“Шонхорын гараа” найман нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

“Шонхорын гараа” найман нас хүрлээ

“Сокол” компанийн нэрэмжит “Шонхорын гараа” үндэсний бөхийн өсвөрийн барилдаан Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо найм дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү барилдаанд тус аймгийн бүх сумдын 180 гаруй идэрчүүд гурван насны ангилалд зодоглов. Барилдааны салхийг 15 насны идэрчүүд хагалсан бөгөөд нэгдүгээр байрт Хайрхан сумын харьяат А.Буяннэмэх, дэд байрт Батцэнгэл сумын А.Сумьяабазар, удаахь байрт дөрөвдүгээр сургуулийн Г.Банзрагч нар шалгарчээ. Үүний араас 15-16 насны идэрчүүдийн барилдаан болоход дөрөвдүгээр сургуулийн Х.Дашцэрэн өөрийн оролцсон ангилалд түрүүлсэн бол хоёрдугаар байрт Т.Лхагвасүрэн, гуравдугаар байрт мөн дөрөвдүгээр сургуулийн Х.Наранцогт шалгарав.

Энэ барилдааны ахлах нас буюу 17-18 насны ангилалд нэгдүгээр сургуулийн А.Мягмаржаргал алтан медаль хүртэж, түүнтэй шигшээ барилдаанд шалгарсан Чулуут сумын Ц.Анхманлай дэд байрт орсон бөгөөд удаахь байрт Цэцэрлэг сумын харьяат Э.Энхцог шалгарчээ. Энэхүү барилдааны уламжлалт “Дайчин бөх”-ийн шагналд дөрөвдүгээр сургуулийн Б.Түвшинсайханыг тодруулсан бол “Уран барилдаант” бөхөөр Батцэнгэл сумын Э.Эрдэнэ-Очир, “Уран гараа, дэвээ”-т бөхөөр Цэнхэр сумын Х.Наранцогт нарыг тодруулжээ. Багийн дүнгээр эцэслэхэд дөрөвдүгээр сургуулийн Д.Дондов дасгалжуулагчтай баг тэргүүлж А.Дарханбат дасгалжуулагчтай Цэнгэл сумын баг дэд байрт шалгарчээ. Дашрамд дуулгахад, медаль хүртсэн тамирчид Сүхбаатар аймагт болж буй үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа билээ.

Б.ЖАВХЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж