Улстөрчдийн популизм эдийн засгаа элэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн популизм эдийн засгаа элэгдэнэ

Улстөрчдийн хууль бус үйлдлүүд нийгмийн ёс зүйг эвдэж байгаатай зэрэг­­цээд хийрхсэн популист амлалт, байр суурь нь эдийн засгаа хорлодгийн хамгийн тод жишээ нь өнгөрсөн дөрвөн жилд хавтгайруулан тараасан халамж. Хүн бүр сар тутам авсан 20 мянган төгрөгөө мартчихаад байхад хохирол нь дөнгөж эхэлж байна. Экспортод гаргадаг гол түүхий эд нүүрсээ олборлохоосоо өмнө урьдчилаад зарчихсан, Оюутолгойн уурхай баригдаж дуусаагүй байхад баялгийг нь барьцаалаад мөнгө авчихсан.

Нийтдээ таван тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг дөрвөн жилд гурван саяулаа хуваагаад идчихсэн хэрэг. Тав дахь жил дээр нь бонд гаргаж, таван тэрбум ам.долларын зээл босгосныхоо 1.5 тэр­бумыг нь хэрэглээд дуусгаж байна, хэзээ нэг өдөр гурван саяулаа төлж эхэлнэ.

“Их идсэний маргааш” нь бай­гуу­лагдсан Засгийн газар найман хувийн хүүтэй зээлийг зах зээлд гар­галаа. Эх үүсвэр нь хязгаартай ч эрэлт нь хэд дахин давсан орон сууцны хямд зээл хаана хүрч, хэнийг дампууралд хүргэж байж зогсохыг бүү мэд. Эх үүсвэр нь хомсдож байгаа учраас эрэлтийг нь сааруулах үүднээс зарим нэр бүхий банк зээлийн урьдчилгааг нэмэв. Энэ бол “банкны шунал” биш, эдийн засгийн “далд гар” өөрийн шударга зохицуулалтаа хийж эхэлсэн хэрэг байлаа. Харин тэргүүн “поп” сайд тас загнаад зогсоочихов. Нэг муу жижиг банк байж, Засгийн газрын бодлогын эсрэг зогслоо гэх утга­­тай мэдэгдэл хийж, “ичиг ичиг” болгов. Эдийн засгийн зарчмаар эрүүл саруулаар өрнөдөг бизнес Монголд удахгүй үгүй болно. Бүх бизнес попу­лизмыг хэрэгжүүлэх агуу амлалтын золиос болно. Эрэлт, нийлүүлэлтийн зарч­­маар үнэ нь тогтдог бараа гэж байх­­гүй, дунд нь “үнэ тогтворжуулах хөтөлбөр” зохицуулалтыг нь хийх бол­но. Энэ янзаараа бол. Үүнд нь иргэд нь дасч, дадаж, эрх хүүхдийн аашаар “эцэг” болсон төрөөсөө “үнэ барих” шаардлагыг үргэлж тавих болно. Болно ч гэж дээ, болчихлоо. Нийгмээ хууль ёс, ёс суртахуун, үнэлэмжгүй болгосон дээрээ эдийн засгаа эрүүл зүй тогтолгүй болгож эцэстээ эмхлэгдэх аргагүй хаос үүсгэлээ.

З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж