Хөрөнгө оруулалтын хуулийн гол өөрчлөлт юу байв?

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын хуулийн гол өөрчлөлт юу байв?

Ээлжит бус чуулганыг дамнан орж ирсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулганаар баталлаа.

Хөрөнгө оруулалтын хуулиар хамгийн эхэнд хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй, нийтлэг эрхзүйн зохицуулалт үйлчлүүлэхээр болжээ. Анх орж ирсэн төслийг хэдэн том хөрөнгө оруулагчдад л таатай боломж олгох хууль гэж шүүмжилж байсан бол хэлэлцүүлэгт оруулснаар энэ шүүмжлээд буй дутагдлыг нэлээд зассан гэдгийг гишүүд онцолж байлаа. Засгийн газраас оруулж ирсэн төсөлд 90 орчим зарчмын зөрүүтэй санал оруулсан ба намын бүлгүүд ажлын хэсэг, байнгын хороод дээр чамгүй хугацаанд ажилласных нь үр дүнд өнгө зүс нь нэлээд өөрчлөгдсөн байна.

Төсөлд “Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчин дээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд дөрвөн төрлийн татварын хувь хэмжээг тогтвортой байлгах” заалт байсан бол энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа нь бүс нутгаас хамааран уян хатан болж.

Тодруулбал, тогтворжуулах гэрчилгээний хугацааг хөрөнгө оруулалтын төслийн үйл ажиллагааны салбар, байршил, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч ялгаатай буюу 5, 8, 10, 15 жилийн хугацаатай олгохоор өөрчлөх, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа хийж дуусгах хугацааг тогтоож өгөх, тогтворжуулах гэрчилгээ олгох эсэх асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Зөвлөл ажиллуулах саналуудыг ч тусгасан байна. Үүнийг хуулийн 16.2-т Тогтворжуулах гэрчилгээг дараах салбарт доор дурдсан хугацаагаар олгоно гэжээ. Гэхдээ энэ нь уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэр, дэд бүтцээс бусад салбарт гэдгээрээ онцлог аж.

Хөрөнгө оруулалтын хэмжээ /тэрбум төгрөгөөр/

Тогтворжуулах хугацаа /жилээр/

Хөрөнгө оруулалтаа хийх, дуусах хугацаа /жилээр/

Улаанбаатар

Төвийн бүс

/Дорноговь, Дундговь, Өмнөговь,

Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Говьсүмбэр/

Хангайн бүс

/Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл,
Орхон/

Зүүн бүс

/Дорнод, Сүхбаатар, Хэнтий/

Баруун бүс

/Баян Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд/

 

 

10-30

5-15

4-12

3-10

2-8

5

2

30-100

15-50

12-40

10-30

8-25

8

3

100-200

50-100

40-80

30-60

25-50

10

4

200-аас

100—аас дээш

80-аас дээш

60-аас дээш

50-аас дээш

15

5

Энэ хууль батлагдсанаар жил гаруйн өмнө баталж байсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүчингүй болохоор байлаа. Энэ нь ч араасаа жилийн өмнө баталсан хуулиа өөрчилж, хүчингүй болгодог тогтворгүй гэх ойлголт төрүүлэхээр байна гэж шүүмжлүүлж байв. Иймд хэлэлцүүлгийн явцад өмнөх хуулийн амин сүнсийг хадгалахаар болсон нь дэмжлэг хүлээж “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тодорхойлолтыг өөрчлөх, уул уурхай, банк, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн 33, түүнээс дээш хувийг гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших бол хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч байх” заалт эргэн ирэв.

МАН-ын бүлгийнхнээс “шинээр татвар бий болгох хуулийн өөрчлөлтөд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийг хамруулахгүй байх” заалтыг нэмж тусгах саналыг гаргасан боловч энэ нь дэмжлэг хүлээсэнгүй. МАН-ын бүлгийн гишүүд тогтворжуулалтын хугацаанд хөрөнгө оруулагчдад шинэ төрлийн татвар гарч ирэх боломж байгааг хэлж, “Хоёр намаас ажлын хэсгийнхэн  сайн ажилласан. Гэхдээ хуучин 68 хувийн татвар гэдэг шиг шинэ татвар гараад ирвэл яах юм бэ. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй тул гэнэт нэг татвар гараад ирэх юм биш үү. Магадгүй санаандгүй шинэ төрлийн татвар бий болох тохиолдолд тогтворжуулалтын гэрээнд хамрагдсан хөрөнгө оруулагчид дахиад л ойлгомжгүй байдалд орно шүү дээ. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг бодоод дараа гарч ирэх шинэ татварыг ч дөрвөн төрлийн татварын адил хуульд багтаах хэрэгтэй”  гэж байв. Гэвч Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын “Та бүхний санаа зовоод байгаа зүйлд хөрөнгө оруулагчид зовоод байгаа зүйл байхгүй шүү дээ. Эдийн засгийн байнгын хороонд бүх намуудын төлөөлөл бий. Бүгдээрээ хэлэлцээд л олонхийн зарчмаар шийдсэн шүү дээ” гэж, олонх ч ингэх шаардлагагүй гэснээр цааш санал хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн төслөө баталсан юм.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, түүнийг дагалдан гарах Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийх шатанд санал хурааж, шийдвэрлэсэн зарчмын болон найруулгын шинжтэй өөрчлөлтүүдийг дараах байдлаар төсөлд тусгажээ. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын санг болон сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэх, түүнд хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх болон хөрөнгө оруулалтын санд үйлчилгээ үзүүлэх үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг төрийн байгууллагын зүгээс тухайн сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд өгөх баталгаа гэж үзэхгүй бөгөөд хөрөнгө оруулалтын сан, түүнд үйлчилгээ үзүүлж байгаа зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны улмаас хөрөнгө оруулалтын сангийн гишүүдэд болон бусдад учирсан хохирлыг төр хариуцахгүй байх зэрэг зарчмын өөрчлөлт, нэмэлтүүдийг төслийн холбогдох зүйл, заалтад тусгасан байна.

Мөн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацааг хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс үл хамаарч 10 хүртэл жил байх, Хөрөнгө оруулалтын сангийн гишүүний бүртгэлийг тухайн санд хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн нэгж эрхийн тухайлсан бүртгэлд үндэслэн хөтлөх, нэгж эрхийн тухайлсан бүртгэлийг тухайн санд үйлчилгээ үзүүлж байгаа кастодиан хөтөлж байх, Хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэлийг менежментийн компани гүйцэтгэх бөгөөд тус компани нь Хороонд бүртгүүлсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрх авсан мэргэшсэн нягтлан бодогчоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх зэрэг өөрчлөлтүүдийг Хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн холбогдох зүйл, заалтуудад үг үсгийн зохих найруулгатайгаар томьёолон тусгасан хэмээн Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төсөлд тусгаснаар Хөрөнгө оруулалтын сан нь хамтын хөрөнгө оруулалтын, хувийн хөрөнгө оруулалтын гэсэн хоёр хэлбэртэй байх нь.

Гишүүд Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуусны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан дээрх хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж