Тэтгэврийн даатгалын санд бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн даатгалын санд бүртгүүлжээ

АЖИЛЛАСАН ЖИЛ, ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛД УЛСЫН ХЭМЖЭЭНД 483,8 МЯНГАН ИРГЭН НӨХӨН ТООЦУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөрт “1990-1995 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсныг ажилласнаар нөхөн тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэх” зорилт тусгагдсан.

   Тиймээс Улсын Их Хурлаас 2012 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг батлан гаргаснаар иргэдийн 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцож, 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг нь тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцож нөхөн төлсөнд тооцуулах боломжтой болсон юм.

   Хуулийн хэрэгжилтийн хүрээнд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэх үйл ажиллагааг 2012 оны 11 дүгээр сарын 15-наас 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд орон даяар зохион байгуулж ажиллаа.

Хуулийн хэрэгжилт дуусгавар болж буйтай холбогдуулан ХАХНХ-аас хэвлэлийн бага хурал зохион байгуулж, улсын хэмжээнд хичнээн иргэн энэхүү хуульд хамрагдсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Хуралд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан болон албаны бусад хүмүүс оролцсон.

   Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 483,8 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлт гаргасан бөгөөд тэдгээрийн 24 хувь нь 5 хүртэл жилээр, 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлэх боломжтой болов. Эдгээр иргэдийн 45,6 хувь нь эрэгтэйчүүд, 54,4 хувь нь эмэгтэйчүүд байна.

   Мөн нийт бүртгүүлсэн иргэдийн 27,5 хувь нь 40 хүртэлх насны иргэд 60 хувь нь 40-55 насны иргэд, 12,5 хувь нь 55-аас дээш насны иргэд бөгөөд 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлд 31,1 тэрбум төгрөгийг иргэдээс тэтгэврийн даатгалын санд нөхөн төлөх тооцоотой байгаа юм.

   Эдгээр иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос эхлэн тооцож олгоно.

Эх сурвалж: http://zasag.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж