“Ээнтрэ Гоулд” хувь эзэмшиж байсныг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

“Ээнтрэ Гоулд” хувь эзэмшиж байсныг тогтоожээ

“Оюутолгой” компанийн Мон­голын талын ТУЗ-ийн гурван гишүүн Английн Лондон хотод есдүгээр сарын 23-27-нд болсон хувь нийлүүлэгчдийн уулзалтад оролцоод ирэв. Тэд өчигдөр уулзалттай холбоотой зарим ши­нэ мэдээллүүдийг өгсөн юм.

ҮЛДСЭН 15 АСУУДЛЫГ МОНГОЛД ИРЖ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЖЭЭ

Монголын талаас Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн уулзалтад 22 асуудал тавьсан байна. Харин нөгөө талаас найман асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон аж. Гэтэл хугацаа давчуу, судлах ёстой ажил их байсан учраас хоёр талаас хөндсөн 15-ыг нь хэлэлцээрээр шийдвэрлэсэн гэнэ. Иймээс үлдсэн 15-ыг нь Монголд ирж хэлэлцэх бөгөөд энэ сарын 7-ноос хэлэлцээр үргэлжлэхийг тэд онцоллоо. Монголын талаас Оюутолгойн ордод эзэмших хувиа нэмэгдүүлэх хүсэлт тавина гэж байсан ч манайхан Лондонд очоод бараг ам нээгээгүй бололтой. Учир нь энэ удаад эзэмших хувь хэмжээнээс илүүтэйгээр II шатны хөрөнгө оруулалтыг олох гарц чухал байжээ.

Ч.ОТГОЧУЛУУ: ХОЁР ТАЛ НЭГ НЭГНЭЭ ХАРДСАН
БАЙДАЛТАЙ БАЙНА

Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу дараах зүйлийг ярьсан юм.

-Ямартай ч бид хувь нийлүүлэгчидтэй уулзаад, ажлаа зохих хэмжээнд амжилттай бүтээгээд ирлээ. Оюутолгой төсөл гурван жил үргэлжилсэн маш том төсөл. Нөгөөтэйгүүр өмнөх ТУЗ-ийн гишүүд сайн ажилласан гэдгийг хэлмээр байна. Гэхдээ далд уурхайн нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор зарим нэг асуудал үүсээд байгаа. Бид эхлээд нэгдүгээр үе шатаа сайтар дүгнэчихье. Дараа нь түүн дээрээ үндэслээд хоёрдугаар шат руугаа оръё. Түүнчлэн нэг зүйлийг онцлоход Монголын талд оногдож буй үр өгөөж ямар нэгэн байдлаар анх байснаасаа буурах ёсгүй гэх хатуу байр суурьтай байгаа. Мөн хоёр тал бие биенийгээ хардсан, сэрдсэн байдалтай байна. Бизнес эрхэлж буй хойно ямар нэгэн байдлаар нууцаар илүү орлого төвлөрүүлэх байдал гардаг гэдэг үүднээс гэх үү дээ.

Лондонд шийдвэрлэсэн гол асуудлууд нь Оюутолгойн бүлэг ордод хамаарах  тусгай зөвшөөрөл гуравдагч этгээдийн нэр дээр байгаа асуудлыг нэг тийш нь цэгцэлж Оюутолгой компанийн нэр дээр шилжүүлэхээр болсон. Ингэснээр Монголын талд өгөх үр өгөөж нь дээшилж,  төсөл хэрэгжих хугацаанд манай талд оногдох ногдол ашиг 1.4 тэрбум ам.доллараар өсөх бололцоо бүрдэх юм. Мөн шийдвэрлэгдээгүй үлдсэн асуудлаа шийдэхээр хоёр тал гурван ажлын хэсэг байгууллаа. Нэгдүгээр ажлын хэсгийнхэн Оюутолгойн эхний ээлжийн хөрөнгө оруулалтын зардал юунаас болоод, яагаад хэтэрсэн бэ гэдгийг судална. Төслийн зардал анхны гэрээнд тусгаснаас хоёр тэрбум ам.доллараар нэмэгдсэн асуудлыг шалгуулахаар Монголын Засгийн газар болон, хөрөнгө оруулагч “Рио-Тинто” компани тус тусдаа олон улсын аудитын шалгалт оруулсан. Хоёр дахь ажлын хэсгийнхэн Оюутолгойн бүлэг ордын  геологийн нөөцийг тогтоох, ТЭЗҮ-ийг хэлэлцэнэ. Харин гурав дахь нь далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой нэмэлт санхүүжилтийг ярилцана. Үнэндээ зарим нэг үл ойлголцлыг цэгцлэнэ гэсэн үг.

ЗЭСИЙН ҮНЭ УНАХ УЧРААС БОЛГООМЖТОЙ ХАНДАХЫГ ЗӨВЛӨЖЭЭ

Ч.Отгочулуу даргын дээр дурьдсан Оюутолгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөл эзэмшигч гуравдагч этгээд гэдгийг тодруулбал “Онтрэ гоулд” (Eentre gold) гэх компани аж. Тус ордын алт, молибден, хүдрийн нөөцийн 70-80 хувийг эзэмшдэг гэнэ. Энэ компанид олгосон тусгай зөвшөөрөл манай улсын холбогдох хууль, тогтоомжийг зөрчин байж олгосон байсныг Уул уурхайн яамныхан илрүүлсэн байдаг.

Нөгөөтэйгүүр “Рио Тинто”-ийнхон Монголын талд “Зэсийн үнэ ойрын тав, зургаан жилд олон улсын металлын зах зээл дээр унах төлөвтэй байгаа” гэжээ. Учир нь Афганистанд манай Оюутолгойн зэсийн ордтой энэ дүйцэхүйц том орд илэрсэн аж. Түүнчлэн Мозанбик, Чили зэрэг улсууд дахь ийм хэмжээний зэсийн ордуудыг ашиглалтад оруулаад ирэхээр зэсийн үнэ унах хандлагатай байгааг металлын үнийн шинжээчид хэлж буй гэнэ. Тиймээс зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр буурчихвал аль аль талдаа ашиг багатай байх болно гэдгийг хөрөнгө оруулагч талынхан онцолжээ. Мэдээж хэрэг компанийн үйл ажиллагаанаас үл хамаарах сөрөг хандлагыг сөрөхийн тулд бүтээн байгуулалтын ажлаа түргэсгэж, баяжмалынхаа экспортлох хэмжээг өсгөх саналыг Монголын талд тавьсан байна. ТУЗ-ийнхөн ямартай ч эл асуудлыг судлаад ашигтай гэж үзвэл нааштай хариу өгөх гэнэ.

Г.ТЭМҮҮЛЭН: ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ АСУУДАЛ ХОЁР ДАХИН БАГАСЛАА

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэнгийн байр суурийг мөн сонссон юм.

-Хөрөнгө оруулагч талтай нэгдсэн ойлголцолд хүрэх асуудлууд үлдлээ. Дашрамд хэлэхэд хоёр талын шийдвэрлэх ёстой асуудал хоёр дахин багасаж чадлаа. Талуудаас гарсан ажлын хэсгийнхэн зөрүүтэй байгаа асуудлуудыг шийдвэрлэх учиртай. Түүнээс гадна төслийн хэтэрсэн зардал гэдгийг тэд хоёр талаас тулгаж нягтлана. Мөн ТЭЗҮ болон геологийн нөөцийг эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлж, бүртгүүлэх ажлыг хийнэ. Дараагаар нь төслийн нэмэлт санхүүжилтийг эргэж харах, яах вэ гэдгийг судлах юм. Хоёр талын яриа хэлэлцээр энэ сарын 7-нд Улаанбаатар хотод болно. Ямарч байсан зарчмын болон ойлголцлын зөрүүг арилгахын төлөө бид өдөр, шөнөгүй ажиллаж байна.

Л.БААТАРХҮҮ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж