Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх цаг болсон

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх цаг болсон

Сургуулийн өмнөх боловсролын чанарын  шинэчлэлийг хэрэгжүүлэх асуудлаар мэргэжлийн хүмүүс өнөөдөр уулзалдаж зөвлөлдлөө.

Өдгөө сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэг нь  хүүхдийг саатуулж асрахаас төдийлөн хэтрэхгүй байна. Тиймээс  хүүхэд нэг бүрийн хөгжлийн үндсийг сургуулийн өмнөх насанд нь тавьж өгснөөр цаашдаа бие даан суралцах, төлөвшсөн иргэн болно гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа. Энэ үеэр сургуулийн өмнөх болон бага боловсролын шинэчлэлийн менежментийн багийн ахлагч Д.Мөнхжаргал “Шинэчлэлийн багийн ажилтнууд уламжлал нэрийдлээр хуучин зүйлээ хуулаад байвал юу ч шинэчлэгдэхгүй. Одоогийн цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр нь хэт хичээлжсэн, шинжлэх ухаанжсан энэ  байдлыг халах цаг болсон. Үүнийг өөрчлөх үүднээс хичээлжсэн сургалтын хөтөлбөрийг өөрчлөх ажил хийгээд зарим цэцэрлэгүүдэд туршилт явуулж байна. Үр дүнд хүрнэ” гэдгийг онцлов. Энэ үеэр Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх багийн ахлагч Н. Норжхорлоогоос зарим зүйлийг тодруулаа.

-Өнөөдрийн уулзалтаараа та бүхэн Сургуулийн өмнөх боловсролд тулгамдаад буй ямар асуудлыг шийдвэрлэх вэ. Эндээс гарах үр дүн нь юу юм бол?

-Өнөөдрийн уулзалтад Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа, энэ салбарт сэтгэл зүрхээ зориулж явдаг олон хүмүүс ирж, сургуулийн өмнөх боловсролын чанарыг хэрхэн сайжруулах  талаар ярилцаж байна. Өнгөрсөн хичээлийн жилийн төгсгөлд бид  нийслэлийн дөрвөн  цэцэрлэгт түр зөвлөн туслах үйл ажиллагаа явуулсан. Цэцэрлэгт явагдаж байгаа үйл ажиллагааг өөрчилж шинэчлэхийн тулд  хүүхдүүдэд төдийгүй багш нарт боломж олгохыг зорьсон. Энэ хүрээнд цэцэрлэг тус бүр  өөрсдийнхөө үйл ажиллгагааг хүүхэд нэг бүрт яаж хүргэх вэ гэдгийг  өөр  өөр өнцгөөс харж ажилласан. Тус  үйл ажиллагаатай холбоотой бид  хичээлийн шинэ  жил эхлэхийн өмнөСургуулийн өмнөх боловсролын бодлогын баримт  бичгийг өөрчлөх  шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд шинээр боловсруулан батлуулаад байна. Одоо энэхүү  бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхтэй холбогдсон  нэлээд  олон ажил хийгдэх ёстой. Тиймээс сургуулийн өмнөх боловсролыг шинэчлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлэхээр “Сургалтын стандарт хөтөлбөр, үнэлгээний системийг боловсронгуй болгох баг”, “Сургуулийн өмнөх боловсролын орчныг сайжруулах, чадавхийг нэмэгдүүлэх баг”,” Байгууллага өөрийнхөө үйл ажиллагааг  бие дааж  хэрхэн авч явахыг чиглүүлэх баг”-ууд ажилдаа ороод байна. Бидний энэ ажлын цаана хүүхэд болгон өөрийнхөө хэмнэлээр, өөрийнхөө хэмжээнд хөгжөөсэй гэсэн зорилго байгаа юм. Хүүхэд бүхэн  бага насаа аз жаргалтай  өнгөрөөж, суралцах, хүсэл эрмэлзэл агуулсан идэвхитэй иргэн болох суурь дэвсгэр олж аваасай гэсэн эцсийн зорилго тавиад ажиллаж байна.

-Туршилт явуулсан дөрвөн цэцэрлэгт ямар өөрчлөлт, үр дүн гарав?

-Ерөнхийдөө хүний тогтсон  хандлага, арга барилыг өөрчлөх нэлээд бэрхшээлтэй.  Түргэн өөрчлөгддөггүй хэцүү зүйл шиг байгаа юм. Материаллаг зүйл бол салгаад тавьчихна гэхсэн.  Хүний толгойд байгаа зүйлийг өөрчилнө  гэдэг үнэхээр амаргүй. Гэхдээ туршилтаар сургалтаа явуулсан 4 цэцэрлэгт хүүхэд бүрээ хөгжүүлэх, орчноо бүрдүүлэх,  багш болгон хүүхдээ дагаж ажиллах талаасаа их өөрчлөгдсөн.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж