УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы намрын ээлжит хуралдаан өнөөдөр 09.30 цагийн үед эхэлж, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, тэдгээрийг дагалдан гарах зарим хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Мөн “Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан тогтоолын төслийн талаар танилцуулан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл уншиж сонсгосон.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.6-д гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулсан аж. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн санал нэгтэйгээр үзсэн байна. Төсөл санаачлагчийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцогчдын олонхын саналаар тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг нэгдсэн хуралдаан хаалттай горимоор хэлэлцсэний дараа чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж