Матрена Ноговицына блиц төрөлд аваргаллаа

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Матрена Ноговицына блиц төрөлд аваргаллаа

100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний блиц төрөлд ОХУ-ын Матрена Ноговицына 14 оноогоор тэргүүлсэн бол Украйны Виктория Мотричка 13, дэлхийн дөрвөн удаагийн аварга Украины Дарья Ткачинко 12 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Монгол улс 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг аваад зогсохгүй, блиц (5 минут) болон түргэн тоглолтын (15 минут) тэмцээнийг давхар зохион байгуулж байна.

Аравдугаар сарын 2-15-ны хооронд Дэлхийн даамын холбоо (FMJD), Монголын даамын холбоо (MDF), ССАЖЯ, “Пума империал” зочид буудалтай хамтран 38 дахь удаагийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулж буй.

Өчигдөр болсон рапид (15 минут+нүүдэл бүрт 3 сек-ийн бонус) төрлийн дэлхийн аваргад 22 тамирчин өрсөлдсөнөөс Украйны их мастер Дарья Ткаченко 11 оноогоор тэргүүлсэн. Мөн Украйны олон улсын их мастер Виктория Мотричко 10, Польшийн олон улсын мастер Наталья
Садовска 10 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Өнөөдөр болсон блиц /5 минут+нүүдэл бүрт 3 сек-ийн бонус/ төрлийг ОХУ-ын Матрена Ноговицына тэргүүлсэн бол Украйны Виктория Мотричка, дэлхийн дөрвөн удаагийн аварга Украины Дарья Ткачинко нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Одоогоор стандарт төрлийн “дэлхийн аварга” цолыг эзэмшиж буй дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина зургаадугаар байрт шалгарсан байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 15:00 цагаас “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болно.

Рапид төрөлд түрүүлсэн Украйны Дарья Ткаченко өнөөдөр болсон блиц төрлөөс хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний үндсэн төрөл маргааш эхлэх бөгөөд 16 шилдэг тамирчин швейцарь системээр "дэлхийн аварга" цолны төлөө өрсөлдөнө. Тэмцээнд ОХУ, БНХАУ, Украйн, Голланд, Монгол зэрэг арван орны шилдэг 16 тамирчин өрсөлдөх юм. Тэдний дунд одоогоор “дэлхийн аварга” цолыг эзэмшигч, дэлхийн таван удаагийн аварга, ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина, дэлхийн 12 удаагийн аварга, Латви улсын тамирчин, олон улсын их мастер Зоя Голубева, дэлхийн дөрвөн удаагийн аварга Украйны их мастер Дарья Ткаченко болон Ази тивийн аваргын мөнгөн медальт, 2012 оны дэлхийн залуучуудын аварга, БНХАУ-ын аварга, олон улсын мастер Ханчин Жао нарын шилдгүүд багтаж байна. Монгол улсаас гурван тамирчин оролцохоос 2012 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер М.Нямжаргал, 2013 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер Э.Мандахнаран болон Азийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний мөнгөн медальт, спортын дэд мастер М.Одгэрэл нарын тамирчид эх орноо төлөөлөн оролцоно.

Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Лaтвийн Рима Данилевичене, туслах шүүгчээр БНХАУ, Украйн, Монгол улсын шүүгч нар ажиллаж байна.

Өнөөдөр болсон блиц төрлийн дүнг хүснэгтээс харна уу.

Тэмцээн аравдугаар сарын 2-15-ны өдрүүдэд “Пума империал” зочид буудлын хурлын танхимд болж байна. Мөн тэмцээний талаарх мэдээллийг www.ulaanbaatar2013.com сайтнаас хүлээн аваарай.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж