
Өдөрлөгийн үеэр төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, хүнд суртал, чирэгдэл, мэдээллийн ил тод байдлыг тодорхойлох зорилгоор хяналт шалгалт хийх, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх, төрийн албан хаагчдад хүний эрхийн сургалт явуулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан тус үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг Хонхор, Амгалан, Гачуурт, Шар хад, Хужирбулан, Улиастай, Дарь-Эх зэрэг хороонд ажиллаж, тус дүүргийн иргэдээс төрийн үйлчилгээний талаар санал асуулгыг аман болон цаасан хэлбэрээр авчээ. Шалгалтын дүнгийн хурлыг ирэх долоо хоногт хийж, олон нийтэд танилцуулах гэнэ.