Мөнгөн усны тухай конвенцид нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Мөнгөн усны тухай конвенцид нэгдэнэ

УИХ-ын  Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо өнөөдөр 
хуралдаж, "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын
тогтоолын төсөл,  “Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк
Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг
улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн эх бичвэрт гарын үсэг зурах
тухай  асуудлыг хэлэлцлээ.

Мөнгөн усны тухай Минаматагийн
конвенцийн эх бичвэрт гарын үсэг зурах тухай асуудал өнгөрсөн  долоо 
хоногт  Засгийн  газрын бямба гаригийн хуралдаанаар хэлэлцэгдэж 
холбогдох байнгын хороотой зөвшилцсөний дараа гарын үсэг зурах эрх
олгохоор болсон юм. Тэгвэл өнөөдөр уг  асуудлыг хэлэлцэн, байнгын
хорооны гишүүд  бичвэрт гарын  үсэг зурахыг дэмжлээ.  Гэхдээ олон улсын
гэрээнд нэгдэж байгаа учир үүргээ хүлээхийн тулд тодорхой бодлого 
гаргаж, бэлтгэл хангах  шаардлагатайг сануулсан юм.

Монгол Улс  алт
олборлоход  мөнгөн ус хэрэглэхийг хуулиараа хориглосон хэдий ч далд
байдалд шилжиж , мөнгөн ус алдагдах тохиолдол гарсаар  байгаа.
Конвенцид  нэгдсэнээр   2020 он хүртэл үе шаттай энэ  байдалтай тэмцэж,
үр дүнд хүрнэ гэж С.Оюун сайд  онцолсон юм. Энэ үеэр мөнгөн усыг
хяналттай хэрэглэх, өөр зүйлээр  орлуулан хэрэглэх  талаар  тодорхой
саналууд гарсан. Харин салбарын сайд  мөнгөн усыг хяналттай хэрэглэсэн ч
хортой учир хориглосон чигээрээ явах нь зөв гэж үзэж байгаа аж. Харин
эх бичвэрт  гарын үсэг  зурж, соёрхон батлахын  өмнө мөнгөн усны хор
хөнөөлийг олон нийтэд сурталчлах зэрэг гишүүдийн  саналыг тусгахаар
даалгавар авлаа.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж