Ц.Оюундарь: ҮЗХ-г хэзээ ч хуралдуулж болно

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Ц.Оюундарь: ҮЗХ-г хэзээ ч хуралдуулж болно

Ардчилсан нам дотор жигүүр байгуулагдаж, намын дарга Н.Алтанхуягтаа Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/ хуралдуулах, ҮЗХ-ны дүрмийг шинэчлэх зэрэг шаардлага хүргүүлээд буй. Жигүүрийнхэн шаардлагын хариугаа энэ  сарын 5-нд 11.00 цагт зохион байгуулах "Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн" нээлттэй хэлэлцүүлгээс өмнө ирүүлэхийг мэдэгдээд байгаа билээ. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас тодрууллаа.

-АН-ын жигүүрийнхэн ҮЗХ хуралдуулах шаардлага хүргүүлсэн. ҮЗХ хуралдуулах боломжтой юу?

-Ардчилсан нам дотор байгуулагдсан жигүүрийнхэн намын дарга Н.Алтанхуягт шаардлага хүргүүлсэн. Намын даргын зүгээс энэ шаардлагыг хүлээж авч, танилцаж байгаа. Ер нь бол ҮЗХ-г хэзээ ч хуралдуулах боломжтой. Ардчилсан намын ҮЗХ жилд хоёр удаа буюу хавар, намар хуралддаг. Намар нь есөөс арваннэгдүгээр сарын алинд нь байх вэ гэдгийг бид дотроо шийдвэрлэнэ.

-Намын зүгээс шаардлагыг хэрхэн хүлээж авч байна вэ. ҮЗХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах, дүрмээ сахих гэх мэт шаардлага хүргүүлсэн байсан?

-АН үндсэн дүрмээ өөрчлөх талаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ярьж байгаа. Өмнө нь хэд хэдэн удаа хэлэлцүүлсэн. Дүрэм учир дутагдалтай байна, өөрчлөлт оруулах ёстой гэдгийг ярьж байгаа. Өнөөдрийн улстөрийн орчин, Улстөрийн намуудын тухай хууль манай шинэ дүрэмд хэрхэн нийцэх вэ гэдгийг харах хэрэгтэй. Тиймээс  УИХ-аар Улстөрийн намуудын тухай хуулийг хэлэлцэх хүртэл түр хойшлуулъя гэсэн байр суурьтай байгаа. Жигүүрийнхний тавьж байгаа шаардлага бол зөв. Учир нь үндсэн дүрмээ баримтлах ёстой, алдаатай ч гэсэн дүрмээ сахих ёстой.

-Жигүүрийн зүгээс Засгийн газрын зарим сайд нарт хариуцлага тооцох ёстой гэсэн яриа байна. Энэ нь олон нийтэд АН дотор хагарал явагдаад байна гэх хардлага төрүүлж байна?

-Хагарал гэхээс  илүү цаг үе эрт байгаа дээр алдаа гарсан бол дор нь засаад явъя гэсэн шаардлага байна гэж харж байгаа. Албан тушаал дээр байгаа хүн насаараа суухгүй, хэрвээ тэр хүн алдаа гаргавал хариуцлагаа хүлээх ёстой. Алдаа гаргасан эсэхэд дүн тавих цаг болсон уу, үгүй юү гэдэгт гол асуудал байгаа юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж