Оросууд цолоо хамгаалж, дэлхийн хошой аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Оросууд цолоо хамгаалж, дэлхийн хошой аварга боллоо

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос зохион байгуулдаг элсний хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 18-29-нд Таити улсад боллоо.

17 дахь удаагаа болсон тус тэмцээнд Ази тивээс Иран, Япон, АНЭУ, Африкаас Кот д`Иваур, Сенегал, Европоос Нидерланд, ОХУ, Испани, Украин, Хойд Америкаас Сальвадор, АНУ, Өмнөд Америкаас Бразил, Аргентин, Парагвай, далайн орнуудаас зохион байгуулагч орон Таити гэсэн шилдэг 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм. 2011 оны дэлхийн аварга, ОХУ-ын элсний хөлбөмбөгчид шигшээ тоглолтод Испанийн шигшээ багийг 5:1-ээр буулган авснаар дэлхийн хошой аварга боллоо. Харин элсний хөлбөмбөгийн эх орон Бразилчууд хүрэл медалийн төлөө талбайн эзэн Таититай үндсэн цагт 7:7-ээр тэнцсэн бөгөөд торгуулийн цохилтоор ялалт байгуулжээ. ОХУ-ын шигшээ багийн довтлогч Дмитрий Ширшин өрсөлдөгчийнхөө хаалганд нийт 11 бөмбөгөөр мялаасан амжилтаар тэмцээний мэргэн буучаар тодров. Харин алтан бөмбөгийн эзнээр Бразилийн Хавьер Бруно тодорсон бол мөнгөн бөмбөгийг Японы Озү Морейра, хүрэл бөмбөг цомыг эзэн орны Раймана Ли Фунг Куе нар гардлаа. ДАШТ-ий медалийн төлөөх тоглолтын тоймыг хүргэе.

    Хүрэл медалийн төлөөх тоглолт

Бразил – Таити 7:7 (1:0)

Гоол: Ли Фунг Куээ 1 (0:1), Бруно Шавьер 7 (1:1), Даниэль 12 (2:1), Андре 12 (3:1), Амау12 (3:2), Эудин 14 (4:2), 19 (5:2), Тайаруи 21 (5:3),Ли Фунг Куээ 24 (5:4), Жоржиньо 24 (6:4), Беннетт 33 (6:5),Тайаруи 35 (6:6), Бруно 39 (7:6), Беннетт 39 (7:7)

Элсний хөлбөмбөгийн ДАШТ-д өмнө нь 16 удаа болоход 13-т нь (ОХУ, Португал, Франц тус бүр нэг удаа аваргалсан) түрүүлсэнБразилчуудыг Таитид зөвхөн аварга болно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байв. 2001 оны ДАШТ-д дөрөвдүгээр байрт орж, медалийн гадна үлдэж байсан, элсний хөлбөмбөгийн эх орныхон хоёр дахь удаагаа медальгүй буцах дөхлөө. Тэдний өрсөлдөгч 267 мянган хүн амтай, бяцхан Таитигийн хөлбөмбөгчид “Гэрийн нохойн сүүл өөдөө” гэгчээр хүрэл медаль хүртэхэд ганц хуруу дутлаа. ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцож буй тэд хэсэгтээ нэг хожил, төдий тооны тэнцээ, нэжгээд хожигдолтой, дөрвөн оноотой зовж байж, хоёрдугаар байраар гарч, хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болсон. Харин шөвгийн наймд Аргентинийг 6:1-ээр бут ниргэж, хагас шигшээд цолоо хамгаалагч Оросуудад 3:5-аар хожигдсон юм. Тэгвэл хүрэл медалийн төлөө элсний хөлбөмбөгийн эх орон Бразилийн шигшээ багтай тун нээлттэй тоглолтыг үзүүлж, үндсэн цагт 7:7-оор тэнцсэн. Харин ялагчийг торгуулийн цохилтоор шийдэх болоход Бразилийн Жоржиньо пенальтиа амжилттай болгосноор хүрэл медалийн эзэн боллоо.

    Шигшээ тоглолт

ОХУ – Испани 5:1

Гоол: Шкарин 13 (1:0), Романов 15 (2:0), Крашенинников 18 (3:0), Льоренс 24 (3:1), Крашенинников 31 (4:1), Шишин 36 (5:1)

Хоёр жилийн өмнө Италид болсон ДАШТ-ий алтан медалийн төлөөх тоглолтод Бразилийн шигшээ багийг 12:8-аар буулган авч, дуулиантай аварга болсон “Ах нар” өмнөх амжилт тохиолдлынх байгаагүй гэдгээ харуулж, хоёр дахь удаагаа финалд шалгарсан. Тэдэнтэй финалд Бразилийн шигшээ багийг үлдэнэ хэмээн хөлбөмбөг сонирхогчид бодож байсан байх. Тэгвэл Испанийн шигшээ баг тэднийг хагас шигшээд 2:1-ээр хожсоноор гурав (өмнө нь 2003, 2004 онд мөнгөн медаль хүртсэн) дахиа финалд шалгарсан. Шигшээ тоглолт Папеэте арлын “Тахуа Тоата” цэнгэлдэх хүрээлэнд болж, ОХУ-ын хөлбөмбөгчид Принейн хойгийн залуусыг 5:1-ээр буулган авснаар цолоо хамгаалж, дэлхийн хошой аварга боллоо. Оросууд эхний үед гурван бөмбөг дараалан оруулж, тоглолтын хувь заяаг үндсэндээ шийдсэн юм.

Б.БАТ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж