үйлчлүүлсэн ба “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах төв”-ийн “Иргэдээ сонсож байна” 70353511 утсанд 426 иргэнээс гомдол, санал, хүсэлт ирснээс 169-ийг шийдвэрлэж, 257 нь шийдвэрлэх шатандаа явна.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран 9-р сарын 12-13-нд Хангайн бүсийн аймгуудын ЗДТГ-ын мэргэжилтнүүдэд “Үр дүнд суурилсан хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоо” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Аймгийн Цэргийн штабаас 9-р сарын 3-6-ний өдрүүдэд төвийн бүсийн аймгуудын 82 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт цэргийн бэлтгэл, сургалтыг зохион байгууллаа.

9 сарын 30-ны байдлаар орон нутгийн төсөвт 26.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймгийн Орон нутгийн хөгжлийн санд 4.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байгаа ба үүнээс Баян-Өндөр суманд 1.3 тэрбум, Жаргалант суманд 700,0 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгов. Санхүү, төрийн сангийн хэлтэст Орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн III улирлын мэдээг нэгтгэх ажлыг зохион байгуулж байна.

Нийгмийн даатгалын сангийн орлогод 31.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөө 111.1 хувийн биелэлттэй ба бүх сангуудын орлогын төлөвлөгөө 5.3–12.6 хувиар давж биелжээ. Сангийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.3 хувиар өссөн байна.

3.    Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Цагдаагийн газрын мэдээгээр эхний 9 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг болон захиргааны зөрчлийн шинжтэй нийт 6135 гомдол, мэдээлэл, санал хүлээн авсан ба шийдвэрлэсэн гомдол, мэдээллийн 1703 буюу 28 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 4198 буюу 68 хувь нь захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллүүд эзэлж байна.

Статистикийн мэдээгээр 9 сарын эхний байдлаар өнгөрсөн оны мөн үеэс хүн амины хэрэг 14.3 хувиар, танхай 40.0 хувиар, дээрэм 54.5 хувиар, албан тушаалын хэрэг 50.0 хувиар, хүчингийн хэрэг 71.4 хувиар буурч, иргэдийн өмчийн хулгайн хэрэг 2.0 дахин нэмэгджээ. Гэмт хэргийн улмаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид 524.6 сая төгрөгийн хохирол учирч, хохирлын 42.5 хувийг нь нөхөн төлүүлсэн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 1246 жолоочийг илрүүлэн, 869 жолоочийн эрхийг тодорхой хугацаагаар хасч шийтгэжээ.

Цагдаагийн газар, "Номин" телевизтэй хамтран "Электрон Эргүүл" арга хэмжээг зохион байгуулж Камерын хяналтын нэгдсэн системийн тусламжтайгаар зам тээвэр болон нийгмийн дэг журам зөрчсөн зөрчлүүдийг илрүүлсэн ба аймгийн хэмжээнд "Шалгалт", "Эргүүл", "Хяналт" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, илэрсэн зөрчлүүдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллалаа.

4. Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

Хичээлийн шинэ жилийн эхний байдлаар аймгийн хэмжээнд 36 цэцэрлэгт 6577, ерөнхий боловсролын сургуульд 17500 хүүхэд сурч, хүмүүжиж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 50 гаруй анги удирдсан багш нарын дунд гарааны нөхцөл хэрхэн тодорхойлох сэдвээр сургалт семинар зохион байгуулав.
Ерөнхий боловсролын 10 сургуулийн 1115 хүүхэд, төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй ажиллагсдын дунд “Хүүхэд тэдний төлөөллөөс өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэж буй өнөөгийн байдал”-д нөхцөл байдлын үнэлгээ хийв.

9 сарын эхний байдлаар эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 393.9 мянган хүнд үзлэг хийснээс 37.2 хувийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс нийт үзлэг 3.2 хувиар нэмэгдсэн бөгөөд сэргийлэх тарилгад 11.3 мянган хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүний 99.3 хувь нь бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс хамралт 0.4 пунктээр өссөн байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Иргэд үйлчлүүлэгчдэд ээлтэй, нээлттэй байгууллага” шалгаруулах төслийн уралдаан зарласан ба “Зүрхээ хайрлая” дэлхийн өдрөөр зүрх судас, чихрийн шижин, хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар 145 иргэнд зөвлөгөө өгч, өглөөний явган алхалтанд 95 иргэнийг хамрууллаа.

Эрүүл ахуйн халдвар хамгааллын төв, Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Хүнсний аюулгүй байдал сэдэвт сургалт зохион байгуулж нийтийн хоол, хүнс үйлдвэрлэлийн 85 аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний 123 аж ахуйн нэгжийг хамруулав.

Төвийн бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, аймгийн ЗДТГ-ын ажилтнуудын дунд спортын уралдаан тэмцээнийг 5 төрлөөр зохион байгууллаа.

9-р сарын 28-нд аймгийн Засаг даргын нэрэмжит 15 дахь удаагийн “Аврагч” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, анхны тусламжийн нөхөрлөлүүд, цэргийн дүйцүүлэх албаны томилгоот бүрэлдэхүүн, 23 ахуйн нэгж байгууллагуудын анхны тусламжийн нөхөрлөлийн баг тамирчид оролцсон ба “Эрдэнэтийн дулааны станц” ТӨХК-ийн баг тамирчид тэргүүлсэн байна.

Статистикийн мэдээгээр 9 сарын эхний байдлаар аймгийн дүнгээр давхардсан тоогоор 48.9 мянган хүнд 24.7 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт олгосноос 2.2 мянган хүнд 1.7 тэрбум төгрөгийн халамжийн тэтгэвэр, 2.0 мянган хүнд 667.3 сая төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмж, нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай 3.9 мянган хүнд 526.2 сая төгрөгийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламж, 4.9 мянган ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 221.4 сая төгрөгийн тусламж, хөнгөлөлт, хүн амын хөгжлийг дэмжих чиглэлийн улсын төсвийн санхүүжилтээр 9.9 мянган хүнд 1.6 тэрбум төгрөгийн тэтгэмж, хөнгөлөлт, Хүний хөгжлийн сангаас 12.2 мянган хүнд 879.2 сая төгрөгийн хишиг хувийг олгожээ.

5.    Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хүрээнд:

Монгол улсын Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсны 90 жилийн ойг аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж, мал эмнэлгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан зарим иргэдийг Засгийн газрын болон аймгийн хурал, захиргааны байгууллагын шагналуудаар шагнаж урамшууллаа.

Аймгийн хэмжээнд 9500 тн хадлан бэлтгэхээс Баян-Өндөр сум 4950, Жаргалант сум 2144 тн, нийт 7094 тн-ыг бэлтгэн, гүйцэтгэл 74.6%-тай байгаа ба Жаргалант сум 33 тн нөөц өвс бэлтгээд байна.

Улаанбаатар хотод зохиогдсон “Намрын ногоон өдрүүд-2013”, “Эрүүл хүнс-2013”, “Шилмэл мал-2013” нэгдсэн үзэсгэлэн худалдаанд манай аймгийн бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцсон байна.

 “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 8.0 мянган малын ээмгийг сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгуудад хуваарилав.

Аймгийн хүн амын хэрэгцээнд сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг фермерийн аж ахуйн 650 гаруй малыг архаг халдварт сүрьеэ, лейкоз өвчнөөс эрүүлжүүлэх тандалтын шинжилгээнд хамруулав.

Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох ажлын хүрээнд аймгийн хэмжээнд нийт 551 малчин болон мал, бүхий иргэд 67.2 тн ноос тушаасан байна.

 “Цагаан тоос” хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний ажлыг зохион байгуулж, тоосжилтын бүсэд амьдардаг 21 иргэнийг хамрууллаа. 

 Аймгийн хэмжээнд “Нэг иргэн-1, Нэг аж ахуйн нэгж, байгууллага-5 мод” тарих хөдөлгөөн өрнүүлэн Баян-Өндөр сумын Хүрэн булагийн ам, Эрдэнэт голын эх, Найрамдал өндөрлөг, Сархиа ууланд болон байгууллага, аж ахуйн нэгжүүд орчиндоо 3260 гаруй улиас, хайлаас, гацуур, шар хуйс, монос, нарс, шинэс зэрэг мод тарилаа.

6.    Үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

9 сарын эхний байдлаар аж үйлдвэрийн салбарт 758.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 780.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэлт 7.7 хувиар, борлуулалт 6.5 хувиар буурсан байна.

Өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн салбарт 9.4%-иар, боловсруулах аж үйлдвэрийн салбарт 26.5%-иар өсч, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 9.0%-иар буурчээ. Уул уурхайн салбарын бууралт нь хүдэр дахь зэсийн баяжмалын агууламж буурсантай холбоотой байна.
Боловсруулах салбарын үйлдвэрлэлтийн 38.2 хувийг ноосон нэхмэлийн үйлдвэрлэл, 28.2 хувийг төмрийн үйлдвэрлэл, 11.1 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 11.4 хувийг төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл, 3.2 хувийг машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл, 3.1 хувийг оёдол, 1.9 хувийг резинэн болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл, 1.7 хувийг түлш үйлдвэрлэл, 0.7 хувийг хэвлэх үйлдвэрлэл, 0.3 хувийг мод, модон эдлэл үйлдвэрлэл, 0.003 хувийг гутал үйлдвэрлэл тус тус эзэлж байна.

Хүнсний бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлтийн 2.1 хувийг архи, ундаа үйлдвэрлэлт, 14.8 хувийг гурил, тэжээлийн үйлдвэрлэлт, 21.3 хувийг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, 30.0 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, 31.9 хувийг хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэлт эзэлж байна.

Стандартчилал, хэмжил зүйн хэлтэстэй хамтран “Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS OSHAS18001”, үйлдвэрлэл үйлчилгээний хөгжлийг хангах, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх дэвшилтэт стандартын талаар бизнес эрхлэгчдэд мэдээлэл хийж, зөвлөгөө өгөв.

Баян-Өндөр сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр орон сууцны хорооллын дунд 8 газарт хүүхэд, залуучуудын спорт, чөлөөт цагийн талбайг барьж ашиглалтанд оруулан тухайн багийн Засаг дарга, сууц өмчлөгчдийн холбоод болон оршин суугчдад нь хүлээлгэн өглөө.

Тээврийн байгууллагууд 47.2 мянган тн ачаа тээвэрлэн, 15.4 сая.тн/км-ийн ачаа эргэлт, 5.4 сая зорчигч тээвэрлэн, 80.0 сая хүн/км–ийн зорчигч эргэлт хийж, тээврийн үйлчилгээнээс 8.6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Өнгөрсөн оны мөн үеэс тээврийн орлого 7.4 хувь, ачаа эргэлт 11.0 хувь, тээсэн ачаа 11.0 хувь, зорчигч эргэлт 0.4 хувиар өсч, тээсэн зорчигч 0.1 хувиар буурсан байна. Зорчигч тээврийн үйлчилгээнд 213 микроавтобус, 443 такси гарч тэдгээрт 904 хүн ажиллаж байна.

Эх сурвалж: www.erdenet.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж