Эрчим хүчний салбарыг “хөлд оруулах” ажлаа дүгнэв | News.MN

Эрчим хүчний салбарыг “хөлд оруулах” ажлаа дүгнэв

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарыг “хөлд оруулах” ажлаа дүгнэв

Эрчим хүч бол улс орны хөгжлийн гол салбар. Эрчим хүч, дулаангүйгээр эдийн засаг өсөж, улс орон хөгжих боломжгүй. Манай эрчим хүч, дулааны үйлдвэрлэл өсөн нэмэгдэж буй хэрэглээг арай ядан хангаж байна. Ер нь сүүлийн жилүүдэд манай эрчим хүч, дулаан үйлдвэрлэл, энэ салбарынхан дээсэн дөрөөн дээр дэнжигнэж ирлээ гэхэд хол зөрөхгүй. Жишээлбэл аливаа улс орон цахилгаан, дулааны 10-20 хувийн нөөцтэй байх ёстой гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Гэтэл бид эрчим хүч, дулаанаа нөөцлөх нь бүү хэл хэрэглээндээ арай ядан хүргэж, эрчим хүч импортолж байна. Ийм л хүнд байдалтай байгаа салбарын бодлогыг хэрэгжүүлж буй Эрчим хүчний яамныхан өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар өчигдөр мэдээлэл өглөө.

Энэ жил Эрчим хүчний яамнаас дутагдаж буй эрчим хүчний үйлд­вэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллажээ. Энэ хүрээнд хэдэн том төслийг хэрэгжүүлсэн байна. Ту­хайлбал Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Салхит ууланд 50 мВт-ын чадалтай салхин цахилгаан станцыг энэ оны зургаадугаар са­рын 20-ны өдөр ашиглалтанд оруул­сан. Одоогийн байдлаар Сал­хит цахилгаан станц 30 гаруй мВт-ын эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлж 50 орчим мянган айлыг эрчим хүчээр хангаж байна. Сэргээгдэх эрчим хүчээр баялаг манай орны хувьд цаашид нар, салхины эрчим хүчийг ашиглаж дутагдаж буй хэрэглээг нөхөх боломжтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа.

Гурав, дөрвөн Засгийн газар дамжиж 10 гаруй жилийн нүүр үзэж байгаа тавдугаар цахилгаан стан­цын ажлыг энэ жил эхлүүллээ. Өн­гөр­сөн хугацаанд найман удаа байршлыг нь сольж газрын асууд­лыг нь эцэслэн шийдвэрлэж ча­дах­гүй байсан энэ станцыг Хөл­гийн голын хөндийд барих шийд­вэр гарсан. Тус цахилгаан стан­цын гүйцэтгэгчээр “Жи ди Эф Суэз”, “Сожитц корпораци”, “Поско энержи”, “Ньюком” ХХК ком­паниудаас бүрдсэн консерциум шалгараад байна. Тус консерциум концессын гэрээний дагуу 25 жи­лийн дараа 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг манай улсад хүлээлгэн өгөх юм. Ирэх онд ажлаа эхлүүлэх цахилгаан станцыг 3.5 жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Шинэ цахилгаан станцыг барих гэж олон жилийн хугацаа алдсан боловч одоо барих газар болон гүйцэтгэгч компаниудыг тодруулсан учраас төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно гэдгийг салбарынхан хэлж байна. Ийнхүү тавдугаар цахилгаан станц ашиглалтад орж манай орны эрчим хүчний системд 450 мВт-ын эрчим хүч нийлүүлээд эхэлбэл эрчим хүчний дутагдлаас эмээх шаардлагагүй болох аж.

Эрчим хүчний яам тавдугаар цахилгаан станц ашиглалтад оро­хоос өмнө цахилгаан, дулааны хэрэг­лээг хангахын тулд гурав бо­лон дөрөвдүгээр цахилгаан стан­цыг өргөтгөж байна. Тухайлбал дө­рөвдүгээр цахилгаан станцыг 100 мВт цахилгаан болон, 180 Гкал-ын дулаанаар нэмэгдүүлж байгаа юм. Энэ ажил ирэх оны гуравдугаар улиралд дуусах гэнэ. Харин гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх ажил энэ ондоо багтан дуусах бөгөөд Энэ мэтчлэн шинэ цахилгаан станц ашиглалтад орохоос өмнө байгаа нөөцөө нэмэгдүүлэх ажил үргэлжилж байгаа юм байна. Үүнээс гадна Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон ордуудад түшиглэсэн том чадлын цахилгаан станцыг барих ажил урагштай байгаа аж. Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станц 2017 онд ашиглалтад орох бөгөөд одоогийн байдлаар энэ төсөлд оролцох сонирхлоо Япон, БНСУ, АНУ, ХБНГУ, Чех, БНХАУ-ын 10 консерциум илэрхийлсэн аж.  Эрчим хүчний салбарт энэ мэтчлэн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Үүнээс гадны дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажиллаж байгааг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэллээ. Мөн Эрчим хүчний яам энэ жилийг эрчим хүчний хэмнэлтийн жил болгон зарласан. Эрчим хүчний салбарынхан дотооддоо хэмнэлтийг эхлүүлснээр зөвхөн сүүлийн хагас жилд 222 сая төгрөг хэмнэсэн тооцоо гарчээ. Энэ мэтчлэн унаж босон байгаа эрчим хүчний салбараа “хөлд оруулах” гарааны жилийн ажлаа дүгнэлээ.

Н.САНЖААСҮРЭН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-02 211.172.15.13

hemnelt gej neeree chuhal um bn shuu ajil ni ovoo l bgaa um shig bn amjilt husye

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж